Нэгдүгээр сургуулийн “хэрүүлийн алим” хурцдав

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сургуулийн “хэрүүлийн алим” хурцдав

Монгол Улсын ууган сургууль болох Нийслэлийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн  70 гаруй багш нар энэ сарын 10-ны өдөр захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаатай  цаашид  хамтран ажиллах боломжгүй гэх өргөдөлд гарын үсэг зурж Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар /НЗДТГ/  болон Нийслэлийн боловсролын газарт /НБГ/ хүргүүлжээ.  

Үүнийг тодруулахаар бид  нэгдүгээр  сургуулийг зорьсон юм. Биднийг тус сургууль дээр 13.00 цагийн үед очиход Д.Цогзолмаа захирал шүүх хуралтай гэх шалтгаанаар ажилдаа ирээгүй байсан бол багш нар хэвлэлд мэдээлэл өгч байсан юм. 

Тус сургуулийн бага ангийн багш нар болон  захирлын хоорондох  “хэрүүлийн алим” өнгөрсөн аравдугаар сараас эхлэлтэй. Тодруулбал, есдүгээр сарын сүүлээр сурагчдын үдийн цайнд  ямар  ч  хаяг шошгогүй, хатаж удсан шинжтэй боорцгийг тараалгасан сургуулийн удирдлага, нөгөө талаас үүнийг эсэргүүцсэн багш нарын төлөөллийн хоорондох асуудал юм. Мөн дээрх үдийн цайнаас  үүдэн хэд, хэдэн хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн байдаг.

Энэ тухай тус сургуулийн багш нар аравдугаар сарын 16-ны өдөр олон нийтэд мэдээлэл хийсэн юм. Гэтэл хэвлэлийн хуралд оролцсон Ч.Энхнасан багш, сургуулийн эмч Д.Болормаа нарыг худлаа мэдүүлэг өгсөн хэмээн тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаа ажлаас халах шийдвэр гаргажээ. Үүний дараа хэд, хэдэн багш ажлаас чөлөөлөгдсөн  учраас одоо ажиллаж байгаа багш нар  ажлын байрны баталгаагүй, дарамттай нөхцөлд ажиллаж байгааг хэлж байсан юм.

Д.ЦОГЗОЛМААГИЙН ОРОНД ТОМИЛОХ ХҮНИЙГ СУРГУУЛИЙН БАГШ НАР ДОТРООСОО СОНГОХЫГ САНАЛ БОЛГОЖЭЭ

Д.Цогзолмаа захирлын хувд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө арвннэгдүгээр сарын 4-нд НЗДТГ болон НБГ-т хүргүүлсэн байна. Гэвч одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй гэх шалтгаанаар ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад багш нар эгдүүцэж буй.

Багш нарын зүгээс өчигдөр /2019.11.21/ энэ асуудлаар НЗДТГ болон НБГ-ын удирдах албан тушаалтнуудтай уулзжээ. Энэ үеэр дээрх хоёр байгууллагаас захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаагийн оронд томилох хүнийг сургуулийн багш нар дотроосоо сонгохыг санал болгосон байна.

Ийнхүү  багш нараас санал хураахад  25 жил боловсролын салбарт ажиллан сүүлийн арван жил тус сургуульд сургалтын менежерээр ажиллаж байгаа н.Эрдэнэбатын нэрийг дэмжжээ.  Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа Д.Цогзолмаа захирлыг нэн даруй түдгэлзүүлэх аман  шийдвэрийг багш нарт өгсөн бол НБГ-аас ямар шийдвэр гарах нь  тэдний анхаарлын төвд байгаа юм.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс  Д.Цогзолмаа захирлаас тодруулга авах гэсэн боловч сургууль дээрээ байхгүй. Утас руу нь залгасан ч  тусыг эс олсон учраас уржигдар хэвлэлд өгсөн ярианаас иш татан хүргэхээр шийдлээ. Тэрбээр  хэлэхдээ “2017 онд нэгдүгээр сургуульд  490  хүүхэд суралцаж байсан. Үүний ихэнх нь тойргийн бус хүүхэд байсан.  Би энэ жил үүнийг таслан зогсоосноор зарим хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд байх шиг байна” гэжээ.

БИД СУРГУУЛИЙН НЭР ХҮНДИЙГ УНАГАСАН Д.ЦОГЗОЛМАА ЗАХИРЛЫГ ЦАГДААД ӨГНӨ

Нэгдүгээр  сургуулийн бага ангийн багш Ч.Чагцал “Захирал уржигдар хэвлэлд яриа өгөхдөө  “2017 онд  долоон анги бүр 70 хүүхдийн илүү дүүргэлттэй 490 хүүхэд суралцаж байсан” гэж ярьсан. Гэхдээ  бид эхний байдлаар статистик тоон  мэдээллийг харахад  2017 онд 393 хүүхэд элсэж орсон байна. Захирлын ярьсан зүйл огт ор үндэслэлгүй.

Боловсролын сургуулийн менежментийг  харахад багш хүүхдүүдийг өөрийн эрх мэдлийн хүрээнд элсүүлж авах ямар ч боломж байдаггүй. Боловсролын яамны программд хүүхэд бүр бүртгэлтэй байдаг учраас захирлаас баталж өгсөн нэрсийн дагуу  л бид хүүхдүүдийг авдаг. Харин хүүхэд элсүүлэх, хасах  эрх нь захиралд байдаг шүү дээ.

Мөн “Боов ундаахны асуудлаас болоод багш нар авлига авдаг асуудлыг нь илчилсний төлөө миний нэр хүндэд халдаж байна" гэж ярьсан. Хүн харахад боов, ундаахны хэрэг мэт харагдаж байгаа мэт боловч энэ бол хүүхдийн аюулгүй хүнс хэрэглэх эрхийн тухай асуудал. Ноцтой хохирол учруулж болохуйц зүйл. Гарал үүсэл нь тодорхойгүй, ямар нэгэн шошгогүй байна гэдэг нь, эрсдэл дагуулсан байна гэдэг нь гаднаас нь харахад ойлгомжтой байсан. Тэр байтугай зориулалтын бус тамхины хайрцгаар хүүхдүүдэд хүнс зөөж байсан. Үүнийгээ өнөөдрийг болтол ойлгохгүй миний энэ ажиллагаа буруутай үйлдэл биш.

Намайг буруутгах гэсэн шалтаг юм гээд сууж байгаа нь тэр хүн өөрөө ямар үйлдэл хийснээ ойлгоогүй байгаагийн илрэл гэж бодож байна. Түүгээр зогсохгүй багш нарын нэр хүндэд, сургуулийн нэр хүндэд халдаж байгаад маш их эмзэглэж байна. Сургуулийн нэр хүндийг нийгэмд гутаан доромжилж, худал мэдээлэл тараасан Д.Цогзолмаа захирлыг бид цагдаад өгөхөөр гарын үсгээ цуглуулж байна” гэв.

БИ АЖИЛТАЙГАА ҮЛДЭХИЙН ТУЛД ҮГЭЭ ХЭЛЖ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРЭЭД БАЙНА

Нэрээ нууцлахыг хүссэн багш  хэлэхдээ  “Д.Цогзолмаа захирлын хэлж байгаа шиг жирийн багш нар нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх эрх мэдэл огт байдаггүй, тусгай комисс хүүхэд бүрээр хэлэлцэж элсүүлдэг.  Мөн захирлын хэлж байгаа шиг энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийн тоо буурсан юм биш,  энэ жилийн нэгдүгээр ангийнхан дотор ч өмнөх жилүүдийн адил хамран сургах тойргийн бус хүүхдүүд  олон байгаа. Ийм байхад тоо баримтын болоод учир зүйн алдаатай, худал ташаа мэдээлэл түгээж байгаад нь нэгдүгээр сургуулийн багш нар эмзэглэж байна.

Өнөөдөр багш нар бид  эрх ашгаа хамгаалахаас өөр аргагүйд хүрч байна. Байгууллагын удирдлага  хамт олноо хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж  нэр хүндийг унагаад явж байх хүн бил үү. Захирлын болж бүтэхгүй байгаа зүйлийг хэвлэлд ярьсан багш  нарыг цагдаад өгч Зөрчлийн тухай хуулиар шалгуулж байна.Тиймээс  би ажилтайгаа үлдэхийн тулд үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж чадахгүйд хүрээд байна. Улмаар багш нар үзэл бодлын зөрүүгээс болж хоорондоо хоёр хуваагдаж талцдаг болсон.” гэлээ.

Мэдээж багш нар, захирал ч эрхээ хамгаалах болон хамгаалуулах эрхтэй ч тэдний энэ "хэрүүлийн алим" хүүхдийн сурах эрхийг зөрчиж байна гэдгийг энд онцлоё. Сурган хүмүүжүүлэх, эрдэм мэдлэг олгох багш нар нь өөр өөрсдийн эрх ашгийн төлөөс нь сурагчид байх учиргүй. Тиймээс Хотын дарга аа, Ё.Баатарбилэг сайд аа багш нарынхаа талцлыг зогсоож, сурагчдын сурах эрхийг хангаж өгөх нь нэн тэргүүний шийдэх асуудал болж буйг онцлоё.

 Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж