Чуулган: Дубайн гэрээг шийдэх эрхийг Засгийн газарт өглөө

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Дубайн гэрээг шийдэх эрхийг Засгийн газарт өглөө

16 : 15
2019-11-21

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгоно

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлсэн. Тус тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг нь баталснаар анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Одоогоос 30 жилийн өмнө нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хуульт ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгосон билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг улс төрийн эрхээ эдлэх үйл хэрэг нь Монгол Улсын түүхэнд байгаагүй өөрчлөлт шинэчлэлт байв. Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжих үйл явц шулуун дардан байгаагүй, саад бэрхшээл, сорилт олныг даван туулж ирсэн. Энэ түүхэн үйл хэргийг санаачилсан, баталгаажуулсан, бэхжүүлсэн, ардчилсан тогтолцоог цогцлон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг медалиар Монгол Улсын Ерөнхийлөгч шагнаж байв.

Ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон үйл явдал гэдэг утгаараа нийт ард түмний баяр юм. Бид олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийж, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн үнэ цэнийг үнэлэн дүгнэж, Монгол орны түүхийг бодит үнэнээр нь баталгаажуулах, бэхжүүлэх, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу "Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлснийг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Тогтоолын төсөл нь 3 зүйл, 2 хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд монгол хүн бүрийн нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон Монгол орны түүхийг бодит нь баталгаажуулах, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах үйл явц болно гэж үзэж буйгаа хууль санаачлагч онцоллоо. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль нь Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Хуулийн төслийг дэмжиж байна. Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэт хөдөлгөөн гээд тухайн үед монголын ард түмэн өөрчлөлт хийж үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх гэх мэт олон эрхийг олж авсан. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг хэн авах юм гэдгийг тодруулмаар байна. С.Зориг агсныг амь насаа алдсанаас хойш ардчилал анархизм руу явсан. Анархизмийн дээд хэлбэр нь өнөөдөр хэрээс хэтэрч байгаа. Ямар шалгуур хангасан хүнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг өгөх вэ. Хоосон медаль өгмөөргүй байна, Дагалдуулж мөнгө төгрөг өгөх үү. Хоосон медаль хэрэггүй шүү.

УИХ-ын гишүүн Санжмятав:

Олон талын шалгуурыг хангасан хүнийг шагнах ёстой. Хууль батлагдсаны дараа шагналыг эзэнд нь зөв олгох чиглэлээр холбогдох газрууд нь онцгой анхаарах байх. Энэ шагналыг Ерөнхийлөгч зарлиг гаргаж шийдвэрлэх учраас Ерөнхийлөгчийн институт шалгуурт онцгой ач холбогдол өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалийг бий болгох тухай тогтоолыг тухайн үед хэлэлцэж байхад нь дэмжсэн. Ардчиллын үнэ цэнийн тухай бидний ойлголт гажуудах тал руугаа орох гэж байгаад сэтгэл зовниж явдаг. Ардчиллын 30 жилийн хугацаанд бидэнд алдаж, оносон зүйл олон байгаа байх. Гэхдээ Монголчуудын сонгож авсан ардчиллын замыг алдаагүй гэж би боддог. Ардчиллыг улам гүнзгийрүүлж, үнэт зүйлийг нь хамгаалах, ардчиллын зарчмуудыг төгөлдөржүүлэхэд эргэж буцаж, хөрвөж байгаа асуудал бий. Монголчууд ардчиллын үнэт цэнийг бууруулахгүйн төлөө явах ёстой. Ардчилсан ёсны гол баталгаа нь парламентын засаглал. Ардчиллыг зөв голдрилоор нь авч явахад парламентын ардчилсан тогтолцоог төгөлдөржүүлэх асуудал чухал байна. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг бий болгохдоо ч дээрх асуудлыг бодох ёстой. Иргэн бүр эрх чөлөөтэй байхад үүрэг хариуцлагаа яаж ухамсарлах вэ гэдгийг давхар бодох шаардлагатай.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

Энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталж өгөхийг АН-ын зөвлөлөөс хүсч байна гэсэн юм. Үүний хариуд УИХ-ын гишүүн Г.Занданшатар байнгын хорооны анхны хэлэлцүүлэг дээр энэ саналаа гарга гэсэн юм.  

Үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

12 : 16
2019-11-21

"Оюутолгойн гэрээг би эсэргүүцэж байхад Ц.Даваасүрэн, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ нар дэмжиж чуулганд оролцсон байсан

Чуулган Занданшатар

УИХ-ын хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дууслаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

Энэ үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

УИХын гишүүн Ц.Даваасүрэн:

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хууль зөрчиж, хоёр асуудлыг зөрчсөн байдаг юм. Нэг нь, Эрдэнэтийн 49 хувийг мөн УИХ-тай зөвшилцөхгүйгээр шийдчихсэн. Дубайн гэрээ мөн адил. 4.7 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-тай зөвшилцөхгүйгээр Дубайд очоод байгуулчихсан. Гэтэл орж ирсэн энэ тогтоолын хоёрт нь хууль бус төлөвлөгөөг хуульд нийцүүлэн сайжруулсан гэсэн байна. Оюутолгойн гэрээг би анхнаас нь эсэргүүцэж байсан хүний нэг нь. Одоо ч гэсэн байр сууриндаа хатуу зогсоно. Ингэлээ гээд надад ямар ч хариуцлага оногдуулж болно. Монгол Улсын эрх ашгаас урвасан хэдэн хүнийг алдааг би хэзээ ч зөвтгөж чадахгүй.

“Turquoise Hill Resources” Монголын баялгийг барьцаалж, хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгочхоод, тэр мөнгөө буцаагаад манайд зээлүүлчихсэн. Энэ чинь луйвар биш өөр юу юм. Өнөөдөр энэ зээлд төлж байгаа хэмжээ нь манайд татвар төлж байгаа төлбөрөөс нь өндөр. Хэрэв шударга шүүх гэж байдаг бол энэ нь цэвэр дээрэм.  Гүний уурхайд 2 тэрбум ам.доллар ороогүй, энийг шалгах хэрэгтэй. Анхны хөрөнгө оруулалтаа шууд эндээс авчихсан учраас айлын талд одоо алдах юм байхгүй. Цаг хугацаа тэднийг шүүнэ. Оюутолгойн асуудлыг гадаад талаас айж шийдэж болохгүй. Цэвэр луйврын хэлэлцээр болсон.

УИХын гишүүн Б.Баттөмөр:

Оюутолгой орд газрыг ашиглахтай холбоотой УИХ-ын даргын захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулж байгуулсан. Тус ажлын хэсэг 86 дүгнэлт гаргаж, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан. Үүний дараа нь буюу 86 дүгнэлтэд тулгуурлан УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг надаар ахлуулж, 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр өнгөрөгч зургадугаар сарын 03-ны өдөр байгуулсан. 86 дүгнэлтийн хүрээнд бид ажилласан. Нийт есөн төрлөөр тогтоолын төсөл боловсруулж, ес дахь хувилбарыг УИХ-д өгсөн. Мөн Засгийн газар, ҮАБЗ-ийн саналыг аваад дахин оруулж ирсэн. Дубайн гэрээ Монгол Улсын олон хууль, тогтоомжийг зөрчсөн нь үнэн. Үүнийг өмгөөлж хамгаалаад байгаа зүйл огт байхгүй. Тогтоолд нийцүүлэн сайжруулах гэж бий. Сайжруулах гэдэг үгийг ярилцаж байгаад авч болно. Төсөл хэрэгжээд 10 жил болж байна. Төслийг сайжруулах чиглэлд явах болов уу гэж бодож байна. Д.Тэрбишдагвын ахалсан Ажлын хэсгийн дүгнэлтийн 1.12-т хууль тогтоомжийг зөрчсөн учраас Дубайн гэрээг хүчингүй болго гэсэн санал байгаа. Гэрээг сайжруулж, шинэчлэл хийх, зээлийн хүүг бууруулах, менежментийг сайжруулах, дагалдах элементийн асуудлыг авч үзээд ТЭЗҮ-ийг дахин хийх саналыг Оюу толгойгоос Засгийн Газарт өгсөн юм билээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

Бидэнд алдаатай зүйлс бий. Гишүүд энэ асуудалд өөрсдийнхөө сул талыг бага ярьж алдааг яаж засаж сайжруулах уу гэдэг талаас нь яриасай гэж хүсч байна. Ажлын хэсгийн гишүүн болсноос хойш Рио-Тинто компанийн талаас уулзъя гэж маш олон удаа и-мэйл болон таньж мэдэх хүмүүсээр дамжуулж утсаар ч холбогдсон. Би нэгэнтэй нь ч уулзаагүй. Бид нэг цонхны бодлоготой байх ёстой. Тэгэхгүй бол бидний ярьсан зүйл дээр айлын талаас ажиллаад байгаа тал байна шүү. Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын талаас гурван хүн ажилладаг. Энэ хүмүүс маш муу ажиллаж байгаа. Тэдний идэвхтэй байр суурь нь ажиглагдахгүй байна. Би энэ төслөөс хувь хүртэх бус сүүлдээ өрөнд орж байна. 34 хувийг эзэмшдэгийнхээ төлөө өрөнд орж болох уу. Мөн сая шүүх дээр юу болов уу. Засгийн газрын итгэмжлэгч төлөөлөгч нь үүнд тайлбар өгөөч.

ЗГХЭГын дарга Л.ОюунЭрдэнэ:

Асуудалд нэг цонхоор харах гэдэгтэй санал нэг байна. Гишүүд айлын талаас уулзъя гэсэн санал болгоныг хүлээж аваад дээр, дооргүй уулзаж, тал талаас утасдахаа болих хэрэгтэй. Өнөөдөр УИХ-аас шийдвэр гарч, Засгийн газар ажлаа хийх боломжийг олгох ёстой. Өнгөрсөн хэдэн сард хэлцэл хийх боломжгүй нөхцөл байдалтай явж ирсэн. Нэг цонхтой холбоотой асуудлыг цаашид хаана хаанаа бодох ёстой. Албаны хүмүүс, Засгийн газрын харьяа агентлагийн дарга нарт ч би анхааруулсан. Эрх бүхий салбарын сайд болон төлөөлж байгаа Засгийн газраас бусад нэг ч хүн албан бусаар уулзалт хийхийг хориглож байгаа. Засгийн газрын шийдвэр тогтоол болон захирамжийн шинжтэй байж болно гээд заачихсан. Гэхдээ Засгийн газрын явж ирсэн өмнөх нийтлэг жишгээр өндөр дүнтэй гэрээ, хэлцэлтэй холбоотой аль эсвэл хөрөнгө шийдэгдэхтэй холбоотой асуудлууд Засгийн газрын тогтоолоор албажих ёстой. Бүх яамнаас санал авах ёстой. Энэ процедургүйгээр Дубайн гэрээг байгуулсан гэж үзэж болохоор байгаа. Шүүхийн шийдвэр нь ч гарсан. 12 хоногийн дараа шүүхийн захирамжийг бичгээр албажуулж авна. Үүний дараа ярилцаж байгаад цаашид хэрхэхээ шийдвэрлэнэ.

Оюутолгой ХХКийн ТУЗийн дарга Ц.Түмэнцогт:

Монголын талыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гурван гишүүний хувьд ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар дээд байгууллага буюу Эрдэнэс Монгол компаниас удирдамж авч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, зардлын хэтрэлт, эрчим хүчний асуудал, өгөөж дээшлүүлэх, хүүг бууруулах талаар ажиллаж эхэлсэн. Өгөөж бол татвар ногдол ашгаар авахаар байгаа. Тиймээс гэрээнд заасан өгөөжөөс гадна Монголын талын өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Хамгийн чухал нь Эрчим хүчийг Монголоос хангуулах. Алсдаа нэмүү өртөг шингээх төслүүдийг яамтай хамтран хийж байгаа. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн асуудал байгаа. Энэ үйлдвэр баригдсанаар дотроо боловсруулж, цэвэршүүлэх ажил хийгдэнэ. Бэлтгэн нийлүүлэх ажлыг Монгол компаниудаар хийлгэхэд бид анхаарч байгаа. Төслийн хүрээнд орж ирж байгаа 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудаас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад зарцуулагдаж байна. Төслийг урт хугацаанд өгөөжийг харсан бодлогыг "Эрдэнэс Монгол" барьж ажиллаж байна. Томоохон асуудлуудыг ЗГХЭГ-тай байнга хамтарч ажиллаж байгаа.

УИХын гишүүн А.Сүхбат:

Говийн газрын доорх усан дээр бид бодлоготой хандах хэрэгтэй. Энэ ус бол газрын доорх баялаг шиг дахин сэргээгдэхгүй ус. Усны хэрэглээ дээр ямар бодлого барьж байна вэ?

"Эрдэнэс Оюутолгой" компанийн захирал Ц.Түмэнцогт: 

Оюутолгой компани 16.9 тэрбум төгрөгийг усны төлбөрт төлсөн байдаг. Ашигласан усныхаа 90 орчим хувийг дахин ашигладаг. Цаашдаа гадаргуугийн усыг ашиглахад бэлэн байгаа. 

БХБ-ын сайд Х.Баделхан:

Оюутолгойн төсөвт оруулах мөнгө нь "Эрдэнэт"-ээс бага байгаа. Үүнийг олон түмэн мэдэж байгаа. Тиймээс энэ гэрээг засч сайжруулах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Гадаадын үндэстэн дамнасан том компаниуд жижиг орныг, дээр нь улстөрчид нь ашиг сонирхлын зөрчилтэй ийм улсуудын урьд нь ороод хөтөлчихдөг юм билээ. Гар хөлүүд нь хуульд эвтэйхэн шургуулчихдаг. Яаж одоо урьд гарах уу гэдгийг ярих ёстой. Баялгийнхаа эзэн болоход юунаас нь айгаад байдаг юм бэ. Хайгуулын зардалд 150 сая ам.доллар тохиорсныг нь 750 сая ам.доллар болгоод биччихсэн байх жишээний. Далд уурхайн бүтээн байгуулалтад дахин хөрөнгө шаардлагатай болсон.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний зардлыг нөхсөний дараа 2024 оноос Монгол Улс 50-иас дээш хувийг эзэмших хүлээлт байсан. Явцдаа байгуулсан нийт есөн гэрээнээс хоёр нь мөнгө зээлсэн гэрээ. Хамгийн сүүлд Дубайн гэрээг аваад үзэхэд Монгол Улс 2041 он гэхэд үлдэж байгаа 16 хувийг худалдаж авах ийм л нөхцөл байдал үүссэн. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хэрээр Монголын талын ашиг хүртэх хугацаа нь хойшлогдоно. Хувьцааны санхүүжилт, зээлийн санхүүжилт гэж хоёр зүйл бий. Хувьцааны санхүүжилтэд дандаа зээлээр хийгдсэн байдаг. Дэлхийн 15 том банкнаас зээл авсан. Засгийн газар айлын талтай сайн ярилцах ёстой. Баталгааны шимтгэл авч байгаа нь мөн асуудал. Монголын талын төлөх өр лайбертайгаа нийлээд 9.2 хувийн хүүтэй төлөх өр нь өссөөр байгаа. ТЭЗҮ таван жил тутамд шинэчлэгдэх учиртай. Жилд 5500 тонн зэс гаргана гэвэл үндсэндээ 70 жилийн нөөц байна гэсэн үг. Энэ нөөц өсөх магадлал өндөр бий. Жилд 20 тонн алт гаргана гэвэл 2015 оны ТЭЗҮ-ээр 1100 тонн гэж үзэхээр 55 жил ашиглах нөөц байна. Мөн нэмэгдэх магадлалтай. Ирэх 2020 онд ТЭЗҮ-г шинэчлэх үүргийг Засгийн газарт өгч байгаа. Дубайн гэрээнд зургаан тэрбум ам.долларыг босгоно гэж заачихсан. Үүнээс 4.3 орчим тэрбум ам.доллар зарцуулагдсан гэсэн мэдээлэл бий.

Ажлын хэсэг:

Анхны ил уурхайн бүтээн байгуулалт дээр ТЭЗҮ-р орсон зардал нь 1 тэрбум ам.доллараар хэтэрсэн байна. Таны анх хэлсэн өссөн дүн гэж байгааг нарийвчлан тодруулаад танд бичгээр хүргэе.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

Тогтоолын төслийг дэмжиж байна. Оюутолгойн нөөц дуусах хүртэл бараг 100 жилийн мөнхийн хэрүүл болох нь л дээ.

УИХ, Засгийн газар алдаа завхралыг засч залруулж, цаашид зөв голдрилд нь оруулах эрхэм үүргийг хүлээлээ. Бид дутуу дулимаг хийх юм бол цаашид үргэлжлэх попролтын сэдэв болно. Тогтоолын төсөл харьцангуй сайн болсон гэж үзэж байна. ҮАБЗ хуралдсан. Хуралдаанаар Оюутолгойн төсөлд Монгол Улсын баримтлах байр суурийг зөв, оновчтой чиглэлд өгсөн байна. Тогтоолын төслийн гуравдугаар зүйл дээр хоёр тал тохиролцоод анхны Оюутолгойн гэрээг засч сайжруулах боломж байна гэсэн дээр би анхаарч байна. Бид үүн дээр фокуслаад алдааг нь засах хэрэгтэй. Бид үндсэндээ нэг тэрбум ам.долларын өртэй. Үүндээ 34 хувиа өгөөд эргүүлээд гэрээнд өөрчлөлт оруулаад онцгой рояалти таван хувийг нэмээд үндсэндээ рояалтийг 10 хувь болгох боломж байна. Тэгэхээр тухайн үеийн Лондонгийн биржийн ханшаар бодож авбал жилд үйл ажиллагаанд хугацаа алдахгүйгээр 70-80 хувийн ашиг хүртэх боломж байна. Ингэж л асуудлыг шийдвэрлэхгүй бол хэрүүл хэзээ ч дуусахгүй. Засгийн газар энэ чиглэлд анхаарал хандуулахыг хүсье. ТЭЗҮ-г хэн ч хянаж чадахгүй байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Анх Оюутолгой төслийн гэрээ байгуулагдахад Улаанбаатар хотын гудамжаар дүүрэн талхны зурагтай рекламууд нь тавигдсан. Энэ талхны 70 хувь нь Монголчуудад очно, 30 хувь нь хөрөнгө оруулалтын талынх гэсэн том реклам гарч байсныг бүгд санаж байгаа байх. Гэрээ зурагдаад 10 жил боллоо, талхны 70 хувь бидэнд ирсэн эсэхийг харах хэрэгтэй. Тоонуудыг бодитоор харж бид хэлэлцээний ширээний ард суух цаг нь болсон. Монголчууд 1.4 тэрбум ам.доллартай өрөнд орсон. Өдөр бүр өр үйлдвэрлэдэг хувьцааны эзэд болсон байна. Уг нь бол хувьцаа эзэндээ ногдол ашиг авчирдаг байх ёстой. Гэтэл хувьцааны эзнээ өдөр бүр өрөнд оруулдаг ийм хувьцааны эзэд яагаад бид болчхов гэдгийг яримаар байна.

Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 5.3 ам.доллартай тэнцэнэ гэж байсан ч одоо энэ нь хоёр дахин ихсээд 11.1 тэрбум ам.доллар болчхоод байна. Хамгийн том хөрөнгө оруулагчтайгаа татварын маргаанд орсон. 2010-2012 онуудын санхүүгийн тайланд 3.2 тэрбум ам.доллартай тэнцэх санхүүгийн зөрчил гарсан байна гээд ажлын хэсгээс дүгнэлт гаргасан. Мөн менежментийн төлбөрийн асуудал. Монголчуудын талд энэ төлбөр нь маш сөрөг нөлөө үзүүлж байгаа. Энэ нь цаашид 2 тэрбум ам.долларт хүрэх юм билээ. 2023 онд хүртэх байсан бидний ашиг хүртэх хугацаа 2041 он болж хойшлогдчихсон. Хэрэв хөрөнгө оруулалт нь нэмэгдэх юм бол хугацаа улам хойшилно. Хөрөнгө оруулагч тал гэрээгээ огт биелүүлэхгүй байгаа. Жилд 130-140 сая ам.долларыг зөвхөн эрчим хүчинд төлж, Хятадад алдаж байна. Уг нь хөрөнгө оруулалтын гэрээгээр аль хэдийн эрчим хүчний станцаа барьчихсан байх байсан.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Бид тоотой ярих ёстой гэдэг нь үнэн. Цээжнийхээ бангаар олон юм ярьж хэрэггүй. Тоотой үндэслэлтэй ярих ёстой. 11.1 тэрбум ам.долларын өнөөдрийн өрийг авч үзвэл 2041 онд Монгол Улс 16 хувийг нь л худалдаж авна. Хэрэв цаашид хөрөнгө оруулалт нь нэмэгдвэл 2018 он болж хойшлогдоно. 2009 онд байгуулсан анхны гэрээнд 2013 онд Тавантолгой ордыг түшиглэж цахилгаан станц байгуулна гэж заасан. Гэтэл энэ заалтаа дунд нь хүчингүй болгоод мөнхийн урд хөршөөс эрчим хүч худалдаж авахаар болгосон. Өнөөдөр анхны гэрээний заалт хэвээрээ. Жилд 200 гаруй сая ам.долларыг эрчим хүчинд зарцуулж байгаа. Сүүлд энэ мэдээллийг тодруулж асуусан. Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн мэдээллээр Оюутолгой компани цахилгаан станц барихад 1 тэрбум ам.доллар хэрэгтэй, зөвхөн станцын шугамыг барихад 300 сая ам.доллар ингээд нийтдээ 1.3 тэрбум ам.долларын хөрөнгөөр цахилгаан станц барих юм байна лээ. Гэтэл адилхан тэнд нь 1.3 дахин бага үнээр буюу 500 сая ам.доллараар станц барих саналаа Монголын компани өгсөн байсан. Татварт мөн асуудал их байгаа. Жил бүр татварын маргаан гардаг.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

Ажлын хэсэгт орж ажилласан. Нийт 86 төрлийн үүрэг, чиглэл бүхий дүгнэлттэй танилцаж санал байр сууриа илэрхийлсэн. Тогтоолын төслийн тав дахь заалтад говийн бүсийн гүний уурхайг ашиглах нөхцөлийг харгалзан тогтооно гэсэн асуудал тогтоолын төслийн хамгийн чухал нь гэж харж байна. Газрын доорх ус, говийн газрын доорх ус нөхөгдөшгүй том баялаг. Алт эрдэнэсээс илүүтэй. Цаашид уул уурхайн компаниуд говийн бүсэд үйл ажиллагаа явуулахад нэн түрүүнд анхаарах ёстой асуудал нь говийн гүнийн ус. Мөн төслийн долдугаар хэсэгт байгууллагын чадамж болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх талаар тусгагдсан нь маш зөв. ОТ төсөл хэрэгжсэнээр монголын залуус олон улсад төдийгүй дэлхийд, уул уурхайн салбарт удирдаж ажиллах боломжийг бүрдүүлж чадсан. Монголын шилдэг сэхээтнүүд ажиллаж байгаа. Бид дэлхийн тавцанд томоохон уул уурхайг удирдан ажиллах боломжийг өнгөрсөн 10 жил  бүрдүүлж чадсан. УИХ-ын даргаас тодруулж асуухад тухайн үед буюу 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулахад та УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Тухайн үед гишүүн байсан хүмүүс 34 хувьтай холбоотой мөн 57 дугаар тогтоолтой холбоотой асуудалд ихэд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайн үед УИХ-ын байр суурь ямар байсан юм бэ. УИХ-ын дарга та тэр үед ямар байр суурьтай байсан бэ, одоо байр сууриндаа хэвээр үү гэдгийг асуумаар байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

2008 оны арванхоёрдугаар сард УИХ 40-р тогтоолыг баталсан. Энэ тогтоолд 4-5 заалт байсан. Монгол Улс 34 хувь эзэмших, бүтээгдэхүүн хуваах зарчим, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж боловсруулах зэргийг тусгасан тогтоол байсан. Тиймээс би 40-р тогтоолыг дэмжиж байсан. Харин 57 дугаар тогтоолыг батлахад нь би дэмжээгүй, оролцоогүй. Энэ тогтоолоор Оюутолгойн гэрээг батлах зөвшөөрлийг Засгийн газарт өгсөн. Энэ гэрээ алдаатай, бодитой бус байна гэж үзсэн учраас тогтоолыг батлахад оролцолгүйгээр эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэр тогтоолыг батлахад оролцсон гишүүд болох Ц.Даваасүрэн, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ нар дэмжиж оролцсон байдаг. Нэгэнт байгуулагдсан гэрээний үр ашгийг сайжруулах агуулгаар  2008 онд захирамж гаргасан байдаг. Одоо хэлэлцэж буй энэ тогтоол нь Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг сайжруулах, дөрөв, гурав, хоёрдугаар заалтуудыг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх чиглэлд том ахиц болсон ажлын хэсгийн дүгнэлт орж ирсэн гэж үзэж байгаа.

11 : 14
2019-11-21

С.Даваасүрэн, Н.Баяртсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Н. Баяртсайхан Монгол банкны ерөнхийлөгч

Чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжлээ.

Энэ үеэр зарим гишүүн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Бусад улсыг харахад Төвбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь тогтвортой ажилладаг албан тушаалууд. Нэгийг нь улс төрийн мөчлөгөөс зөрүүлж, зургаан жилийн хугацаагаар томилдог. Ингэснээр банк санхүүгийн салбарын бие даасан байдал руу халдахгүй байх, ялангуяа мөнгөний бодлогыг тогтвортой байлгахад чиглэгддэг. Гэтэл одоо мөчлөгдөө хүрэхгүй солигдож байна. Би үүнд санаа зовж байна. Хөгжингүй орны төв банкны удирдлага солигдоод байдаггүй. Гэтэл манайх эсрэгээрээ байх юм. Монголбанкны ерөнхийлөгч 15-20 минутын мэдээлэл хийх хүсэлтээ байна гэдгээ илэрхийлсэн байна. Мөн цаашдаа манай улс юун дээр анхаарах вэ гэдгийг маш сайн бичсэн байна. Банкны удирдлагуудыг хурдан, хурдан сольж байгаа нь мөнгөний ханшны хэлбэлзэлд нөлөөлж байна. Биднийг тосон ирж байгаа эдийн засгийн хүндрэлүүдийн үед банкны ерөнхийлөгч солигдож байгаатай холбоотойгоор мөнгөний донсолгоо гаргахгүй байх боломж бий юү?

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

Эдийн засгийн байнгын хороон дээр ийм асуултыг гишүүд асууж байсан. Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн өргөдөл дээр дурдсан асуудлууд байгаа нь үнэн. Хамгийн түрүүнд хариуцлагын асуудал байх ёстой гэдийг байнгын хорооны гишүүд хэлж байсан. Энэ зөвхөн саарал жагсаалттай холбоотой асуудал биш. Арилжааны банк дампуурсан, төр, иргэдийн мөнгийг эрсдэлтэй байдалд оруулсан, гишүүдээс гаргасан санал гээд маш олон үндэслэлээр хариуцлагын асуудал хөндөгдсөн. Өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн. Банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн солигдсоноор зах зээл дээр донсолгоо үүсэхээс сэргийлж ажиллаж ёстой. Цаг хугацаа алдах, оновчгүй томилгоо хийхгүй байх тал дээр Их хурал анхаарч ажиллах ёстой.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

Би хувьдаа их харамсаж байна. Н.Баяртсайхан өөрийн өргөдөлдөө үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлж байсандаа баяртай байна гэж байна. Би ч нэр төртэй биелүүлсэн гэдэгт санал нэг байна. FATF-ын дөрвөн зөвлөмжийг биелүүлээгүй гэдэг шалтгаанаар саарал жагсаалтад оруулсан. Энэ дөрвөн асуудлын аль нь ч Монголбанктай холбоогүй байгаа. Бусад байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар саарал жагсаалтад орсон. 2016 онд Монгол Улс дампуурлын ирмэг дээр ирсэн. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд, Н.Баяртсайхан дарга дампуурлаас гаргах ажилд гар бие оролцож байсан. Ийм нөхцөл байдлаас аварсан хүмүүстээ хариуцлага тооцно гэж яриад байх юм. Өмнө нь Н.Баяртсайхан ерөнхийлөгч ил захидалдаа асуудлаа яръя гэж байсан. Гэтэл яагаад яриулахгүй байгаа юм бэ. Асуудал мэдэж байгаа хүмүүсээсээ асуусан дээр юм биш үү. Шахсаар байгаад өргөдлийг нь өгүүлсэн байж таарна. Эдийн засагт нэлээд ахиц дэвшил гарч байгаа. Валютын нөөц сүүлийн хоёр жил дөрөв дахин өссөн. Алдагдал 1.5 их наядаар буурсан. Төрийн мөнгөний бодлогыг их хурал баталдаг. Мөнгөний бодлоготой холбоотойгоор хариуцлага тооцож байгаа бол буруу шүү.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

Эдийн засгийн өсөлт, валютын нөөц нэмэгдсэн нь дан ганц төв банкны ерөнхийлөгчийн хийсэн ажил биш. Олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

ҮАБЗ-ийн хаалттай хуралдаанаар Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдээллийг сонссон. Нэлээд дэлгэрэнгүй сонсож ярилцсан. Эдийн засгийн өсөлтүүд, төсвийн алдагдал буурсан олон эерэг үзүүлэлт байгаа боловч саарал жагсаалтад орсон нь банк санхүүгийн байгууллагын хяналт шалгалттай холбоотой асуудал гэдгийг олон хэлсэн. Тиймээс өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

10 : 39
2019-11-21

СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

image
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд өмнө нь асуулт асууж, үг хэлж дууссан байсан тул Санхүүгийн зохицуулах хорооны даргыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлье гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 60.5 хувийн саналаар дэмжигдлээ. Үүгээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.
 
Дараа нь Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлын хэлэлцэж эхэллээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан  өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Даваа гаригт УИХ-ын даргад өгсөн байна.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж