-Дэлхий нийтийн хэмжээнд шивээсийг урлагийн нэг төрөл хэмээн хүлээн зөвшөөрөх болжээ. Харин манай улсад шивээс урлагийн хэмжээнд хөгжиж чадаж байгаа юу. Монголд шивээсийг мэргэжлийн хэмжээнд хийдэг хичнээн салон байдаг вэ?
-Урлагийн хэмжээнд хүртлээ хөгжиж одоохондоо чадаагүй. Шивээс хийж байгаа, шивээсийг сонирхон судалдаг бид нар л шивээсийг урлаг болгохын төлөө зүтгэж байна. Шивээсийг олон нийтэд урлаг гэдэг өнцгөөс таниулах гэж тэмцээн уралдаан хүртэл зохиож байна. Монголд мэргэжлийн хэмжээнд ажиллаж хөгжүүлэхийн төлөө явж байгаа хэд хэдэн салон байгаа. Өнгөрсөн жилийн шивээсийн тэмцээнд мэргэжлийн түвшинд шивээс хийдэг 16 салон оролцсон. Ерөнхийдөө шивээсийн чиглэлээр тогтвортой ажилладаг 10 гаруй салон байна. Мөн хувиараа шивээс хийж байгаа чадварлаг шивээсчид цөөнгүй бий.
-Өнгөрсөн жил шивээсчдийн дунд шоу тэмцээн болсон. Энэ тэмцээнийг жил болгон уламжлал болон зохион байгуулах уу?
-Зохион байгуулагчид нь хоёр жилд нэг удаа зохиож байхаар шийдсэн. Тэгэхээр энэ жил тэмцээн болохгүй. Дараа жил шивээс сонирхогчдын дунд болох байх гэж бодож байгаа.
-Сүүлийн үед залуучууд ямар шивээс их сонирхож байна вэ?
-Анх манайд шивээс дэлгэрч байхад бэлэн зураг хараад хуулбарлах юм уу хүний хийлгэсэн шивээс, зургийн дагуу шивээс хийлгэдэг байсан. Эхэн үед хийж байсан шивээс давтамж ихтэй байсан нь ийм учиртай. Харин одоо залуучууд үндсэрхэг үзлийг илэрхийлсэн, монгол гэсэн омогшилоо харуулсан үндэсний хэв маягтай шивээс хийлгэх болсон. Жишээ нь монгол бичгээр бичсэн үг, үндэсний хээ, угалз шивүүлэх нь бий. Эрчүүдийн хувьд түүхэн уламжлалыг илэрхийлэхийн зэрэгцээ өөрийнхөө үзэл бодлыг агуулсан сэдэвтэй шивээсийг илүү сонгодог.
-Шивээс хийлгэхээр хэд орчим насны хүмүүс их ханддаг вэ?
-20-40 насныхан дийлэнх нь байна. 50-60 настай хүмүүс үе үе шивээс хийлгэдэг ч залуучууд шиг элбэг биш. Настай хүмүүсийн хувьд амьдарч байсан нийгмийн хандлагаас болоод шивээсэнд таатай ханддаггүй. Тухайн үед шоронд орсон хүмүүс шивээс их хийдэг байсан юм билээ. Мөн армид алба хаасан эрчүүд нар, сар, аав ээжийнхээ, өөрийн хөө, хайртай бүсгүйнхээ нэрийн эхний үсгийг шивсэн байх нь элбэг тохиолддог.
-Охид, бүсгүйчүүд шивээс их хийлгэдэг үү?
-Надаар үйлчлүүлдэг хүмүүсийн тал хувь нь эмэгтэй хүмүүс байдаг. Шивээс хийлгэхэд хүйсийн ялгаа байхгүй дээ, эн тэнцүүхэн л үйлчлүүлдэг.
-Эмэгтэйчүүд голдуу жижигхэн шивээс хийлгэдэг үү?
-Эмэгтэй хүнд жижигхэн чамин шивээс гоё харагддаг. Зарим нь өөрсдийнхөө үзэл бодолд тааруулсан хүчтэй том шивээс хийлгэдэг охид ч цөөнгүй бий.
-Ажиглаад байхад залуус том хэмжээтэй шивээс ихээр хийлгэдэг болжээ. Хоёр гар,нуруугаараа битүү шивээстэй залуус олон болж. Том шивээсийг хэдий хэр хугацаанд хийдэг вэ?
-Том хэмжээний шивээсийг хийлгэх хугацаа янз бүр. Зурагны хэмжээ, өнгө, ажиллагаанаасаа хамаарч хугацаа шаардана. Нэг гарыг битүү шивлээ гэхэд нийт зургаан цаг зарцуулна. Тийм шивээсийг ер нь нэг дор хийж болдоггүй. Ерөнхийдөө нэгээс хоёр удаа тасалж хйих ёстой. Яагаад гэвэл хүний арьс удаан хугацаагаар зүүний хатгалтыг хүлээж авахаар муу, будаг шингээх чадвар нь багасдаг.
-Мэргэжлийн хэмжээнд шивээс хийнэ гэж яг юуг хэлээд байна вэ?
-Зориулалтын салонд, зориулалтын багаж, будгаар ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын дагуу нэг удаагийн зүү, хошуу, будагны сав, бээлий ашиглан хийхийг хэлнэ. Мөн нэг удаагийн хэрэглээний зүйлсийг давтан хэрэглэж болохгүй. Наад зах нь элэгний B,C вирус халдварладаг. Цаашлаад шивээсээр ДОХ халдах ч аюултай. Гэхдээ яг шивээс хийж байгаад ДОХ халдсан тохиолдол байхгүй ч халдвар тархах магадлалтай гэж үздэг юм байна лээ. Иймээс шивээс хийлгэж байгаа тохиолдолд ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Үйлчлүүлж байгаа хүнийхээ сэтгэлд хүртэл зургийг нь гаргаж өгөх, хүний арьсанд будгаа зөв тогтоох зэрэгт мэргэжлийн ур чадвар шаарддаг.
-Хүний арьсны олон давхаргатай гэдэг. Хэд дэх давхаргад шивээсийг хийдэг бол?
-Хүний арьсны долоон давхаргын зөвхөн нэгдүгээр давхаргад хийдэг ч түүнийг цоолохгүйгээр нэг милометрээс хэтрүүлэхгүй шивээс хийх ёстой. Ингэж хийхэд цус гарахгүй, шүүс л гарна. Дараа нь харшил өгөхгүй, өвдөлт нь бага байдаг. Шивээсийг буруу хийсэн тохиолдолд халуурах, загатнах, харшил үүсэх зэрэг сөрөг үр дагавар гардаг. Тиймээс мэргэжлийн салонд, цэвэр орчинд шивээс хийлгэх хэрэгтэйг хүмүүст зөвлөмөөр байна.
-Шивээсэнд хэрэглэдэг будгаа хаанаас авдаг вэ?
-Би япон, америк будгаар шивээс хийдэг. Америкийн “Super Roll” гээд шивээсний багаж хэрэгсэл, будаг үйлдвэрлэдэг жижигхэн “tattoo studio”-ийн сертифкаттай монгол дахь гишүүн нь. Интернэтээр холбогдож гишүүн болсон, очиж, уулзаж амжаагүй ч, материалуудаа тэндээс захиалаад татдаг. Манайд урдаас орж ирж байгаа будгууд нь тогтоц удаан, хувиран өнгөө алддаг муу шүү.
-Америкт ямар шивээс дэлгэрч байгаа бол?
-Америк болон гадаад оронд шивээс өнөдөр түвшинд хөгжсөн байдаг. Гадныхан их сонин зүйлс сонирхох болсон. Тэд энгийн шивээснээс илүүтэйгээр сорвижуулж, түлж хийдэг төрлөөр шивээс хийлгэдэг болсон байна. Дүрслэлээ шивээсний машинаар биш мэс ажиллабараар хийх ч юм уу, сорви тогтоож хийлгэх байдал их дэлгэрсэн. Мөн сүүлийн үед 3D шивээс их моданд орж байгаа. Харахад бодитой юм шиг дүрслэлийг 3D шивээс гаргадаг онцлогтой.
-Япон якуза нар шивээсээрээ алдартай, японы шивээсний урлаг дэлхийд нэгдүгээрт ордог уу?
-Япон бол шивээсийн хөгжлөөр хамгийн өндөр орон. Шивээсийг үндэсний уламжлал болгож чадсан. Шивээсийг анх дэлхий дээр гаргаж ирсэн хүмүүс бол . индианчууд. Тэд шивээсийг омог аймгийнхаа бэлэг тэмдэг болгон бүүр багаас нь зайлшгүй хийдэг юм билээ. Гэхдээ Япон Азидаа шивээсээрээ нэгдүгээрт байдаг шүү.
-Гадаадын одуудаас хэний шивээс таалагддаг вэ?
-Одуудын шивээс янз бүр л дээ. Тэр хүмүүсийн үзэл бодол өөр болохоор яг тэр нь таалагддаг гэж хэлэхэд хэцүү юмаа. Гадаадын одууд нэгдмэл биш энд тэндээ эвлүүлчихсэн шивээс ихтэй. Тиймээс түүнийх хамгийн гоё гэж хэлэхээр шивээс байдаггүй.
-Монголын одуудаас хэр их шивээс хийлгэдэг вэ. Ихэнх хүмүүс рокууд л шивээстэй гэсэн ойлголттой байдаг?
-Манайхан рокерууд шивээстэй байдаг, ямрыг хийлгэдэг вэ гэж их асуудаг. Амьд хөгжим сонирхдог залуусын хувьд рок гэхээрээ л хохимой толгой, гал дөл л хийлгээд байдаг хүмүүс биш шүү дээ. Залуу уран бүтээлчдэд шивээс хийж байсан. Яг л бусадтай адилхан үзэл бодлоо илэрхийлсэн, ямар хөгжим сонсдог, тэрийгээ яаж гоё бусдад илэрхийлсэн шивээс хийлгэдэг.
-Хамгийн сүүлд хэнд шивээс хийсэн вэ?
-BX-д хийсэн.
-Нууц биш бол хаана нь ямар шивээс хийсэн бэ?
-Joker. Гүйцэд дуусаагүй ээ, үргэлжлүүлэх ёстой. Үргэлжлэлийг нь яаж хйихээ бид хоёр ярилцчихсан байгаа. Мөрөн дээрээ хийлгэж байгаа, ахиж ирээгүй л байна.
-Өнгөрсөн жил шивээсчидийн дунд болж өнгөрсөн “Tattoo show”-ны талаар ярилцъя. Чи тэр шоунаас “Шилдэг хөрөг”, “Шилдэг шивээсчин”, “Шилдэг шивээс” номинациудад шалгарч байсан?
– Тэмцээнд орохдоо хөрөг шивээсээ өмнө нь хийгээд очсон. Бусдыг нь үзэгчдийн дунд зааланд шууд шивж өрсөлдөж байсан. Энэ тэмцээн нь залууст шивээсний талаар зөв ойлголт өгөх, шивээсийг дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой байсан.
-Ингэхэд анх хэдэн оноос шивээс хийж эхэлсэн вэ?
-2000 онд анх шивээс хийж сураад эхлээд хувиараа хийж байсан. 2001 оноос хойш есөн жил салонд мэргэжлийн хэмжээнд шивээс хийж байна.
-Тухайн үед шивээс тийм ч их дэлгэрээгүй байсан. Яаж яваад шивээс сонирхох болов оо?
-Тухайн үед мэр сэр шивээс хийдэг хүмүүс байсан. Би өөрөө бие дээрээ шивээс хийлгэхийг их хүсдэг байсан. Тэгээд ганц нэг шивээсчинээр хийлгээд, ерөнхий ойлголт авсан. Яаж хийдэг зөвлөгөөг тэднээс аваад хийх боломжтой санагдсан. Тэрнээс хойш л сонирхолдоо хөтлөгдсөн дөө. Тухайн үед зургийн чиглэлээр суралцаж байсан маань их тулгуур болсон. Зурах, шивээс хийх хоёр ойролцоо. Шивээсний техник, хүний арьсны онцлогийг судлаад мэдчих юм бол зураач хүнд шивээсийн урлаг бол их ойрхон санагддаг.
-Шивээс хийж эхэлж байх үедээ шантарч байсан уу?
-Надад эцсийг нь хүртэл хийж сурна гэдэг маш их сонирхолтой байсан учраас шантрах үе гараагүй ээ. Тухайн хийж байснаа одоо үетэйгээ харьцуулахад тааруу болсон зүйл мэр сэр байгаа ч, шивээс хийлгэсэн хүмүүсээс зэмлэл бага хүртэж байлаа.
-Үйлчлүүлсэн хүмүүс сэтгэл ханамжтай байдаг ч хөндлөнгийн хүмүүс шивээсийг урлаг гэдэг талаас нь ойлгохгүй байх нь хүндрэлтэй байдаг уу?
-Шивээс хийж эхлэх үед зарим хүмүүс хуучинсаг үзлээсээ болоод шивээсийг урлаг гэдэг талаас нь хүлээж авахгүй байх тохиолдол байсан. Гэхдээ тэр бол зөвхөн тухайн үеийн үзэл бодол байсан. Одоо бол бүх юм нээлттэй болж, хүмүүсийн өрөөсгөл бодол ч арилж байна. Тиймээс шивээсийн урлагийг бусад орнуудтай адил урлагийн нэгэн төрөл болгон хөгжүүлэх үүрэг л бидэнд ноогдож байна даа.
Г.Даша