“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын хүмүүсийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж, Шүүх бүрэлдэхүүн 21.45 цагаас шийдвэрээ гаргаж, Шүүх хурлын даргалагч, шүүгч Х.Идэр уншиж, танилцууллаа.
Шүүхээс Л.Гансүхэд 4,6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан байна. Л.Гансүхийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр зааж, цагдан хоригдсон хоногийг оноосон ялаас хасахаар болжээ.
Харин шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргав.
Тодруулбал, “ЭмЖиЭлЭсБи” компанийн ажилтнууд болох Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагааг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулж, ингэхдээ цагдан хоригдсон хугацааг өдрөөр тооцож, торгох ялаас хасахаар шийдвэрлэлээ.
Ингэснээр Н.Даваахүүгийн 46 хоног хоригдсон хугацааг торгох ялаас хасч, үлдсэн 10 сая 52 мянган төгрөгийг гаргуулахаар болсон. Түүнийг торгох ялаас зайлсхийвэл хорих ялаас солихыг Шүүхээс анхааруулсан байлаа. Харин Б.Мөнгөнтуяагийн 203 хоног цагдан хоригдсон хугацааг мөнгөн хэлбэрт шилжүүлж, торгох ялыг эдэлсэнд тооцжээ.
Түүнчлэн Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх гурван иргэнээс нийт 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг Шүүх бүрэлдэхүүн гаргалаа. Татвараас зайлсхийсэн асуудлын тухайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулан, өршөөжээ.
Шүүх хурал өнөөдөр 10.00 цагт эхэлсэн бөгөөд улсын яллагчийн зүгээс Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүд 7 жилийн ял оноох санал гаргаад байв. Улмаар Шүүх хурал 17.00 цагийн үед завсарлаж, Шүүх бүрэлдэхүүн ялын дүгнэлтийг ийн танилцуулсан юм.
Үүний дараа Л.Гансүхийг Тахарын албаныхан Цагдан хорих төв рүү авч явсан бол Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг суллаад байна.
Б.ЭНХ