"Бид 30 жилийн өмнө хэнд ч барьцаалагдаагүй байсан"

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Ардчилал-30

"Бид 30 жилийн өмнө хэнд ч барьцаалагдаагүй байсан"

"Бид 30 жилийн өмнө хэнд ч барьцаалагдаагүй байсан"

Монголын түүхэнд тодоор бичигдэх хоёр хувьсгал нэг дор зургийн хальсанд буужээ. Морио унасан Сүх жанжин, монголчуудаа уриалах залуу үе. Ардын хувьсгал-Ардчилсан хувьсгал болсон түүх. Түүхэнд дүрээ мөнхөлсөн төрийн далбаатай тэмцэгч залуу. Түүнийг Буднямын Инжиннаш гэдэг. Тэрбээр ярихдаа “Миний амьдралд тохиолдсон дурсамжтай, бахархалтай, түүхэн үйл явдал бол тэртээ 30 жилийн өмнө ардчилсан хувьсгалд оролцож, тэмцэж явсан үе. Тэр дундаа төрийнхөө далбааг бариад төв талбайгаар алхаж, түүхэндээ анх удаа төрийн хяналтгүй чөлөөт хэвлэл гаргалцаж байсандаа бахархдаг” хэмээн дурссан юм.


-Таны төрийн далбаатай зургаас яриагаа эхэлье. Яг л Сүх жанжин шиг гарч шүү. Далбаандаа эрх чөлөө, эв нэгдэл, эх орноо багтаасан лавтай. Яагаад ийм нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг танд оноох болов?

-Онцгойлж надад оноосон юм биш л дээ. Тухайн үед төрийн далбаа тийм элбэг байгаагүй. Манай дүүгийнд нэг далбаа байлаа. Гэхдээ тэр далбаа таван хошуутай байсан. Уг нь манай үндэсний соёмбо дээр таван хошуу байдаггүй шүү дээ. Үүнийг бид ярилцаад өөрчлөлтийн жишээ болгож таван хошууг нь арилгасан юм. Тэгээд тэр далбаагаа энд тэнд хурал, цуглаанд байнга авч явна. 1990 оны нэгдүгээр сард болсон том жагсаалд ч бас аваад л явсан. Тэр өдөр Сүхбаатарын талбай руу иргэд дөрвөн талаас цуглаж, би ч далбаагаа бариад тэргүүн эгнээнд алхсан. Амьдралдаа анх удаа тийм олон хүн нэг дор цугларахыг харж байлаа шүү дээ.

Гэнэт л намайг хоёр талаас өргөөд явчихсан. Би ч далбаагаа улам өндөр өргөх гэж хичээгээд л. Эргэн тойрноо харахад олон мянган хүн дуу хоолой, хүсэл зорилго нэгтгээд алхаж байгаа нь бүр сүрдмээр сайхан байлаа.

Нийгэм өөрчлөгдөж, улс орон хөгжинө гэсэн өөдрөг хүсэл, тэмүүлэлтэй залуус өвлийн тачигнасан хүйтнийг ажралгүй алхаж байлаа шүү дээ. Одоогийнх шиг интернэт, цахим сүлжээгүй үе. Гэсэн ч хүмүүс үнэхээр нэгдэж чадсан. Хэдэн мянгаараа маш богино хугацаанд цуглаж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн. Нийгэм тэр аяараа ардчиллыг хүсэж байсан. Тэр хүслийг л бид биелүүлсэн. Үүнийг дэлхийн олон орон ажиглаж, сурвалжилж байлаа.

-Нийгэм тэр чигээрээ ардчилсан хувьсгалыг хүсч байсан гэлээ. Тухайлбал, таны хувьд ардчиллыг хэрхэн ойлгож, өөрчлөлтөөс юу хүлээж байв?

-Би 1989 онд Чех улсын Прагийн Их сургуулийг төгсөж Монголдоо ирээд Шинжлэх ухаан, дээд боловсролын улсын хороонд мэргэжилтнээр ажилласан. Тухайн үед залуус нэгдэж байна, тайван байдлаар жагсаал, цуглаан хийж, нийгмээ өөрчлөхөөр болжээ гэсэн мэдээллүүд сонсогдож эхэлсэн. Ерөөсөө л түүхийн хуудас эргэж, шинэ эрин эхлэх гэж байгаа тухай ярьж эхэлсэн. Би ч үүнд нэгдсэн. Залуу байсан болоод ч тэр үү юунаас ч айхгүй, их зоригтой байж л дээ. Залуус бэлэн байсан, үйл явц их хурдан болж өнгөрсөн. Хот, хөдөөгүй хөдөлгөөн маш эрчимтэй өрнөсөн. Цаг үе нь болчихсон, залуус нь бэлэн, хүлээж байсан байхгүй юу. Ингээд арванхоёрдугаар сарын 10-нд Олон улсын эрх чөлөөний өдөр анхны цуглаанаа хийсэн байдаг. Удалгүй Монголын Ардчилсан холбоо байгуулагдаж, салбар зөвлөлүүдээ ч нээж эхэлсэн. Горбачёвийн өөрчлөн байгуулалт манайд эрх чөлөөний хаалгыг нээхэд бас нэмэр болсон гэж боддог. Дэлхийн социалист орнуудад нийгэм солигдох боломж бий болсон. Үүнийг Монголчууд тайван замаар, зохион байгуулалт сайтай, маш хурдан хөрсөн дээрээ буулгасан. Гэтэл өнөөдөр жагсаал, цуглаан хийх гэж яаж зүдэрч байна.

-Өнөөдөр харилцаа холбоо маш сайн хөгжсөн мөртлөө талбай дээр цуглах, хамтдаа тэмцэх хүмүүс их цөөн байна. Ялангуяа залуус комьютерийн цаанаас л дуугардаг болж. Гэтэл та нар тэр олон мянган хүнийг яаж цуглуулж чадав аа?

-Би дээр хэлсэн шүү дээ. Нийгэм нь бэлэн байсан гэж. Хамгийн гол нь хүмүүсээ нэгтгэх ажлыг зохион байгуулах байсан. Хувьсгалыг ганц хүн хийдэггүй. Олон хүн оролцдог. Удирдагчдаас гадна олон нийт, масс гэдэг чинь хамгийн том хүч. Тэднийг уриалан дуудаж, хөдөлгөх бидний гол зэвсэг бол хэвлэл, мэдээлэл байсан. Сонин, ухуулга хуудас, тараах материал гэх мэт. Мэдээж энэ бүхнийг нууцаар хийнэ шүү дээ. Би өнөөдөр өөрийгөө ярихаас илүү Монголын анхны чөлөөт хэвлэл “Шинэ толь” сонины талаар дурсамжаа яримаар байна. Зарим нь мартсан байж болох юм. Тухайн үед энэ сонин үүргээ маш сайн биелүүлсэн гэж би боддог. Санжаасүрэнгийн Зориг санаачилж, бидний дөрвөн хүн хэрэгжүүлснээр Монголын анхны чөлөөт хэвлэл тэр үед гарч байлаа. Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд ажилладаг А.Тэрбиш, н.Чулуунбат, н.Жаргалсайхан бид хэдийг нэг өдөр С.Зориг дуудаж, сонин гаргах үүрэг өглөө. Бид ч ажилдаа ханцуй шамлан орлоо. Нууцаар хийж байгаа болохоор ажил бага багаар л ахина. Бүтэн хоёр сарын хугацаанд бэлтгэж байж гаргасан даа. Хамгийн гол нь хэвлэх газар олдохгүй байв. Тэгэхэд хэвлэх үйлдвэр улсын мэдэлд байсан. Гэхдээ бид хийж, гаргаж чадсан. Бүр Монголын анхны офсет хэвлэл байхгүй юу. Тэгэхээр танай сэтгүүл зүйн түүхэнд бас шинэ түүхийг бий болгосон гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл, агуулгын хувьд Монголын анхны чөлөөт хэвлэл, хэвлэлтийн хувьд мөн анхны офсет сонин байсан гэдгээр онцлогтой. Орчин үеийн сонин гаргах системээр гаргасан анхны тохиолдол.

Үүнийг бид дөрөв дөвийлгөж яриад, өөрсдийгөө магтаад байдаггүй болохоор тэр бүр хүмүүс мэдэхгүй байж болох юм. Тиймээс би энд зориулж онцолж ярилаа. “Шинэ толь” сонин бол Монголын ардчилсан хувьсгалд ч, сэтгүүл зүйн түүхэнд ч өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан. Тухайн үед нэг хэвлэлт нь 1000 хувь гардаг байв. Нийтдээ 100-гаад дугаар хоёр жилийн хугацаанд гарсан. Үүнээс улбаалаад "Ардчилал" сонин гарсан байдаг.

-Сонин бол хүмүүсийн үзэл бодолд нөлөөлж чадах хүчтэй хэрэгсэл. Үүнийг нууцаар хийх айдастай мөртлөө хариуцлагатай үүрэг танд ноогджээ?

-Нэг бодлын азтай. Миний хувьд ардчилсан хувьсгалд оролцохдоо миний оруулсан өчүүхэн хувь нэмэр бол энэ. Төрийн далбаагаа барьж төв талбайд алхсан, түүхэндээ анх удаа чөлөөт хэвлэл гаргалцсандаа би бахархдаг. Бид сониныхоо анхны дугаар гаргачихаад их айдастай байсан. Гартаа үнэндээ сонин биш зэвсэг барьчихсан яваа л юм шиг санагдаж байлаа. Яагаад гэвэл ингэж их ажил болчихоод сониноо хураалгачихвал яах юм бэ. Хүмүүсийн итгэлийг алдчих вий гэсэн айдас, үүрэг хариуцлага байсан. Тэр үед Нийгмийг аюулаас хамгаалах яам гэж айхтар газар байлаа. Мөрдөнө, мөшгөнө. Бид анхны сонингоо шөнө гурван цагт хэвлэж дуусаад баригдахгүйн тулд гурван хэсэг хуваагдаж, тал тал тийшээ тарж явлаа. Хэрэв нэг нь баригдвал нөгөөх нь сониноо тарааж чадна гэж тооцоолсон хэрэг. Аз болж хэн нь ч баригдаагүй. Монголын Ардчилсан холбооны хурал өглөө 9.00 цагаас эхлэхээс өмнө тарааж дууссан юм. Ингээд хурлын маргаашаас “Шинэ толь” хэмээн сонины редакци албан ёсоор байгуулагдаж ажилласан түүхтэй.

Тухай үеийн удирдлага, улс төрийн хүрээШинэ толь” сонинг хэр хүлээж авсан бэ, Хаах, хянах талаар яригдаж байв уу?

-1990 оны дөрөвдүгээр сарын 25-нд Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат Сэлэнгэ аймгийн хөдөлмөрчидтэй уулзах үеэрээ “Шинэ толь” сонинд гарсан энэ материал бол гүтгэлэг, ЗХУ-ын Элчин сайдыг гүтгэсэн байна. Иймд “ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ” харуулан “Шинэ толь” сониныхныг барьж зохих шийтгэлийг оногдуулах хэрэгтэй гэж мэдэгдэж байсан. Энэ өдрийн маргааш нь Нийгмийг аюулаас хамгаалах яам болон тагнуулынхан УАЗ 469 машинд суулган авч явсан. Бүгдийг тусгаарлан нэг нэгээр байцааж, энэ мэдээллийн эх үүсвэр, хэн дамжуулсан гэдэг асуулт тавьж байв. Та нар төрд тэрсэлсэн, хоёр орны найрамдалт харилцааг устгахыг оролдсон гэсэн зүйл анги тулгаж, доод тал нь найман жил шоронд суулгана. Эсвэл бүр хүндрүүлсэн ял сонсгоно гэж байв. Гэвч МоАХ-ны шаардлагаар тус сонины редакцийнхан тэр ялаас чөлөөлөгдсөн юм. Сонинд гарсан уг мэдээлэл сүүлд нь үнэн зөв болох нь батлагдаж, бүр Монголын Гаалийн байгууллагаас тус сонины редакцид талархал илэрхийлсэн юм.

-Ардчиллын төлөө тэмцэж явсан 30 жилийн өмнөх түүх одоо залуусын хувьд үлгэр, домог шиг санагдаж магадгүй. Үнэндээ үг хэлэх эрх чөлөөгүй тэр нийгмийг үгүйлэх хүмүүс байдаг. Үүнээс болоод та нарын тэмцэж олсон Ардчиллыг үгүйсгэдэг юм шиг?

-Харин тэр харьцуулж ярьж байна гэдэг чинь бидний олж авсан ардчилал юм. Социализмын үед төр засгаа муулах хориотой байлаа шүү дээ. Бухимдлаа дотроо хадгалаад зөвхөн магтан дуулах ёстой. Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаг байсан тийм л хэцүү үе. Гэтэл өнөөдөр бид яаж байна. Дур дураараа бичиж, ярьж байна. Энэ эрх чөлөөг хэн олгосон юм бэ. Ард түмэн өөрсдөө өвлийн хүйтэнд гадаа жагсаж байгаад олж авсан юм. Үүнийхээ төлөө нэгдэж, нийлж, тэмцэж чадсан гэдгийг ахиад хэлье. Би хааяа уншдаг. Ардчиллыг муулсан, шүүмжилсэн, бухимдсан, үзэн ядсан сэтгэгдэлүүд байдаг. Гэхдээ энэ чинь ардчиллын буруу биш байхгүй юу. Харин улс орныг удирдаж байгаа төр засгийн үйл ажиллагаа, бодлоготой холбоотой. Ардчилал ард түмний гарт сонголтыг өгчихлөө. Гол нь тэр сонголтыг бид зөв хийж чадаж байна уу. Дөрвөн жилд нэг удаа сонголт хийх боломж байна. Энэ боломжийг бид зөв ашиглаж байгаа юу гэдгийг бодох ёстой. Түүнээс биш болохгүй байгаа бүхнийг ардчилал, Ардчилсан нам руу чихээд байж болохгүй л дээ. Харин үүний оронд нгэж бичих эрх чөлөө, сонголт хийх боломж олгосонд баярлах ёстой. Ардчилал бол ололт байсан.

-Та намынхаа дотоод үйл ажиллагаанд одоо хэр оролцож байна, шүүмжлэлтэй хандах зүйл бий юу?

-Би одоо ямар ч намын гишүүн биш. Монголын Ардчилсан холбооны гишүүнээр анх элссэн. Түүгээрээ л дуусна. Ер нь би өөрийгөө намын бус хөдөлгөөний хүн л гэж боддог. Нам бол зохион байгуулалттай, дүрэмтэй, системтэй зүйл. Хөдөлгөөн гэдэг чинь ард түмэн. Үзэл бодлоороо нэгдэн нийлсэн хүмүүсийн тэмцэл. Нэгнээ огт танихгүй ч гэсэн бид Монгол орон, эрх чөлөө, ард түмнийхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж чадсан байхгүй юу. Одоо би нэг зүйлийг анзаардаг. 30 жилийн өмнө Монголчууд камераас айдаг, ичдэг, зугатдаг байсан. Гэтэл одоо би ярья гээд уралдаад гүйх жишээтэй. Энэ чинь бидний тэмцэж олсон эрх чөлөө, хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй нийгэм чинь шүү дээ. Өнөөдөр бид хувь хүн гэдгээ асар их мэдэрч байна. Гучхан жилийн дотор хүмүүсийн сэтгэхүй, үзэл бодол шал ондоо болсон. Энэ бол хамгийн том амжилт. Хамгийн гол нь өөрт байгаа энэ боломжоо зөв ашиглаж сонголтоо л зөв хийх ёстой. Эрх чөлөө гэдэг чинь зөвхөн ололт байдаггүй юм байна. Зах зээл гэдэг угаасаа өгөө, аваатай тогтолцоо учраас сайн, муу талууд цөм байгаа. Хэрэв үүнийг жигнээд үзвэл миний бодлоор сайн нь илүү дарна. Яагаад гэвэл эрх чөлөөгөөр бид Азидаа тэргүүлж байна. Хааж хязгаарласан дарамт шахалт алга. Ялангуяа хэвлэн нйитлэх эрх чөлөө манайд хангалттай нээлттэй байна. Бухимдал, уураа гаргах эрх чөлөө ч байна. Энэ бол том амжилт. Үүнийгээ өнөөдөр бэхжүүлээд эдийн засгаа л хөгжүүлэх хэрэгтэй.

-Сонголтоо зөв хийх талаар та хэд хэд дурдлаа. Удахгүй 2020 оны сонгууль болно. Ер нь бид сонголтоо яаж хийгээд байна, яавал зөв байх вэ?

-Ард түмний хүлээлтийг манай төр засаг биелүүлж чадахгүй байна. Сонгуулиар сонгохдоо амьдрал ахуй сайхан болно гээд итгэсэн байгаа шүү дээ. Тэр итгэлийг үгүй хийгээд байна. Үйлдвэрлэгч орон байсан одоо түүхий эд зардаг орон ч болчихсон байх шиг. Энэ бүхэн сонголтоо буруу хийсэнтэй л холбоотой. Намаар хуваагддаг, талцдаг. Бидон сав, гурил будаагаар сонголтоо сольдог. Дээрээс нь маш олон залуус сонгуулийг ойлгохгүй, ойшоохгүй байна. Идэвхгүй, хойрго байна.

Ардчилсан нийгмийн нэг сул тал гэх юм уу, хүмүүс эрх чөлөөтэй болоод ирэхээр хэтэрхий тайвширчихдаг юм байна. Ямар нэгэн дарамт, шахалт байхгүй. Дуртай хөгжмөө сонсож, хувцасаа өмсөж, ер нь л бүх зүйл нээлттэй байна. Үүндээ сэтгэл нь ханачихсан. Улс орноо хөгжүүлэх хүсэл, зорилго ихэнх хэсэгт нь алга.

Өөрөө л болж байвал бусад нь падгүй гэсэн бодолтой. Гэтэл Монгол орныг цааш нь авч явах хүмүүс бол залуус. Тиймээс тэднийг эх оронч байгаасай гэж би хүсдэг. Яагаад гэвэл залуус гадагшаа явах гэж их тэмүүлдэг болж. Монголд амьдрал болохгүй байна, бүтэх зүйл алга гээд л яваад өгөх юм. Тэгэхээр энэ улс орныг хэн хөгжүүлэх юм бэ. Гадаад хүмүүс ирж хөгжүүлэх юм уу. Хэн энэ орны эзэд юм. Үүнийг залуус маань ухаж ойлгоосой. Бид л энэ Монголынхоо зовлон, жаргал, хэцүү бэрхийг туулж, авч үлдэх ёстой хүмүүс шүү дээ. Би үүнд их эмзэг ханддаг. Гадаадад амжилттай яваа, чадвартай, боловсролтой залуус маань Монголдоо ирж ажилламаар байгаа юм. Энд л тэд дутагдаад байна шүү дээ.

-Монголыг боловсролтой залуус хөгжүүлнэ гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ яаж вэ,  30 жилийн өмнөх залуус шиг талбай дээрээ гараад тэмцэх ёстой юу?

-Боловсролтой дээр нь эх оронч байх ёстой. Ер нь барьцаалагдаагүй хүмүүс л энэ улс орныг авч явна. Одоо бол энэ хоёр нам хоорондоо хэтэрхий барьцаалагдсан байна. Тийм болохоор чөлөөтэй өөрчлөн байгуулалт хийж чадахгүй байна. Үе солигдож, шинэлчлэгдэж байж энэ байдал арилж магадгүй юм. Уг нь бол аль ч нам улс орноо хөгжүүлье л гэж боддог байх. Тэгэхээр намдаа биш хүмүүсдээ байна. Жагсаад, тэмцээд байхдаа гол биш. Ерөөсөө л ард түмэндээ сонгуулиар өгсөн амлалтаа л биелүүлчих. Тэгээд л болоо.

Бид 30 жилийн өмнө хэнд ч барьцаалагдаагүй байсан. Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос цугларсан залуус маш зоригтой нэгдэж чадсан. Энэ бол бидний шударга байсны үр дүн. Ардчиллын алтан шонхруудын гавьяа.

Ийм л эрх чөлөө, боломжийг бид эх орондоо бий болгосон. Үүнийг зөв ашиглах хэрэгтэй. Гуйх л юм энэ байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ТэнэглэлТэнэглэл
26
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж