Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр (2019.11.21) Төрийн ордонд зохион байгуулав.
Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консулын үүргийг түр орлон гүйцэтгэгч Франциска Фрайбургхаус, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн ажлын албаны дарга Г.Нямгэрэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
Уг аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлж, таслан зогсооход олон нийтийн анхаарлыг татан оролцуулах зорилготой юм.
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн аян нь аливаа хэлбэрийн хүчирхийллээс ангид байхын тулд бие биеийнхээ эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцох, эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байгаагаараа онцлог.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Жендэрт суурилсан хүчирхийлэл нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд хөвгүүд, эрчүүд аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийг таслан зогсооход идэвхтэй оролцохыг уриалав. Мөн тэрбээр, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүчирхийллийн нэг хэлбэр болох ажлын байрны дарамтыг хэрхэн зохицуулж байгаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Хүчирхийллийн олон хэлбэр байдгаас ажлын байрны бэлгийн дарамт сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа. Судалгаагаар 5 хүн тутмын нэг нь ажлын байрандаа ямар нэгэн байдлаар энэ төрлийн дарамтад өртсөн байдаг бол 3 хүн тутмын нэг нь хохирогч болсон хэн нэгнийг мэддэг гэж хариулжээ. Энэ төрлийн хүчирхийллийн хохирогчдын 95 хувь залуу охид, эмэгтэйчүүд байдаг бөгөөд хохирогчдын 57.6 хувь нь төрийн албанд ажилладаг гэсэн дүн ч гарчээ. Иймээс УИХ-аас Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад холбогдох зохицуулалтыг хийхээр ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хэллээ.
Манай улс Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг 2011 онд, Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуулийг 2016 онд тус тус баталсан.
Жендэрт суурилсан хүчирхийлэлд хэн ч өртөж болох ч судалгаагаар ихэвчлэн охид, эмэгтэйчүүд үүнд өртөж, хүчирхийлэл үйлдэгчдийн 90 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэдгийг аяныг зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна.
НҮБ-ын "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тухай тунхаглал"-ын 1 дүгээр зүйлд "Нийгмийн болон хувийн амьдралын хүрээнд эмэгтэйчүүдийг бие махбодийн, бэлгийн болон сэтгэл зүйн зовиур шаналгаа амсахад хүргэж байгаа болон хүргэж болзошгүй жендэрт суурилсан хүчирхийллийн аливаа үйлдлийг, түүн дотроо үйлдэхээр заналхийлэх, эрх чөлөөг нь хасах буюу хасахаар заналхийлэх явдлыг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл" гэж тодорхойлжээ.
Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүр адил үнэ цэнэтэй, тэгш эрхтэй. Тиймээс хүний эрхийн ноцтой зөрчил болох жендэрт суурилсан аливаа хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхах байдалтай тэмцэж, таслан зогсоож, нийгмээрээ хандлагаа өөрчилж чадвал хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг олон улсын байгууллагын төлөөлөл онцолж байлаа.
Нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн төрлүүд амь бөхтэй оршсоор байна. Үүний дотор гэр бүлийн хүчирхийлэл нийгэмд тулгамдсан асуудал болтлоо хурцдаад байгаад анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
2019 оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллагад 28599 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 884 гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 18 гэмт хэргээр өссөн үзүүлэлт болохыг албаны хүмүүс мэдээллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ