"Малчид эхнээсээ Япон, Солонгост ажил хийж байна"

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

"Малчид эхнээсээ Япон, Солонгост ажил хийж байна"

"Малчид эхнээсээ Япон, Солонгост ажил хийж байна"

Малчин н.Дондог хөдөөнөөс малаа ачиж, ирээд Эмээлтэд нэг ченжид өгдөг. Тэр ченж нь малыг нядлаад дахин нэг ченжид өгнө. Нөгөө ченж нь малын махаа ачаад Хүчит шонхор зах дээр авч ирнэ. Тэндээсээ дахин махыг жижиглэж, дэлгүүрүүд рүү өөр үнээр худалдаална. Энэ мэт мах борлуулж буй сүлжээ эмх замбараагүй байгааг өнөөдөр /2019.11.21/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийсэн “Чинээлэг малчин бойжуулах төв” төрийн бус байгууллагын зүгээс мэдээлсэн юм.


“МАЛЧИД ЭХНЭЭСЭЭ ЯПОН, СОЛОНГОС УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА”

Энэ үеэр “Дөрвөн алтан бэрс” малчдын холбооны тэргүүн, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын мянгат малчин П.Тамир ярихдаа “Монгол Улсын малчид мал сүргээ өсгөн үржүүлж, 65-70 сая мал болгон өсгөжээ. Ажлаа ч сайн хийсэн байна. Мал аж ахуйн салбар Монгол орны эдийн засгийн нэг тулгуур гэж яригддаг. Гэтэл өнөөдөр бид багахан хэмжээний малынхаа махыг гадаадад гаргаж, тодорхой шалтгаан ярьж, квот тогтоож байна. Малын үнэ, түүхий эдийнх нь үнэ унаж байна. Монголын мал аж ахуйн салбар бол амьд үйлдвэр. Амьд үйлдвэрээс гарсан мах, ноос ноолуур, арьсаа ашиглан нэмүү өртөг шингээж, дэлхийн эдийн засагт хувь нэмэр оруулдаг болмоор байна. Гэтэл манай улс дотоодын хэрэгцээндээ 10-15 сая мал нядалж, бойнд орох ёстой. Үүний ихэнх тоо толгойг хонь эзэлдэг. Сүүлийн хоёр жил хонины арьс үнэгүйдэж, шатааж устгаж байна. Үхрийн арьс дөрөвхөн мянга, адууны арьс дэл, сүүлтэйгээ 7-10 мянган төгрөгийн үнэтэй. Гэтэл холбогдох салбар яамнаас ямар ч арга хэмжээ авдаггүй, Засгийн газраас олон улсад малынхаа мах, түүхий эдийг экспортлох тал дээр дорвитой ажил хийхгүй байна. Одоо эхнээсээ малчид Япон, Солонгос явж ажилладаг болж байна. Монгол малчин монголоороо байж чанартай маш үйлдвэрлэснээр дэлхийн зах зээлд үнэтэй худалдаалах чиглэл рүү явах ёстой” гэв.

Энэ үеэр малчдын төлөөлөл “Малчид малын хөлийн татварыг өгөхгүй гэж хэлдэггүй. Харин татвар өгөхдөө ямар хэмжээгээр өгч, хаана байршуулах вэ. Нийгмийн даатгалын мөнгө шиг алга болчихвол бид өгөхгүй. Малын хөлийн татвар авах асуудалд харилцан ярилцаж, ойлголцох ёстой гэдэгт санал нэгдэж байна” гэдгийг ч хэлж байв.

“Ер нь махны үнийг бодитойгоор өсгөдөг газрууд бол зах, супермаркет, дэлгүүрүүд байдаг. Хотын төвийн худалдааны төвд мах 10 мянган төгрөгийн үнэтэй байхад малчид нэг кг махаа 4000-5000 төгрөгийн л үнэтэй байгаа. Жишээлбэл, 2020 оны төсөв дээр 3.6 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр тавигдчихсан. Тэр нь тойрог тойрогт хуваагдан, сонгуулийн мөнгөнд зарцуулагдахаар төсөвлөгдчихөөд байна. Гэтэл ядуу амьдарч байгаа малчид буюу төрийн албан хаагчийнхаа цалинг нэг дахин нэмэх боломжтой байна. Иймэрхүү шударга зүйлийг иргэд шаардах хэрэгтэй байна.

“МАЛЧДАД МАХНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛӨӨД ӨГВӨЛ ОРЛОГО НЬ ЭРС НЭМЭГДЭНЭ”

Малынхаа махыг боловсруулж, 8000-9000 төгрөгийн үнэтэйгээр экспортоор гаргахаар зах зээлийг чөлөөтэй тавиад өгвөл малчдын орлого эрс нэмэгдэнэ. Бэлчээр сүйтгэж буй малаа зарах гэхээр борлуулах газар нь байхгүй байна” хэмээн “Чинээлэг малчин бойжуулах төв” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Одсэр ярилаа.

“Чинээлэг малчин бойжуулах төв” төрийн бус байгууллага нь өнгөрсөн 2018 онд байгуулагдаж, энэ оноос үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа гэнэ. Зорилго нь малчид хоёр, гурван мянган мал дагаж явах бус цөөн чанартай малынхаа түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж амжиргаагаа сайжруулж, чинээлэг малчин болох юм. Ер нь Монгол Улсын нийт 169 мянган малчин өрхийн амжиргааны асуудлыг сайжруулж, ядуурлаас гарах, бэлчээрээ хамгаалах, махны чанараа сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж байна. Монгол Улсын хүн амын амьдралыг сайжруулах боломж бололцоог судалсны үр дүнд Говьсүмбэр аймгаас ажлаа эхлэн сургалт зохион байгуулсан талаар тэргүүн Л.Одсэр нь яриандаа онцолж байлаа.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж