Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 11-р сарын 20-ны өдөр Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын (GGGI) ерөнхий захирал Франк Райсберман-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол Улстай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн цар хүрээг өргөтгөх, тус байгууллагаас баталсан 2015-2020 оны үйл ажиллагааны чиглэлд хэрэгжүүлж байгаа зарим төслийн талаар ярилцав. “Ногоон-эко” амьдралын хэв маяг хэвшүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөг бууруулах, агаарын бохирдол түүнээс иргэд өөрсдийгөө хамгаалах, ус, эрчим хүчээ хэрхэн хэмнэх, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг энгийн ойлголтыг олон нийтэд түгээн сурталчлах, ногоон эдийн засгийг хэрхэн дэмжих асуудлаар санал солилцов.
Ноён Ф.Райсбэрман нь тус олон улсын байгууллагын Ассамблейн дарга Бан Ки Муны мэндийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт уулзалтын үеэр дамжуулав. Түүнчлэн хоёр тал Улаанбаатар хотын төвийн хэсгийн барилга, байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах, тэдгээрийг “ногоон-эко” болгох чиглэлээр хамтран ажиллахаар болов.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ