Цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2019.11.22-нд нийтлэгдсэн

Цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөллөө

Цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөллөө

НЭМЭЛТ: 13.00 ЦАГТ

Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон нийт есөн гишүүн 100 хувийн саналаар дэмжлээ. Цэцийн хуралдаан 11.00 цагт эхэлсэн бөгөөд хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн юм. Хуралдаанд нийт есөн гишүүн оролцсон бөгөөд Д.Одбаяр ч мөн оролцсон юм. Ингээд хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар Д.Одбаярыг Цэцийн даргаас чөлөөлөхийг дэмжиж, чөлөөллөө.

Ингэснээр Д.Одбаяр нь Цэцийн даргаас чөлөөлөгдөж, Цэцийн гишүүнээр үлдэж байгаа юм.


НЭМЭЛТ: 11.20 ЦАГТ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцэж байна. Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат удирдан хийлгэж байна.

Мөн хуралдаанд Д.Одбаяр өөрийн биеэр оролцож байна.

 


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан билээ. Тиймээс өнөөдөр /2019.11.21/  Д.Одбаярын хүсэлтийг хэлэлцэнэ. Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д зорчихдоо ёс зүйгүй үйлдэл гаргасан бөгөөд түүнийг тус улсаас 10 хоног гаргахгүй шалгаж, мөнгөн торгууль торгосон юм. Тэрбээр ийн асуудлын дараа Монголдоо арваннэгдүгээр сарын 14-ний өдөр ирсэн. Түүний дараа тэрбээр хэвлэлийн хурал зарласан боловч Цэцийн даргын суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учраас цуцалсан.

ЦЭЦИЙН ДАРГАД МАН Г.БАЯСГАЛАНГ ЗҮТГҮҮЛЖ БАЙНА

Гэхдээ Д.Одбаярын хувьд энэ удаад Үндсэн хуулийн Цэцийн даргаасаа чөлөөлөгдөнө. Харин Цэцийн гишүүнээрээ үлдэх эсэх асуудал бол дараагийн асуудал. Тиймээс энэ удаад Цэцийн дарга хэн болох вэ гэдэг улс төрийн анхаарлын төвд буй. МАН-ынхын зүгээс Цэцийн гишүүн Б.Баясгаланг томилохоор зүтгүүлж буй. Гэхдээ зарим гишүүдийн зүгээс өөрсдийгөө дэвшүүлэх сонирхолтой байгаа ч гэх яриа бий. Гэхдээ энэ удаад Цэцийн гишүүдийн олонх Д.Одбаярыг Цэцийн даргаас чөлөөлөх дээр санал нэгдэж байгаа. Харин хэнийг томилох вэ гэдэг улс төрийн хувьд “зодоо”-ны сэдэв болоод буй.

Г.Баясгалан хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. 1986-2016 онд Баянхонгор аймгийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Партнерс форэвэр” компанийн захирал, МАН-ын даргын зөвлөхийн албыг тус тус хашсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1992 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гарах бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болдог.

Д.ОДБАЯР ДАРГААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨЖ, ГИШҮҮНЭЭР ҮЛДЭХ ҮҮ?

Цэцийн дарга Д.Одбаярын хувьд Цэцийн даргаас чөлөөлөгдөж, гишүүнээр үлдэх сонирхолтой байгаа. Тиймээс ч тэрбээр Цэцийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ нийт гишүүддээ гаргасан нь учиртай. Олон нийтийн зүгээс Д.Одбаярыг Цэцийн даргаас төдийгүй гишүүнээс нь чөлөөлөх ёстой гэдгийг хэлж буй. Гэхдээ өнөөдөр ямар ч гэсэн Д.Одбаярыг Цэцийн даргаас чөлөөлнө. Харин түүний дараа Цэцийн гишүүнээс чөлөөлөх үү эсвэл гишүүнээр нь үлдээх үү гэдэг асуудал яригдах юм. Хуулийн дагуу Цэцийн даргыг Цэцийн гишүүд дотроо хэлэлцэж, олонхын санал авсан хүнийг сонгох зохицуулалттай. Гэхдээ түүнийг эхлээд УИХ Цэцийн гишүүн болгосон байх учраас түүний асуудал Цэцийн гишүүний эрх үүргээр зохицуулагдана. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5.4-т “Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн улмаас, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон энэ зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хувийн хүсэлт гаргасан, эрүүл мэндийн улмаас, тэтгэврийн нас болсон зэрэг тохиолдлуудад түүнийг чөлөөлөх боломжтой. Хэрэв чөлөөлөгдөх хүсэлтээ өгвөл Цэцийн тухай хуулиар дараагийн гишүүнийг томилохдоо чөлөөлөгдсөн гишүүнийг анх томилсон байгууллагаас санал болгож, УИХ томилно. Мөн нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс нь эхлэх юм байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж