Ил гарсан баримт бичгүүд дайны үнэн түүхийг харуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Ил гарсан баримт бичгүүд дайны үнэн түүхийг харуулж байна

Асуудалтай зүйлсийг ил гаргаж шүгэл үлээгч вэбсайтын олонд ил болгосон асар их бичиг баримтуудыг дэлхий даяарх сэтгүүлчид, ажиглагч нар даваа гаригт хянамгай үзэж эхэлсэн байна. Эдгээр баримт бичгүүдэд Афганистанд есөн жил үргэлжилж буй дайны аймшигт явдлуудыг нарийн, дэлгэрэнгүйгээр өгүүлжээ. Шүгэл үлээгч “WikiLeaks.org” вэбсайт ням гаригт 75,000 гаруй бичиг баримт вэб хуудсандаа нийтэлсэн. Эдгээр бичиг баримтууд 100 гаруй төрөл чиглэлээр ангилагдаж байгаа бөгөөд 2004 оноос 2010 оны нэгдүгээр сарын хоорондох бичиг баримт байв. Олон арван мянган хуудас тайлангуудад АНУ-ын цэргүүд рүү довтолсон, цэргүүдийн хариу үйлдэл, талбар дээр байгаа Америкчуудын хоорондын харилцаа, Афган түншүүдтэйгээ харилцаж байгаа байдал, Афганы иргэд болон аюулгүйн албаныхантай шөргөөцөлдөж муудалцсан явдлууд, хөрш зэргэлдээ Пакистан улсын Талибанчуудтай холбоотой байдал зэргийн тухай өгүүлсэн байна.

“Шууд гал” ангилал нь хамгийн том бөгөөд үүнд 16,293 тайлан байсан бөгөөд “граффити”, “дээрэм”, “мансууруулах бодис”, “аюул занал” гэх мэт тусдаа ангилалуудтай байна. Үүнээс гадна 15,000 хуудас бичиг баримт байгаа ба хүмүүсийг хамгаалахын тулд нэрсийг нь өөрчлөөд вэбдээ хэвлэх болно гэж тус вэбсайтыг үндэслэгч Жулиан Ассанже ярьжээ.

“CNN” агентлагийн “Larry King Live” нэвтрүүлэгт оролцохдоо тэрээр уг баримт бичгүүдэд дайны зургаан жилийн үйл явцын тухай бүрэн мэдээлэл байгаа бөгөөд хэдэн хүн гэмтсэн, нас барсан, аюул занал, Афганы удирдагч нар, АНУ-ын цэргийн коммандлагч нарын хоорондын уулзалтууд зэрэг нарийн мэдээлэл, тайлангууд байгаа гэж ярьжээ. “Бид хэн, хаана, юу, хэзээ, хаана ямар довтолгоонд орсныг харж байна”. Ингэснээр энэ нь АНУ-ын цэргүүд болон Талибанчууд хэмээх 2001 оноос хойш АНУ-ын цэргүүдийн эсрэг байлдаж байгаа Исламын зэвсэгт бүлгийн үйлдсэн дайны гэмт хэргүүдийн талаарх баримт цуглаж байж болзошгүй гэж тэр ярьсан.

Түүнчлэн зарим тайлангууд “маш сэжигтэй”, тухайлбал зарим үйл явдлын үед маш олон хүн алагдсан ч хэнийг ч амьдаар нь олзлоогүй, хэн ч шархтаж үлдээгүй явдлуудын талаар өгүүлсэн байв. “Эцэст нь хэлэхэд, хэрвээ шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тогтоохыг хүсвэл судлах баримт ихтэй болж байна. Энэ бичиг баримт хэнийг ч сарнай шиг үнэртэй биш гэдгийг харуулах болно, тэр дундаа Талибанчуудыг”  гэж тэр тэмдэглэсэн.

Эдгээр баримт бичгүүд жинхэнэ эх хувь нь гэдгийг “CNN” агентлаг нотлоогүй. Цагаан ордон эдгээр баримт бичгийг ил болгосныг “холбооны хууль зөрчсөн явдал” гэж буруушаасан бөгөөд мөн түүнийхээ хамт “эдгээр нь хуучирсан мэдээлэл шиг хуучин зүйл” гэж ач холбогдлыг нь бууруулахыг оролдсон. Гэсэн хэдий ч АНУ-ын засгийн газрын чухам хаанаас нь ийнхүү бичиг баримт алдагдсаныг тодруулах мөрдөн шалгах үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн гэж Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс сэтгүүлчдэд ярьсан.

Тайлангуудад хэлц, мэргэжлийн үг хэллэг их хэрэглсэн байв. Тухайлбал 2005 оны 9 сарын 4-нд болсон үйл явдлын тухай нэг тайланд: “Пакистаны О [офицер] АҮА [Афганы Үндэсний Армийг] ПЦ [Пакистаны цэрэгт] FB Lwara [Firebase Lwara, АНУ-ын цэргийн бааз] 12 км ойртож очино гэж заналхийлсэн…” гэх мэтээр бичсэн байв. Үүнийг энгийн хүн уншаад ойлгохооргүй бөгөөд ядаж бүтэн өгүүлбэр ч биш.

“WikiLeaks” АНУ-ын Тусгай Хүчин болон Тагнуулын Төв Газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ил болгоогүй, гэхдээ дайны төрхийг харуулсан бичиг баримтуудыг ил гаргасан гэж ярьсан. “Өмнө нь бид эдгээр хувь хүмүүсийн үхлийг тухай бүрт нь нарийн мэддэггүй байсан. Сталины хэлсэнчлэн Нэг хүний үхэл эмгэнэлт явдал, харин сая хүний үхэл ердөө статистик. Бид өмнө нь статистик харж байсан” гэж тэр ярьжээ. Бичиг баримт ил болсныг АНУ-ын түүхэн дэхь хамгийн том нууц мэдээ алдагдсан явдал гэж зарим нь үзэж Вьетнамын дайны үед тохиолдсон “Пентагоны Цааснууд” үйл явдалтай зүйрлэж байна.

Сүүлийн 39 жилийн хугацаанд ийм их хэмжээний бичиг баримт ил гарч байсан тохиолдол байхгүй гэж өмнө нь зөрчилдөөний тухай нууц түүхийн талаар их хэмжээний бичиг баримт задруулж байсан Пентагоны албаны ажилтан байсан Даниел Эллсберг ярьж байна.

Харин ийнхүү зүйрлэж байгаатай бусад нь санал нийлэхгүй байна. Пентагоны Цааснууд бол АНУ-ын удирдагч нарт зориулан гаргасан, Вьетнамын дайны тухай шинжилгээний бичиг баримтын хэсэг байсан. Харин энэ удаагийн эдгээр бичиг баримтууд бол ямар ч задлан шинжилгээ хийгдээгүй, түүхий эд шиг, боловсруулагдаагүй, хоорондоо холбоогүй өгөгдөл, мэдээллүүд. Эдгээр саланги өгөгдлүүдээс нийтлэг дүр зураг босгохын тулд маш няхуур байх хэрэгтэй гэж Брүүкингсийн Хүрээлэнгийн Ойрхи Дорнодын Бодлогын Судалгааны төвийн шинжээч Брюс Риедэл ярьсан.

“CNN”-ийн Терроризмын шинжээч Петер Берген энэ талаар “Пентагоны цааснууд Америкийн засгийн газар иргэддээ албан ёсоор хэлж байсан зүйлс, бодит байдал хоёрын хооронд асар их зөрүү байгааг ил болгосон. Харин Афган дахь дайн төдийлөн амжилттай биш байгааг бүгд мэдэж, санал нэг байгаа” гэж ярьж байна. Афганистаны засгийн газар эдгээр бичиг баримтуудын талаар гайхширч байгаагаа илэрхийлээд байна. “Афганы дайны үнэн байдлын талаар өгүүлсэн зөрчилтэй баримт бичгүүдийг үзээд Афганы засгийн газар цочирдож байна” гэж хэвлэлийн төлөөлөгч Сиамак Херави ярьжээ.

Хаанаас эдгээр бичиг баримтыг олж авсан талаараа Асанже “CNN”-д хэлэхээс татгалзсан бөгөөд “WikiLeaks” эдгээр бичиг баримтуудыг ил болгосон нь цэргүүдийг эрсдэлд оруулж байна гэдгийг үгүйсгээд, харин ч эдгээр бичиг баримтыг ил болгосноор хүмүүс дайн хийхийг дэмжих эсэхээ илүү их мэдээлэлтэйгээр шийдэх боломжтой болно гэж ярьсан. Түүнчлэн түүний сайтад эрх баригчдын зүгээс “мэдэгдэхүйц хэмжээний шахалт” ирж байгаа бөгөөд түүний сайтыг тагнаж чагнахыг оролдсон гэсэн. Гэхдээ эмзэг асуудал учраас бидэнд саад хийх нь улс төрийн хувьд боломжгүй гэж ярьжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж