Удирдлагаа өөрчлөх шийд гаргаагүй гэж “BP” мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Удирдлагаа өөрчлөх шийд гаргаагүй гэж “BP” мэдэгдлээ

Шүүмжлэлийн бай болоод байгаа ерөнхий гүйцэтгэх захирал Тони Хейворд захирал “British Petroleum” компанийг орхих талаар эцсийн шийд гаргаагүй гэж тус компани даваа гаригийн өглөө мэдэгдлээ. “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “BP” компанид удирдлагын өөрчлөлт болох гэж байгаа болон Мексикийн булангийн осолтой холбоотой зардал хэд болж байгаа талаар олон таамаг явж байгааг бид ажиглаж байна. Энэ талаар манай компани эцсийн шийд гаргаагүй байна” гэж тус компаниас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Уг мэдэгдэлд Хейворд захирлыг нэр зааж дурдаагүй ч “аливаа шийдвэрийг зохих ёсоор нь зарлаж мэдэгдэх болно” хэмээн дурдсан байсан бөгөөд хоёрдугаар улирлын ашиг орлогоо зарлахын өмнө даваа гаригийн орой тус компанийн удирдах зөвлөл хуралдана гэж тэмдэглэсэн байна.

“Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хейворд захирлыг компаниасаа гарах гэж байна гэж бичиж байгаа ч тус компани ням гаригт “Хейворд захирал манай компанийн дээгүүр удирдлагууд болон удирдах зөвлөлийн бүрэн дэмжлэгийг авч байгаа”  гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Марк Солт “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Дөрөвдүгээр сард “British Petroleum”  компанитай гэрээтэй “Deepwater Horizon” өрөмдлөгийн цамхаг дэлбэрч 11 хүн нас барж, Мексикийн буланд АНУ-ын түүхэнд гарч байгаагүй хамгийн ноцтойгоор тос алдагдсанаас хойш Хейворд захирал шүүмжлэлийн бай болоод байгаа юм. Түүний хэлсэн зарим үг АНУ-ын олон нийтийн дургүйцэл бухимдлыг гааруулж байсан. Тавдугаар сард тэрээр газрын тос алдагдсан талаар уучлал гуйсан бөгөөд тэгэхдээ “Хэн ч үүнийг болоосой гэж хүсэхгүй шүү дээ. Тэр тусмаа надаас илүү. Би амьдралаа буцааж авмаар байна” гэж ярьсан.

Түүнчлэн Британийн “The Guardian” сонинд ярилцлага өгөхдөө тэрээр “Маш том далайтай харьцуулбал” энэ газрын тосны алдагдал “өчүүхэн” гэж ярьсан. Зургадугаар сард АНУ-ын Конгресст очиж мэдээлэл хийхэд түүнийг хоёр намынхан зэрэг шүүмжилсэн. Конгресс дахь Бүгд найрамдах намын нэг гишүүн “BP”-ын боссоос Обамагийн засгийн газар түүнд хатуу хандаж байгаад уучлал хүссэнийхээ дараа өөрөө ширүүн шүүмжлэлд өртсөн бөгөөд хэлсэн үгээ эргүүлэн өөрчлөхөд хүрсэн.

“BP” компани болон цамхгийг эзэмшигч “Transocean”, үйлчилгээний “Halliburton” компаниуд ослын талаар бие биенээ буруутгаж байгаа бөгөөд чухам хэн нь ямар буруутайг АНУ-ын олон агентлагууд болон Конгресс шалгаж байгаа. Британийн хэвлэл мэдээллүүд болон “The Wall Street Journal”, “The New York Times” сэтгүүлүүд Хейворд захирлыг бараг даваа гаригт ажлаа хүлээлгэж өгөх болно гэж Ням гаригт мэдээлж байсан. “BBC” агентлаг Хейворд захирал компаниас гарах нөхцлийн талаар тохиролцоо хийж байгаа бөгөөд албан ёсоор ажлаас гарах шийд 24 цагийн дотор гарах шинжтэй байна гэж мэдээлж байсан юм. “BP” компани түүний оронд Роберт Дудлей хэмээх Америк гүйцэтгэх захирал томилох гэж байна гэж “The New York Times” сонин ням гаригийн орой мэдээлсэн.

Хейворд захирал тус компанид 28 жил ажилласан бөгөөд 2007 онд гүйцэтгэх захирал болсон. Ажлаас гарч байгаатай нь холбоотойгоор “BP” компани түүнд тийм ч их бонус, мөнгөн шагнал өгөхгүй байх гэж шинжээч нар “CNN” агентлагт ярьсан. “Тэр ганц жилийнхээ цалинг бүтнээр нь авч чадвал азтай гэж тооцож болох юм. Тэгсэн ч гэсэн зарим нөхцөл дагалдаж магадгүй” гэж “The Corporate Library”-гийн ахлах судлаач Пол Ходгсон ярьсан байна. Хейворд захирлын цалин болон бонус нь нийлээд 3.158 сая паунд /4.87 сая ам.доллар/ болсон гэж тус компанийн 2009 оны жилийн тайланд өгүүлжээ. Тэрээр мөн жилийн тэтгэмж 584,000 паунд (901,000 ам.доллар) авах болно. Үүнээс гадна өнгөрсөн оны 12 сарын 31-ний байдлаар тэрээр тус компанийн 535,000 хувьцаа эзэмшиж байсан бөгөөд тэр нь ойролцоогоор 212 сая паунд буюу 327 сая ам.долларын үнэтэй юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж