Мэргэжлийн боксын аваргын төлөөх бүсний хариу тулаан арванхоёрдугаар сарын 7-нд Саудын Арабын Дирияа хотын боксын цэнгэлдэхэд болно. Тус тулаанд аваргын бүсийг эзэмшигч Мексикийн түүхэн дэх анхны хүнд жингийн дэлхийн аварга болсон Эйнди Руйз-н эсрэг WBA (Super), IBF, WBO, IBO-н хүнд жингийн дэлхийн аварга асан Их Британийн Антони Жошуа тулалдах болно.
Үйл явдлыг эргэн сануулахад: өнгөрөгч зургадугаар сарын 1-нд АНУ-н Нью-Йорк хотын Мэдисон Скүэр Гарденд болсон тулаанд мэргэжлийн боксын замналдаа нэг ч тулаанд ялагдаж үзээгүй WBA (Super), IBF, WBO, IBO-н хүнд жингийн дэлхийн аварга Антони Жошуа, өөрийнх нь эсрэг тулалдах ёстой байсан ч хар тамхины шинжилгээнд бүдэрсэн Жаррел Миллерийг орлон гарч ирсэн Мексикийн “Сүйтгэгч” хочит Эйнди Руйз-д долдугаар үед техникийн “knockout”-аар ялагдсан билээ.
Лас-Вегасын спортын мөрий тавьдаг газруудад Антони Жошуа-г ялж, аваргын бүсээ буцаан авна гэсэн мөрий ихээр тавигдаж байна.
Б.МӨНГӨНТАМИР