Их тэнгэрийн газрыг худалдсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.09.21-нд нийтлэгдсэн

Их тэнгэрийн газрыг худалдсан уу?

Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах Их тэнгэрийн аман дахь төрийн тусгай хамгаалалттай газрын 7.4 га-г төрийнхөн хувийн компанид эзэмшүүлжээ. Тодруулбал тус газрыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шийдвэрээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар үндэсний хурлын цогцолбор, аялал жуулчлал, зочид буудлын зориулалтаар үйл ажиллагаа явуулах гэрчилгээг "Шинэхэн" группд олгожээ. Өөрөөр хэлбэл, ирэх зун Улаанбаатар хотод болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолборын барина хэмээн таван жилийн хугацаатайгаар дээрх газрыг "Шинэхэн" групп авчээ. Эх сурвалжийн мэдээлснээр “Шинэхэн групп”-ийн захирал Ж.Сансар нь БОНХАЖЯ-наас олгосон газрын гэрчилгээгээ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв нар дээр барьж очин, тэдэнтэй гурвалсан гэрээ байгуулжээ. Энэ тухай Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг "Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шийдвэр гараад, Дархан цаазат газар, дүүргийн газрын албаар хянагдаад орж ирсэн бол зурсан" гэсэн тайлбар хийлээ. Харин тус газар буюу Их тэнгэрийн аман дахь 7.4 га газарт 1-16 давхар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг өнгөрсөн наймдугаар сард нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /НЕТГ/-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа олгожээ. Ингэхдээ НЕТГ-ын Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн дарга н.Ганзоригийн дээрх барилгын зураг төслийг баталсны дагуу барилга барих зөвшөөрлийг өгсөн гэв. Харин н.Ганзоригийн мэдээлснээр барилга барих шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өнгөрсөн зургадугаар сарын 2-ны өдөр гаргасан гэнэ. Ямартай ч Их тэнгэрийн аманд буюу төрийн тусгай хамгаалалттай газрын 7.4 га газрыг 2020 он хүртэл "Шинэхэн" групп эзэмшихээр болжээ. Зорилго нь ирэх хавар болох АСЕМ-ийн зочдыг хүлээн авч, байрлуулах барилга барих гэнэ. “Шинэхэн” группын захирал Ж.Сансар “Олон улсын стандартын хурлын заал, Японы таван одтой зочид буудлыг барих төслийг манайх хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд дээрх 7,4 га газрыг таван жилийн хугацаатай ашиглах зөвшөөрлийг холбогдох газраас нь авсан ч барилгын ажлаа эхлээгүй. Энэ төсөл нийтдээ 90 сая орчим ам.доллараар хэрэгжинэ. Энэхүү төслөөр барьсан байгууламжийг шаардлагатай гэвэл төр таван жилийн дотор худалдан авч болно. Хэрэв тэгэх хэрэгцээгүй гэвэл бид цаашид өөрсдөө үйл ажиллагаа явуулах юм” гэлээ. Уг нь холбогдох хууль журмандаа Их Тэнгэр цогцолборын 120 га газраас ашиглуулахдаа хүрвэл заавал Засгийн газрын тогтоол гарах ёстой аж.

Д.УУДАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж