Хотууд ногоон хөгжлийг онцолж байна

Хуучирсан мэдээ: 2015.09.21-нд нийтлэгдсэн

Хотууд ногоон хөгжлийг онцолж байна

Хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурьшил бий болсон нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, агаар, хөрсний бохирдол байх ёстой хэмжээгээс хэд дахин нэмэгдсээр буй нь Улаанбаатарын тулгамдсан асуудал болсон. Хүн өөрөө байгаль орчноо бохирдуулчихаад эргээд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг эрэлхийлдэг. Үүнээс харахад, одооноос хотын ногоон хөгжлийн бодлогоо тодорхойлж, Улаанбаатар хотоо ногооруулах ажлыг төр, иргэдтэйгээ хамтран нэгдмэл байр суурин дор эхлүүлэх ёстой гэж хотын удирдлагууд харж байна. Нөгөө талдаа оновчтой хотын ногоон хөгжлийн стратегийг боловсруулахын тулд Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын туршлагыг судлах, саналыг нь сонсох шаардлагатай болжээ. Иймээс энэ сарын 21, 22-ны өдөр буюу өнөөдөр, маргааш Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг "Хотын ногоон хөгжил" сэдэв дор зохион байгуулж байна.

Дэлхийн агаарын бохирдлын 70 хувь нь хотуудаас гардаг байна. Дэлхийн агаарын бохирдлын 30 хувийг БНХАУ, БНМАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг гаргадаг гэж НҮБ-ын судалгаанд бичигджээ. Товчхондоо Зүүн хойд Азийн хотууд дэлхийн агаарын бохирдлын 20 хувийг үүсгэдэг аж. Гэхдээ дээрх улс, хот бүр агаарын бохирдлоо хэрхэн яаж арилгах вэ гэдэг өөр өөрсдийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж эхэлсэн нь нэг дэвшил гэж НҮБ-ын салбарын захирал Килапаржи Ромакришна онцлов.

Монгол орны тухайд агаар, хөрсний бохирдол, дэд бүтцийг шийдээгүйтэй холбоотой зам, барилгын асуудлууд нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж, нэн түрүүнд шийдэх ёстой ажлын жагсаалтад багтсан. Сүүлийн зургаан жил хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр агаарын бохирдол 21 хувиар буурсан гэсэн судалгаа гарсан ч, Монгол агаарын бохирдлын асуудлаа бүрэн шийдэж чадаагүй л байна. Одоогоор нийслэлийн удирдлагууд хотын ногоон хөгжлийг дэвшүүлсэн, дээрх тулгамдсан асуудлаа шийдэр гаргалгааг шингээсэн стратегийг боловсруулж буй. Ингэхдээ иргэдийн байр суурь, саналыг тусгаж, төрийн байгууллагуудын ажиллагааг уялдуулах хэрэгтэй гэж төсөл боловсруулагч ярив. Мөн хотынхоо ногоон хөгжлийг ярихын тулд олон төсөл хөтөлбөрүүдийг, нэгдмэл болгож шийдэх ёстой гэсэн санааг Т.Батбаяр өглөө. Тухайлбал, Улаанбаатар хотын баруун хойд талд хог ангилан ялгаж, боловсруулах 23 жижиг үйлдвэрийг нэгтгэн "Эко цогцолбор"-ыг барихаар ажлыг эхлүүлжээ.

Дэлхий дахинаа, түүний дотор Ази тивийн хотууд хот суурин газрын хөгжлийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөнд илүү анхаарал тавих болсон тухай форумд оролцогчид ярив. Хот суурин газрын ногоон хөгжлийн бодлогоо гаргах болсон боловч бохирдол, хог хаягдал, эрчим хүчний хэрэглээний өсөлт зэрэг сорилт хот суурин газар бүрт нүүрлэж байна. Иймээс дээрх сорилтыг давахын тулд бүс нутгийн хотууд аж үйлдвэр, тээвэр, орон сууц, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт ногоон технологи нэвтрүүлж, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчийг үр дүнтэй ашиглах, амьдрах орчныг сайжруулахад анхаарлаа хандуулж, хамтран ажиллах ёстой гэсэн саналыг хотын дарга нар дэвшүүлэв.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж