УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж өнөөдөр /2015.09.21/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Шин Юн Жу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Шин Юн Жу Монгол Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд дагалдан яваа хүмүүсээ танилцуулав. Тэрээр Солонгос, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй төдийгүй манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 25 жил энэ онд тохиож буйг онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйд баяртай байгаагаа илэрхийлж, өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцааны бат бэх суурь бий болж, энэ оныг хоёр орны харилцааг дараагийн 25 жилд хөгжүүлэх хэтийн төлөвийг тодорхойлох онцгой жил болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.
Тэрээр хоёр орон бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг дурдаад цаашид ч Монгол Улс бүс нутгийн олон талт үйл явц, яриа хэлэлцээ, интеграцид оновчтой оролцоход БНСУ-тай хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дэвшүүлсэн Евроазийн хамтын ажиллагааны санаачилга болон монголын талын дэвшүүлсэн Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгын хүрээнд Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулж, хамтран ажиллах нь чухал хэмээн тэмдэглэв. Монгол Улс 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ уг уулзалтад оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Е-Парламент” төсөл амжилттай хэрэгжсэнийг дурдаж, талархал илэрхийлэв.
Талууд хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээнд төлөөлөгчид тогтмол харилцан солилцож ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд дурсгалын зураг авахуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.