АТГ: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 17 шүүгчийг нарийвчлан шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

АТГ: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 17 шүүгчийг нарийвчлан шалгаж байна

АТГ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтаар хөрөнгө орлогоо хууль ёсны дагуу болохыг нотолж чадаагүй 21 албан тушаалтныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нарийвчлан шалгаж байна. Үүнд ТӨХК-ийн удирдах хоёр, яамны газар, хэлтсийн дарга хоёр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар багтжээ. Энэ асуудлаар тус газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараас тодруулав.

-АТГ төлөвлөгөөний дагуу хяналт, шалгалт хийсэн байна. Нийтдээ 21 албан тушаалтан хөрөнгө орлогоо нотолж чадаагүй асуудлыг илрүүлэн шалгаж байгаа юм байгаа гэв үү?

-Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс жил бүр нийтийн албан тушаалтнуудаас 40 гаруй мянган албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг. Үүнийгээ нууцад хамаарахаас бусад 36 мянган алба хаагчдыг ХАСХОМ цахим сайтад нийтэд хураангуй хэлбэрээр хөрөнгө орлогын мэдүүлгийг хянадаг. 40 мянган хүнээс бид жилд дунджаар 350-500 орчим албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг нарийвчилж шалгадаг.

Тиймээс 40 мянган хүнийг ард иргэдтэйгээ хамтарч шалгах зорилгоор нийтэд зарласан. 2019 оны эхний есөн сарын байдлаар 305 орчим нийтийн албан тушаалтныг нарийвчлан шалгасан. Эдгээрээс 37 алба хаагчдад сахилгын хариуцлага ногдуулахаар томилсон эрх бүхий байгууллага руу хүргүүлээд байна. Мөн дээрх 37 алба хаагчдаас найман албан тушаалтныг халах буюу нийтийн албанаас чөлөөлөх, үлдсэн алба хаагчдад сануулах цалингийн хувь бууруулах гэсэн сахилгын хариуцлагыг тооцуулсан.

Үүнээс гадна 305 алба хаагчдаас 21-ийг нь мөрдөн шалгах хэлтсээс гүйцэтгэх ажлын эцэст үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгуулахаар хүргүүлсэн. Үүнийг бүтцээр нь авч үзвэл 17 шүүгч, хоёр яам агентлагийн албан хаагч, хоёр төрийн өмчит оролцоотой аж ахуй нэгжийн алба хаагч байна.

-Нийтдээ хэчнээн төгрөгийн хөрөнгө орлогоо нотолж чадахгүй байгаа юм бэ. Хөрөнгө мөнгөний дүнг хэлэх боломж байна уу?

-Дүн бол харилцан адилгүй. Үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг нь авлигын эсрэг хуульд тухайн албан тушаалтан өөрийнхөө хөрөнгө орлогыг хууль ёсны болохоо нотолж чадаагүй, зургаан сар буюу түүнээс дээш хэмжээний цалингийн орлогыг нотолж чадаагүй бол зөрчил гэж үзнэ. Эрүүгийн хуульд зааснаар 50 нэгж буюу 50 саяас дээс хэмжээний хөрөнгө орлогоо тайлбарлаж чадахгүй бол энэ нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг гэж үздэг.

-Шүүгч нарын хувьд хөрөнгө орлогын тал дээр нэлээд анхаарал татдаг?

-2019 онд шүүгч нартай холбоотой хэд хэдэн эрүүгийн хэрэг шалгагдаж байна. Энэ хүрээнд шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлэгт чиглэсэн төлөвлөгөөт шалгалт оруулж байгаа. Энэ хүрээнд нарийвчилж шалгах шаардлага байна гэж үзээд зарим албан тушаалтныг мөрдөн байцаалтад шилжүүлсэн. Ийм ч учраас тоо өндөр дүнтэй гарч магадгүй. Одоогийн байдлаар албан тушаалтнуудын хөрөнгө нь их хэмжээний өөрчлөлт гарсан, нотлогдсон гэдэгт албан ёсны тайлбар өгөх боломж алга байна.

-Дээрх 21 албан тушаалтныг нэр дурдах боломжтой юу?

-Нэр дурдах боломжгүй. 17 шүүгчийг түдгэлзүүлсэнтэй дээрх асуудлыг шууд хутгаж болохгүй. Энд зарим дээр нь Салхитын мөнгөний ордтой холбоотой эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа албан тушаалтнууд мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлаар давхар шалгагдаж байгаа. Тэгэхээр эрүүгийн хэрэг дээр шалгагдаж байгаа зарим асуудал хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байгаа шүүгчдийн асуудлыг ялгаж ойлгох хэрэгтэй.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж