БНХАУ-ын нүүрс тээврийн гэрээ дууссанаас тээвэрчид хил дээр гацаад байна

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын нүүрс тээврийн гэрээ дууссанаас тээвэрчид хил дээр гацаад байна

Цагаан хад гаалийн бүсэд олон тооны машин гаалийн хашаа болон хил дээр гацсан байдалтай байна. Өнөөдрийн байдлаар нэг жолооч машиндаа 10-15 хонож, 2-3 км урагшилж байгаа аж. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан тээврийн компаниуд нүүрс тээвэрт оролцоотой төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарсан зөвлөлдөх уулзалтыг яг одоо /2019.11.21/ Пума зочид буудалд зохион байгуулж байна.


Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэх асуудлын талаар зохион байгуулах холбооны дарга П.Баярхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Тавантолгой бүлэг ордоос Гашуун-сухайтын чиглэлийн зам хүртэл 14 мянга орчим тээвэрчид түүхий нүүрсийг гурван бүлэг орд уурхайгаас тээвэрлэдэг. Одоогийн  байдлаар 32 сая тонн түүхий нүүрс зөөсөн гэдэг мэдээлэл байна. Энэ тээврийг гүйцэтгэж буй нийгмийн тодорхой бүлгийн асуудал байнга хөндөгдөж байдаг. Жил бүрийн нүүрс тээвэрлэлтэд оны эцсээр хүндрэл гарч, амь насаа хүртэл алдаж байсан. Тиймээс энэ асуудлыг нэн даруй шийдэх шаардлагатай байна. Мөн уурхайн ачилт, гэрээ, тээвэрлэлт нь хоорондоо уялдаа холбоогүй байдгаас тээвэрлэлтийн явцад хүндрэл гардаг. Тээврийн компаниудын хувьд тулгамдаж буй зовлонгоо ярьдаг боловч ил нээлттэй хэлэх боломж олддоггүй. Энэ удаа зөвлөлдөх уулзалтаараа оролцогч талууд ямар нэгэн дарамтгүйгээр санал бодлоо хуваалцаж, ирэх 2020 онд нүүрс тээвэрлэлтээ хүндрэлгүй хэрхэн тээвэрлэх талаар ярих юм.

БНХАУ-ын талаас нэг жилд авах түүхий нүүрсний импортын хэмжээ болсон гээд таталтаа эрс багасгасан. Монгол Улс талаас цаанаасаа түүхий нүүрсээ тээвэрлэж авч ирээд гаалийн хяналтын бүсэд буулгадаг нүүрс нь дүүрчихсэн. Нөгөө талд БНХАУ Монгол талаас татаж авах түүхий нүүрс дүүрсэн. Түүхий нүүрсний илүүдэл үүсээд ирэхээр хоёр талдаа тээвэрлэлт зогсоно. Уртын тээвэр буюу уурхайгаас нүүрс ачиж ирсэн машинууд 10 гаруй км олон хоног сул зогсолт хийхэд хүрсэн. Жолооч нарт гэнэтийн бэлтгэл байхгүйгээс хоол ундгүй, хоол хүнсгүй, олон хоног гацаж байна. Бид энэ асуудлаар тав хоногийн өмнөөс холбогдох байгууллагуудад нь хандахад төдийлөн арга хэмжээ авсангүй” гэдгийг хэлж байв.

Засгийн газрын мэдээллээр өнгөрөгч баасан гаригт ажлын хэсэг гарч, энэ асуудлыг газар дээр нь судалж, өнөөдөр танилцуулгаа хийж байгаа аж. Жолооч нарын зүгээс нэгэнт тээвэрлээд ирсэн нүүрсийг БНХАУ-ын тал авахгүй юм бол ачилтыг буулгаад харих хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа гэнэ.

БНХАУ-ын Чалко компаниас тээврийн хөлсийг тонн тутамд 65 юань болгон бууруулсан талаар арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тээврийн компаниудад мэдэгджээ. Үүнээс үүдэн уртын тээврийн компаниуд сул зогсолт хийхэд хүрчээ.

БНХАУ РУУ ӨДӨРТӨӨ 2000 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ГАШУУН-СУХАЙТЫН БООМТООР НЭВТЭРЧ БАЙСАН

“Би гурван жил орчим түүхий нүүрс тээвэрлэлтийн хийж байна. Бидэнд ажиллах нөхцөл байдлаас эхлээд ажиллахад хүндрэлтэй асуудлууд олон байна. Өнөөдрийн байдлаар уртын тээвэр зогссон байдалтай байна. Одоогоос хоёр сар орчмын өмнө долоо хоногт нэг рейс хийдэг байсан. БНХАУ-ын талаас өдөртөө 2000 тээврийн хэрэгсэл Гашуун-сухайтын боомтоор нэвтэрч байсан бол өнөөдөр өдөртөө 200 хүрэхгүй тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Жолооч нар байрнаасаа хөдлөхгүй зогсоол дээр олон хонолоо. Тээвэрчид 20 орчим хоног цалин хөлсгүй хүнд байдалтай байна” гэдгийг тээвэрчдийн төлөөлөл Б.Анхбаяр хэлж байв.

“ОДООГИЙН БАЙДЛААР 13 МЯНГА 800 ОРЧИМ МАШИН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД ЯВЖ БАЙНА

“Эрдэнэс Монгол” компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяр “Ер нь хоёр жилийн өмнө тээвэрчдийн дараалал 100 орчим км гарчихсан нөхцөл байдалтай байсан. Одоогийн байдлаар нүүрс тээвэрлэлтийн дараалал хамаагүй багассан. Хоёрдугаарт “Эрдэнэс Монгол” компаниас энэ жил 20 ширхэг авто зогсоолыг зам дээр гаргасан. Дээрээс нь 2500 машины авто зогсоол баригдаж байгаа бөгөөд барилгын ажил 75 хувьтай явж байна. Мөн зочид буудал, эмнэлэг, төрийн үйлчилгээ, угаалга, засвар гэх мэт тээвэрчдэд шаардлагатай үйлчилгээний цогцолборыг байгуулахаар төлөвлөсөн.

Гаалийн ерөнхий газраас өчигдрийн байдлаар мэдээлэл авахад энэ 2019 оны байдлаар 18.5 сая тонн түүхий нүүрс гарсан гэсэн. Өнгөрсөн 2018 онд 18.2 сая тонн түүхий нүүрс тээвэрлэсэн нь өнгөрсөн оныхоос 300 орчим мянган тооноор давсан гэсэн үг. Цаашдаа нүүрс тээвэрлэлтийн машины тоог бууруулахаар гурван ч чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын концессийн гэрээ хийгээд явж байгаа. Хоёрдугаарт жил ирэх тусам тээвэрлэлт хийх машины тоо өсч байгаа. Одоогийн байдлаар 13 мянга 800 орчим машин нүүрс тээвэрлэлтэд явж байна. Машины тоо ихсэх тусмаа асуудал үүснэ. Тиймээс нүүрс тээвэрлэж буй машины зохистой тоог тогтоох шаардлага байгаа” гэдгийг хэлж байв.

 

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж