Голомт банк Монгол улсад хамгийн эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2015.09.21-нд нийтлэгдсэн

Голомт банк Монгол улсад хамгийн эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгоно

Хорин жилийн түүхэн ой нь тохиож буй Голомт банкны хамт олон Монголын бизнесийн байгууллагуудаас анх удаа санаачилж Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ жил 13 дахь удаагаа зарлаж байна.

Үндэсний хэмжээнд хамгийн нэр хүндтэйд тооцогддог тус хөтөлбөрийн гол онцлог нь жил бүр шилдэг 100 оюутныг мэргэжил харгалзахгүйгээр тодруулдаг ба өнгөрсөн хугацаанд нийт 1200 оюутанд 1 тэрбум орчим төгрөгийн тэтгэлэг олгожээ.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын хувьд Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 ба түүнээс дээш ангид суралцдаг, сурлагын үнэлгээний голч дүн нь 3.5 ба түүнээс дээш, эсвэл голч оноо 92% байх ерөнхий шаардлагыг тавьдаг.

Харин энэ жилийн хувьд Голомт банкны 20 жилийн ойг тохиолдуулан дээрх шаардлагыг хангасан оюутнуудаас гадна, Монгол Улсын засгийн газраас зарласан хамгийн эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж буй, мөн гадаад дотоодын уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн оюутнуудын сурлагын голч дүн, хэддүгээр дамжаанд суралцаж буйг үл харгалзан шалгаруултад хамруулахаар болжээ.

 Мөн оюутнуудын хувьд нийгэм, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, мэргэжлийн чиглэлийн тэмцээн уралдаанд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа сорьж байсан, сургуульдаа тогтвортой суралцах зорилготой байх нь тэтгэлэгт хамрагдах нэг үндэслэл болох бөгөөд өөрийн эзэмшсэн гадаад хэл дээрээ “Миний сонголт-Бидний ирээдүй” сэдвээр 250-иас доошгүй үгтэй эссе бичиж ирүүлэх ажээ.

 “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан шилдэг 100 оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, эрдэм шинжилгээний бага хуралд оролцох, сургуулиа дүүргээд тус банкинд ажиллах эрхтэй болдгоороо томоохон давуу талтай юм.

Оюутан та тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.golomtbank.com вэбсайт болон Голомт банкны 1800-1646 лавлах утсаар авах боломжтой.

Бүртгэл 2015.09.21-ээс 2015.10.16-ныг дуустал үргэлжилнэ.

Танд амжилт хүсье!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж