300 хүнээс 4 их наяд төгрөгөө ав

Хуучирсан мэдээ: 2015.09.21-нд нийтлэгдсэн

300 хүнээс 4 их наяд төгрөгөө ав

Иргэдийн хэрэглээний зээлийг Өршөөлийн хуульд хамруулах боломжтой хэмээн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намынхан үзэж, өнөөдрөөс санал цуглуулж эхлээд байна. Тус намынхан Чингисийн талбайн баруун урд талд байрлаж иргэдийн гарын үсгийг цуглуулж бүртгэл хийж буй юм.

Улсын хэмжээнд 650 мянга орчим өрх байдаг бөгөөд 50 хувь нь хэрэглээний зээлтэй гэсэн судалгаа гарсан аж. Энэхүү судалгааг Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас хийсэн төдийгүй Үндэсний статистикийн хороо, Монголбанкнаас мөн холбогдох судалгаануудыг авсан байна. Үүнтэй холбоотойгоор Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батмөнх нартай ярилцлаа.

-Зээлийг Өршөөлийн хуульд хамруулах энэ санаачлага сонгууль угтсан популизм юм биш үү. Хөдөөгийн малчид “Зээлийг өршөөлд хамруулах нь, төлөх шаардлагагүй боллоо” гэж ярьж байна. Энэ талаар хэр судалгаа хийсэн бэ. Эцэстээ иргэдийг ч хохироосон, улсаа ч хэцүү байдалд оруулсан юм руу оруулчих вий дээ?

-Ш.Төмөрсүх: Яагаад болдоггүй юм. УИХ нь төлөхгүй татварыг өршөөлд хамруулна гээд Монгол Улсын сан муудаад амьжиргааг байхгүй болгож байгаа биз дээ. Наадах чинь Монголын санд нөлөөлөхгүй, арилжааны банкинд нөлөөлнө, ойлгоо. Арилжааны банк хүссэн хүсээгүй хүүгээ аваад явдаг.

-Арилжааны банк буяны байгууллага биш, тэгэхээр төр л ачааг нь үүрнэ шүү дээ?

-Дэлхийд байхгүй жишиг. Яагаад дэлхийд байхгүй жишгийг Монголд байлгаж болдоггүй юм. Чи өргүй, зээлгүй юу. Чи муу юу яриад эсэргүүцээд асуугаад байгаа юм.

-Ачааллыг нь даахгүй юм биш үү, гарц гаргалгаа байгаа юм уу гэдгийг би танаас тодруулахыг хичээж байна?

-Яагаад даадаггүй юм.

-Орон сууцны зээлийг Өршөөлд хамруулахгүй, зөвхөн хэрэглээний зээлийг хамруулах зорилго тавьсан гэж байна. Хэрэглээний зээлтэй хэчнээн иргэн байгаа юм бол. Мөн гарах үр дагаврыг хэр тооцсон бэ. Монголбанк, арилжааны банкууд, Засгийн газартай энэ талаар санал солилцсон уу. УИХ-аас Өршөөлийн хууль батлагдангуут сэтгэлийн хөөрлөөр зээлийг өршөөлд хамруулж болох нь гээд санаачлага гаргачихав уу?

-Б.Батмөнх: УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Уг хуулийн хүрээнд дөрвөн их наяд төгрөгийн татварын хэргийг өршөөнө. Голчлон Монголын баялгийг гадагш нь зарсан 300 хүнд хамаарах асуудал. Тэгэхээр бидний зүгээс ямар асуудал дэвшүүлж байна вэ гэхээр “Тэр 300 иргэнд татварын өршөөл үзүүлэлгүй, нийт иргэддээ үзүүлчих. Ингэхийн тулд татвараа төлөхгүй өршөөлд хамрагдах гээд байгаа 300 хүнээс дөрвөн их наяд төгрөгийн татвараа барагдуулаад авчих. Түүгээр нь иргэдийнхээ хэрэглээний зээлийг төлүүлээд өршөөлд хамруулчихъя гэсэн санаа юм. Иргэдийн хэрэглээний зээлийн судалгааг гаргахад 1.5 их наяд орчим төгрөг болсон.

Өөрөөр хэлбэл, дөрвөн их наяд төгрөгийн төлүүлсэн нь дээр үү, жирийн ард түмнийг хэрэглээний зээлээс чөлөөлүүлэх үү гэдгийг ялгаж салгаж бодох ёстой.

-Иргэд саналаа хэр их өгч байна вэ?

-Өгч байна, 1000 хүрэхээр нь бид саналаа УИХ-д хүргүүлнэ. Өнгөрсөн долоо хоногт бид иргэдийн саналыг цуглуулахаар зөвшөөрөл хүссэн ч олон улсын хурал болж байна гээд хойшлуулсан. Өнөөдрөөс Чингисийн талбайд зогсч, санал цуглуулж байна.

-Дахин асууя. Монголбанк, арилжааны банкууд, Засгийн газартай санал солилцсон юм уу. Судалгаа хийсэн юм уу?

-Макро төвшинд судалгаа хийсэн, Үндэсний статистикийн хороо, Монголбанкнаас судалгаа авсны үндсэн дээр энэ саналыг дэвшүүлж байгаа. Түрүүн чи Ш.Төмөрсүх даргаас “Танай намын сурталчилгаа юм уу” гэж асуусан. Тийм ээ, энэ бол сурталчилгаа. Сурталчилгаа одооноос эхэлж байна, том намууд найман сарын өмнөөс эхлүүлсэн. Бид ард түмнийхээ төлөө энэ санаачилгыг гаргаж байгаа.

-1.5 их наяд төгрөгийн зээл нь хэчнээн иргэнийг хамарсан зээл вэ?

-Монгол Улсад 650 мянган айл өрх байлаа гэж бодоход 300 мянга нь хэрэглээний зээлтэй гэсэн судалгаа гарсан. Хэрэглээний зээл нь 5-10 сая төгрөг байгаа, түүнээс хэтэрдэггүй. Энэ бүх тооцоог хийгээд үзэхэд 1.5 их наяд гэсэн тооцоо гарсан.

-Банкууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, эх үүсвэрийг нь дөрвөн их наяд төгрөгийн татвараас гаргана гэхээр нэг л болохгүй харагдаад байна даа. Арилжааны банкууд бол шууд л эсэргүүцэх болов уу?

-Банкууд эсэргүүцнэ, тийм учраас энэ асуудлыг УИХ-аар батлуулах ёстой. Монголын баялгийг зөөсөн нэр бүхий 300 хүнээс дөрвөн их наяд төгрөгийн татварыг төлүүлэх ёстой. Тэр хүмүүс идсэн мөнгөнийхөө 10 хувийг өгөх л хэрэгтэй.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж