"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноо танилцуулья. Энэ удаагийн зочноор өөрийн нэрээр “Кадр” брэндийг бий болгосон Б.Энхбаатартай ярилцлаа. Түүний урласан бүтээлүүдээс Монгол хувцасны загвар, элемент, гоёл чимэглэлийг ямар ч төрлийн хувцастай хослуулахад дэгжин, тансаг болдгийг харж болно.
Монголын загварын ертөнцөд цахиур хагалж яваа цөөн хэдхэн эрэгтэй загвар зохион бүтээгчдийн нэг Б.Энхбаатар хамгийн сүүлд МУГЖ Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолтын хувцсыг нь урлаж, дизайнераар хамтран ажилласан юм.
БАТ-ӨЛЗИЙН ЭНХБААТАР
Нас:
31 /1988.08.08/
Жил
Луу
Орд
Арслан
Хооби
Дуу дуулах
Төгссөн сургууль
СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр 2012 он
Мэргэжил:
Дизайнер
Одоо эрхэлж буй ажил:
КАДР брэндийн үүсгэн байгуулагч
Сошиал хуудас:
FB: Noyon Kadr
-ТАНЫГ ЗАГВАРЫН ЕРТӨНЦТЭЙ АМЬДРАЛАА ХОЛБОХОД ЭЭЖ ТАНЬ ИХ НӨЛӨӨЛСӨН БАЙХ. ХҮҮХЭД НАСНЫХАА ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ҮЕЭС ХУВААЛЦВАЛ?
-Би хүүхэд байхаасаа л ирээдүйд загвар зохион бүтээгч болно гэж боддог, үүнийг мэддэг байсан. Мэдээж ээж минь их нөлөөлсөн. Ээжтэйгээ эрвээхэй зангиа сонгох гэж байсан үе их дурсамжтай. Надад эрвээхэй зангиа 10, 20 төрлийн өнгө ондоо байдаг байсан л даа. Миний ээж надад пиджакууд оёж өгдөг байлаа. Тухайн үед сургуулийн хүүхдүүд нэгдсэн журмын дүрэмт хувцас өмсдөг. Харин минийх тэр формын загвартай ижил мөртлөө пиджак. Эрвээхэй зангиагаа өнгө, өнгөөр нь сольж зүүдэг, өмсч байгаа гуталтайгаа хослуулан зангиагаа зүүдэг байсан. Тэр үеийн мэдрэмж л хамгийн жаргалтай сайхан үе. Ээжийгээ оёдлын машин дээр хувцас оёхыг нь харах их сонирхолтой санагддаг байсан л даа. Дөрвөн настай байхдаа ээжийгээ оёдлыг машин дээр ажиллаж байхад нь гараа зүүний доогуур шургуулчихсан. Одоо долоовор хуруундаа оёдлын машины оромтой.Энэ нь нэг ёсондоо тамга болж үлдсэн юм шиг санагддаг.
-ЗАГВАРЫН ЕРТӨНЦӨӨС ГАДНА ШОУ БИЗНЕСТ Ч БАС АЖИЛЛАХ БОЛСОН. ТУХАЙЛБАЛ, “ЯГ ТҮҮН ШИГ” ШОУ БОЛОН МУГЖ САРАНТУЯА, МАРАЛЖИНГОО НАРЫН ДИЗАЙНЕРААР АЖИЛЛАСАН ШҮҮ ДЭЭ. ХАМГИЙН СҮҮЛД МУГЖ Т.АРИУНААГИЙН “ТЭНГЭР ШИГ БАЙ” ТОГЛОЛТОД ДИЗАЙНЕРААР НЬ ХАМТРАН АЖИЛЛАЛАА?
–Хувцас гэдэг зүйлийг бүтээхийн тулд кино зохиол бичиж байгаатай адилхан зохиол шиг хар зураг гаргана. Тухайн стилийн гол дүр нь яаж харагдах, тодотгож өгөхийн тулд туслах дүрүүд нь ямар силуэт хэлбэрээр орж ирэх вэ гэдгийг маш сайн бодох ёстой. Тайз дүүрэн хүмүүс, гэрэл, бүжигчид дундаас ганцхан хүн цацарч тод гэрэлтэх ёстой. Тэр нь Т.Ариунаа эгч. Бусдаас онцгой харагдуулахад хувцасны материал их чухал л даа. Дуучин Т.Ариунаа эгч бол өөрөө их хүчтэй хүн. Өөрөө үргэлж шинийг эрэлхийлж, шинийг түгээж байдаг. Тоглолтод бүжигчдийн 120 гаруй хувцасыг урласан. Бүжгийн шоу шиг байж чадсанаас гадна fashion show байж чадсан гэж дүгнэж байгаа. Хоёрхон минутад л бүхий л хувцас, чимэглэл, үс засалт өөрчлөгдөж гарч ирж байгаа. Ийм богино хугацаанд энэ бүхэн дээр ажиллахад амаргүй даваа байсан ч хүмүүсийг уйдаагаагүй. Хувцсан дээр ч Т.Ариунаа эгч маш сэтгэл ханамжтай байсан. Тоглолтын хувцаст гар ажиллагаа их орсон. Төгс сайн бүтээл гаргая гэвэл гар ажиллагаа л илүү их ордог. Миний хувьд Т.Ариунаа эгчийн тоглолтын нэгдүгээр хэсэгт дагнаж бүх хувцсыг нь дагнан ажилласан. Ингэхдээ тухайн хүний энергийг мэдрэхийн тулд дууг нь дахин дахин сонсч, тэр хүнийг мэдэрч бүтээлээ гаргасан даа.
-ҮНДЭСНИЙ ХУВЦСАА ОРЧИН ҮЕТЭЙ ХОСЛУУЛЖ БАЙНА ГЭЭД ХЭТ ИХ ЭВДЭЛЖ, ҮНДСЭН ТӨРХИЙГ НЬ АЛДАГДУУЛДАГ БОЛСОН ЮМ ШИГ. ТАНЫ ХУВЬД Ч БАС ҮНДЭСНИЙХЭЭ ХУВЦАСЫГ ОРЧИН ҮЕИЙН ЕВРОП ХЭВ МАЯГТАЙ ХОСЛУУЛАН ЗАГВАР БҮТЭЭДЭГ. ЗАГВАРЫН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛЖ БАЙНА ГЭЭД ҮНДСЭН ТӨРХИЙГ НЬ АЛДАГДУУЛДАГ ЭНЭ АСУУДАЛД ТА ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?
-Би “Монгол костюмс” төвд ажилладаг. Манай төв “Үндэсний хувцас судлалын” академитай. Үндэсний хувцасаа судалж байж өв соёлоо хадгалж явдаг том төв. Тийм учраас би Үндэсний хувцасаа хадгалж хамгаалах эрхэм зорилготой. Яах вэ анх зах зээлийн эрэлтээ бодоод л орчин үеийн хэв маягийг үндэсний хувцастай хослуулж загвар гаргаж эхэлсэн. Гэхдээ үнэн холих хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхээр түүхэн судалгаа, баримт нотолгоонд суурилсан хувцасны загвар нь үнэн зүйл өгүүлэх хэрэгтэй. Эргээд бид үндэснийхээ хувцасыг хойч үедээ уламжлуулан үлдээнэ. Харамсалтай нь, үндэсний хувцасны загварыг бантан хутгаж байна. Замбараагүй загварыг нь өөрчилж, нэг нэгийнхээ загвараас хуулбарлаж байна. Би аль болохоор үндэснийхээ хувцасны хэв шинжийг нь алдагдуулахгүйгээр хойч үедээ үлдээе гэж боддог. Үндэсний хувцасаар маань гоёж гангардаг маш олон улс бий шүү дээ. Түүхээ ч бас хүмүүс мэдэх хэрэгтэй. Би өнгөрсөн жилийн наадмын коллекцоо сул загварын, шороон өнгө буюу шаргал, бор өнгийн дээл гаргаж байсан. Гэтэл хүмүүс вьетнам стильтэй адил байна, төв монгол гэж харагдахгүй байна гэх зэргээр их шүүмжилсэн. Гэтэл тэд өөрсдөө түүхээ мэдэхгүй байна шүү дээ. Миний коллекц судалгааны дагуу л бүтээгддэг.
-МОНГОЛЧУУД ТҮҮХ, СОЁЛ, ГАР УРЛАЛЫН АРВИН БАЯЛАГ ТҮҮХТЭЙ. ЭНЭ УТГААРАА ОРЧИН ҮЕИЙН ХЭВ МАЯГТ ХОСЛУУЛАХ МАШ ИХ САНАА ТӨРДӨГ БОЛОВ УУ. НИЙТЛЭГ ХАНДЛАГА НЬ ХҮННҮГЙЙН ҮЕИЙН ДЭЭЛ ХУВЦАСНЫ ЗАГВАРЫГ ОРЧИН ҮЕТЭЙ ХОЛБОХ БОЛЖ?
–Дээл гэхээр л зөвхөн босоо захтай биш шүү дээ. Таван төрлийн зах байна. Босоо, нумарсан, хагалбар, дөрвөлжин гэх мэт. Судлаад үзвэл үндэсний хувцасыг маш гоё элемент ашиглан орчин үеийн хувцастай хольж болно. Тэрбүүхэл Европын хатагтай ноёд язгууртнуудын өмсч байсан хувцаст Монголын өв соёл шингэсэн байдаг. Хүннүгийн үеэс гадна Алтан ордны улс. Энэ үеийн XIII зуунаас хойшхи үеийн хувцаснууд Европ руу тэлж эхэлсэн байдаг. Европ хэв маягийн хувцас өмсгөлдөө оруулсан байх нь бий. Түүнээс өмнө Ниуан гүрний үеийн хувцасны элемэнтүүд их таалагддаг. Яагаад гэвэл, монголчууд уур амьсгалтайгаа зохицож амьдрахын тулд дээл нь өргөн сул биш нарийн урт бариу ханцуйтай байсан. Энэ үеийн силуэтийг би бүтээлдээ их шингээдэг. Яагаад гэвэл их зөв хэлбэр юм шиг санагддаг л даа.
-“КАДР” БРЭНДИЙН КОЛЛЛЕКЦООС ХАРЖ БАЙХАД НАТУРАЛ ӨНГӨ ИЛҮҮ ДАВАМГАЙЛСАН, ҮНДЭСНИЙ ХУВЦАСЫГ ЕВРОП ХЭВ МАЯГТАЙ ХОСЛУУЛСАН ЮМ ШИГ САНАГДДАГ?
-Монголчууд Евро Азид орно. Азиудтай харьцуулахад ясны бүтэц нь өөр, илүү хөрслөг бор царайтай гэх ч юмуу. Бас Орос школа их нөлөөлсөн болов уу. Тэр утгаараа залуусын хувцаслалт европ хэв маягтай. Миний коллекцод хээ угалз нэг их ороод байдаггүй, ер нь натурал өнгө илүү давамгайлдаг. Европ хэв маягийг үндэсний хувцастай хослуулахад их сайхан зохицож, илүү сайхан харагддаг.
-“КАДР БРЭНДИЙН ЗҮРХ НЬ ЮУНД ОРШДОГ ВЭ?
-Судалгаанд л оршдог. Коллекцууд маань судалгаанд л тулгуурладаг. Энэ брэндээ би нэг их массд хүрээд л ашиг олоосой гэж хүсдэггүй. Брэндийн үнэ цэнийг мэддэг КАДР гэх дизайнерыг үнэлээд ирсэн цөөн хүмүүст л тохирох байх.
-ЭРСДЭЛГҮЙ АЛХАМ ГЭЖ БАЙДАГГҮЙ. АНХ ӨӨРИЙН НЭРЭЭР БРЭНДЭЭ ГАРГАХАД ОЛОН НИЙТ ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВЧ БАЙВ?
–Ер нь тийм. Эрсдэлгүй алхам гэж байхгүй. Анхны зураг авалтаар гол моделоор трансжендр Б.Солонгыг сонгож, конгуре гэх коллекцоо танилцуулсан. Энэ бол Хүннү гүрэн үүсэхээс өмнө үүссэн байсан том гүрэн юм. Үүний судалгааны ажил дээр хийгдсэн зураг авалтын гол модель нь байсан. Олон нийт их гайхаж хүлээн авч байсан ч их эерэгээр хүлээн авсан. Хоёр дахиас нь хүлээдэг болсон. Ер нь бодож байсан амжилтандаа хүрсэн, зорилгынхоо нэлээн их хувийг биелүүлсэн ч ингээд сэтгэл ханаж болохгүй.
Холбоотой мэдээ