Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил нь ямарч салбарыг хөгжүүлэгч, хурдасгагч гол хүч болсоор байна. Манай улсын хувьд дэлхий нийтийн чиг хандлагыг дагаад мэдээллийн технологийг бүх салбарт нэвтрүүлэн ашиглаж байгаа билээ. Үүнийг дагаад мэдээллийн аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдах гол асуудлын нэг болоод байна.
Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээнийг 2013 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн билээ.
Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Харуул занги 2015” тэмцээнд оролцохоор нийт 122 багийн 360 гаруй тамирчид цахим ертөнцөд оюун ухаан, хурд хүчээ сорихоор бүртгүүлсэн байна. Тэмцээн нийт 3 үе шаттай явагдах бөгөөд тэмцээний эхний үе шат 2015 оны 9 дүгээр сарын 19-ны Бямба гарагт 15:00-21:00 цагийн хооронд 6 цагийн турш үргэлжилж амжилттай өндөрлөлөө.
Тэмцээнд нийт 122 баг оролцохоор бүртгүүлснээс 75 баг ямар нэгэн байдлаар оноо авч өрсөлдсөн бөгөөд хамгийн өндөр оноотой 50 баг 2-р шатны шалгаруулалтад оролцохоор болсон байна. Тэмцээний 2-р үе Onsite хэлбэрээр 2015 оны 9 дүгээр сарын 26-ны Бямба гарагт ШУТИС-МХТС дээр болно.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулагчаар Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв (MNCERT/ CC), Кибер Аюулгүй Байдлын Газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын залуучуудын холбоо, ШУТИС-МХТС, Мэдээллийн технологийн үндэсний парк, Үндэсний Дата Төв, MSTRIDE ХХК, Сэйфбит ХХК, ерөнхий ивээн тэтгэгчээрTRIDUM E-Security ХХК, ивээн тэтгэгчээр CISCO MALL, Summit,Нүүдэл систем зэрэг газрууд ажиллаж байна.
Багуудын 1-р үед авсан оноог ЭНД дарж харна уу.
Т.МӨНХ