Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас томоохон бүтээн байгуулалтын олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь “Дарь-Эх” цогцолбор аж.
Гурван жил үргэлжилж, 2018 он гэхэд бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусах энэхүү томоохон цогцолборыг дүүргийн Засаг дарга санаачлан Засаг даргын Тамгын газраас байгуулж байна.
“Дарь-Эх” цогцолборыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутагт иргэд Суваргатай уул хэмээн нэрлэж заншсан толгодод байгуулах бөгөөд эргэн тойрны 20 га газрыг бүрэн цэцэрлэгжүүлж, дугуйн зам, явган зам, гүйлтийн зам бүхий томоохон талбайг тохижуулах юм.
Цогцолборын нээлтийн арга хэмжээ өнгөрсөн бямба гаригт болж, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс, хорооны ард иргэдийн төлөөлөл оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгч нарт Морин хуурын чуулга мэндчилгээ дэвшүүлсэн.
Дашрамд дурдахад, мөн дүүргийн 50 жилийн ойн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар Баянзүрх хайрханыг тохижуулах ажлыг эхлүүлсэн юм. 11 дүгээр хорооны нутагт орших Баянзүрх хайрханы орчмын 200 гаруй га газарт байгуулж байгаа бүтээн байгуулалтын явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай байна.
Г.ХОРОЛ