Бодибилдинг фитнессийн 11 дэх удаагийн ДАШТ арваннэгдүгээр сарын 5-11-ний өдрүүдэд БНСУ-ын Чэжү арал дээр болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Монголын бодибилдинг фитнессийн холбооны 16 тамирчин амжилттай оролцож, дөрвөн алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, эх орондоо ирээд байгаа билээ. Тэдний нэг дэлхийн аварга Б.Хүсэлтүвшинтэй ярилцлаа. Тэрбээр эрэгтэй атлетик 182 см ангилалд өрсөлдөж, алтан медалийн эзэн болсноор ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болоод байгаа ажээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
-Уншигчдынхаа өмнөөс дэлхийн аварга болсонд нь баяр хүргэе. Бодибилдинг фитнессийн ДАШТ-д амжилттай оролцож, төрийн дууллаа эгшиглүүлж чадлаа. Дэлхийн аварга болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Юуны өмнө намайг зочноор урьж, ярилцаж буй та бүхэндээ баярлалаа. Бодибилдинг фитнессийн 11 дэх удаагийн ДАШТ арваннэгдүгээр сарын 5-11-нд БНСУ-ын Чэжү аралд болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 38 орны тамирчин оролцсон. Азийн зарим нэг улс орнуудад улс төрийн үймээн самуун гарсан учраас тэмцээнд оролцож чадаагүй. Гэхдээ ДАШТ чанартай, өндөр зохион байгуулалттай болсон.
Манай улсын баг тамирчдын хувьд 16 тамирчин, хоёр олон улсын шүүгч, хоёр албаны хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон. Тамирчид маань өндөр амжилт гаргаж, дөрвөн алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, эх орондоо ирлээ. Монголын бодибилдинг, фитнессийн үе үеийн тамирчдын туршлага нэмэгдэж, улам туршлагажиж, тамирчид өөрсдийн гэсэн арга барилтай, шинжлэх ухаанчаар ханддаг болсон байна.
-Анзаараад байхад хүмүүс гоё биетэй болохын тулд бодибилдинг фитнессээр сонирхон хичээллэдэг юм шиг. Хэд дэх жилдээ бодибилдинг фитнессээр хичээллэж байна вэ?
-Би өмнө нь гардан тулааны спортоор 13 жил хичээллэсэн. Самбо, кикбокс, каратэ, сүүлдээ мэргэжлийн боксын спортоор хүртэл хичээллэж байсан. Гардан тулааны спортоор хичээллэхэд гэмтэл, бэртэл ихээр авдаг учраас сүүлдээ гэмтлээ дийлэхээ байсан. Тэр бүх гэмтлээ эдгээхийн тулд фитнессийг сонгон хичээллэх болсон. Одоо фитнессээр хичээллээд таван жил болж байна.
Миний хувьд 15 настайдаа анх каратэгаар хичээллэж байхдаа “20-25 насандаа Монголын хамгийн гоё биетэй залуу болно” гэж хүсдэг байсан. Тэрийгээ дагаад мундаг боловсролтой хуульч мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байлаа. Энэ хоёр мэргэжлээ одоо ч орхилгүйгээр ажиллаж, хичээллэж байна. Хүн ирээдүйд хүрэх зорилгынхоо жанжин шугамаа гаргачихвал яг тэр зорилго руугаа зориход илүү амар байдаг. Тэгэхийн тулд өөрөөсөө “Чи үнэхээр энийг хийхийг хүсч байна уу, зорилго чинь мөн үү” гэдгийг асуух хэрэгтэй. Тэгж чадвал хүсэл мөрөөдөл чинь хэзээ нэгэн цагт биелнэ. Тэр зорилго нь том, жижиг байх нь хамаагүй зорилгодоо үнэнч байх л хэрэгтэй.
-Сайхан эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Үзэл бодолдоо үнэнч, хамт байгаа хүмүүсээ хайрлаж, урам өгч чаддаг, ноён нуруу сайтай, халамжтай, түшиг тулгууртай хүнийг л сайхан эр хүн гэнэ. Зарим хүүхэн шиг эрчүүд байдаг шүү дээ. Гэхдээ сайхан эрчүүд ч гэсэн олон байна. Миний хайртай хэдэн найзууд минь байна. Би хүнийг сайн харж байж нөхөрлөдөг. Зарим эрчүүдийн хувьд бараг танихгүй байж хүнийг “Андаа” гэж дууддаг нь таалагддаггүй. Энэ үг хамгийн хямд пялдага үг шиг санагддаг. Яг нөхөрлөөд насан туршийн найз гэсэн хүнээ л тэгж дуудах эрхтэй гэж боддог. Энэ бол миний л үзэл бодол л доо.
-Дэлхийн аварга Б.Хүсэлтүвшиний өмнөх амжилтууд гэвэл?
-Би өмнө нь 2015 онд Монгол Улсад 24 жилийн түүхэнд ирсэн анхны хэдэн медалийн нэг болох ДАШТ-ээс мөнгөн медалийг авч ирж байсан. Гурван жилийн дараа дахин ДАШТ-нд оролцож, классик бодибилдингийн төрлөөр хүрэл медаль хүртсэн. Тэгээд хоёр жилийн дараа ДАШТ-нд оролцож, алтан медаль авч чадлаа. Анх Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авахад л “Надад шанс байгаа юм байна.
Би илүү хичээж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өргөж, төрийн дууллаа эгшиглүүлнэ” гэдэг зорилгыг өөртөө тавьж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл ДАШТ-ээс алтан медаль авахгүй л бол санаа амрахгүй байсан. Тэгээд л өнөөдөр ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай тамирчин гэж дуудуулах сайхан байна.
-Хуулийн чиглэлээр мэргэжилтэй гэлээ. Цагдаагийн албанд ажилладаг уу?
– Би багаасаа л хуульч болохыг хүсдэг байсан. Өмнө нь цагдаагийн албанд ажиллаж байсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба болон нийслэлийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээчээр ажиллаж байсан. Энэ ажлаа нэг хэсэг ажиллаж байгаад одоо өмгөөллийн чиглэлээр ажиллаад хоёр жил болж байна.
-Тамирчин хүний хувьд сэтгэл зүй маш чухал шүү дээ. Тэмцээнд орохдоо сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Тамирчин хүн сэтгэл зүйгээ богино хугацаанд бэлдэх юм бол сэтгэл зүй багатай, төвлөрөлт муу, зорьсон зорилгодоо хүрч чаддаггүй. Харин сэтгэл зүйгээ урт хугацаанд бэлдэж чадвал бие бялдраа олохоос гадна форум сайтай байдаг. Тамирчны сэтгэл зүйг хамгийн сайн бэлдэж, хүчтэй байлгадаг хүн бол дасгалжуулагч. Дасгалжуулагч хүн тамирчныхаа алдаа оноог хэлж, шантрахад сэтгэлийн дэм өгдөг. Хоол хүнс гэдэг чинь жинхэнэ ноён нурууг хугалдаг ганц зүйл шүү дээ. /инээв/ Нойр бас маш чухал. Жаахан нойргүй хоноход бэлтгэлээ дийлэхгүй, хоолны дэглэмээ алдвал сульдаад эхэлнэ. Энэ бүхнийг бэлтгэхэд дасгалжуулагч хүн яг тэр хүнийхээ сэтгэл зүйд орж, мэдэрч зүтгүүлнэ гэсэн үг л дээ.
Ер нь заавал тамирчин гэлтгүй хүн болгон сайхан харагдахыг хүсдэг. Тийм учраас чадалтай сайн чадварлаг багштай болбол их зүгээр санагддаг. Гэхдээ ганц хоёрхон тэмцээнд орж, амжилт гаргасан, туршлага багатай, шинжлэх ухаанч бус, судалгаагүй хүнийг багшаар авч битгий цаг хугацаа, мөнгө төгрөгөө үрээрэй гэж хэлмээр байна. Сайн багш хүнд мөнгө чухал биш. Олон хүнтэй ажиллахгүйгээр нэг хүнээ тултал өөрчлөхийг хичээдэг.
-Таны хувьд өөрөөсөө насаар залуу багштай байсан уу?
-Тийм. Би анх Ж.Нурлан багшийн шавь болж, Ази тив, ДАШТ-ээс анхны медалиудаа авсан. Тэрнээс хойш хамтдаа бэлтгэлээ хийхээ болиод ганцаараа хэсэг явсан. Тэгээд ДАШТ-нд ороход бэлтгэл цөөрч, нэг юм дутагдаад, өөрийгөө олохгүй, тэрийгээ дагаад сэтгэл зүйгээр унаж эхэлсэн. Тэгээд ер нь “Би багштай болъё” гэж шийдээд монголын жил жилийн мистер шалгаруулах тэмцээний аваргууд хэн билээ гэж бодож эхэлсэн. Тэгэхээр бодож байгаад өөрөөсөө жаахан дүү, шинжлэх ухаанч, мэдрэмжтэй залуухан багшдаа амлалт өгч, шавь нь болсноор дэлхийн аварга болж чадлаа. Энэ дашрамд Б.Лхагвадорж багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.
– Зарим эмч мэргэжилтнүүд уураг ихээр хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг хэлсэн байдаг. Бодибилдинг фитнессийн тамирчин хүнд уураг хэр чухал бэ?
-Уураг нь дотроо олон төрөл л дөө. Бидний идэж буй хоол хүнс хамгийн нарийн түвшинд судсаар задарч, шимэгдэхдээ уураг болдог. Өөрөөр хэлбэл сахар гэсэн үг. Тэгэхээр ямар төрлийн сахар идэх нь тухайн хүний бэлтгэлийн форум буюу зорилго руу нь ойртуулж байдаг. Магадгүй зарим том биетэй залуус маань илүү уураг хэрэглэнэ гэж боддог. Хэдий том биетэй ч гэсэн хүн гэдэг утгаараа адилхан юм. Уургийг органик болон сентитик гэж ангилдаг. Илүү сайн шатааж, мэргэжлийн түвшинд бэлтгэл хийж чаддаг бол сентитик бүтээгдэхүүн хэрэглэхэд ч шингээж чадна. Харин энгийн хүмүүст илүү органик талдаа уураг хэрэглэвэл эрсдлээс урьдчилан сэргийлж чадна. Тухайн хүний алдагдсан энерги, эрдэс бодисыг нөхөхийн тулд уурагны төрөл хүний биед заавал хэрэгтэй байдаг.
Яагаад гэвэл өнөөдөр бидний идэж буй хоол хүнсэнд хүнсний чанар их багатай. Ялангуяа хүмүүс хятад ногоог хоол хүнсэндээ их хэрэглэж байна. Тэр нь ямар нэгэн хэрэгтэй эрдэс бодис огт агуулаагүй байдаг. Жишээлбэл, тахианы цээж махыг генетикийн аргаар өсгөдөг тариагаар тарьсан байдаг. Тэр нь хүний дааврыг өөрчилдөг учраас эсрэгээрээ хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Мөн уурагнаас илүү аюултай зүйл бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. “Нэг сард 10, 20 кг хасаад өгье” гэсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд ямар нэгэн чанарын шаардлага хангаагүй, дор хаяж 40, 50 жилийн судалгаагүй бүтээгдэхүүнүүдийг ихээр худалдаалж байна. Тиймээс хүмүүсийг сүлжээний бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөе. Нэг өдөр л та хүний тоглоом болчихсон, эрүүл мэндээрээ хохирч үлдэнэ шүү.
-Фитнессийн бэлтгэлээс гадна чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Энгийн үедээ бэлтгэлээ нэг өдөрт хоёр цаг хийдэг. Долоо хоногтоо 3-4 удаа гэсэн үг л дээ. Тэмцээн дөхөхөөр нэг өдрийн 5-6 цаг бэлтгэлээ хийж, улам хичээдэг. Чөлөөт цагаараа усанд сэлж, ууланд аялдаг. Бас хувь хүний хөгжлийн талаар ном уншиж, тэр чиглэлийн сургалтуудад суухыг хичээдэг. Ер нь би зүгээр суухыг хүсдэггүй. Нэг сургалтаа дуусгаад таван хоног амраад дараагийн сургалтад сууна. Магадгүй энэ бүх сурсан зүйлс маань ирээдүйн амьдралд минь, найз нөхдөд маань хэрэг болох болов уу гэж боддог.
-Тамирчин хүний хувьд хориглодог зүйл олон байдаг байх?
-Надад нэг хүн онцгой үг хэлж байсан. Тэр хүний нэрийг хэлээд яахав. “Хэрвээ чи амжилтад хүрэхийг хүсвэл хүүхэн, архи хоёроос хол яваарай” гэж хэлж байсан. Тэр үг миний зүрх сэтгэлд шингэж орсон байдаг.
-Тэгэхээр найз бүсгүйгүй гэж ойлгогдохоор байна?
-Үерхдэг бүсгүй бий. Гэр бүлийнхээ талаар ярьмааргүй байна.
-Бэлтгэлийн үеэр шантрах, ядрах үе олон гардаг байх. Шантарсан үедээ өөртөө хэрхэн урам өгдөг вэ?
-Бас л чанга спорт шүү дээ. Ер нь шантрахад гаднын хүчин зүйлс их нөлөөлдөг. Гэр бүлийн байдал, сэтгэлээр унах, ойр дотнын хүмүүст муу зүйл тохиолдвол тэрийг дагаад сэтгэл хямарчихдаг. Бэлтгэлдээ төвлөрч чаддаггүй. Энэ бүхнийг даван гарахын тулд “Айдастайгаа нүүр тулж байж аз жаргалыг олдог” гэдэг үгийг өөртөө маш сайн итгүүлдэг. Тиймээс аль болох даван туулахыг хичээдэг. Заримдаа ядраад өвдсөн үедээ нэг хоёр хоног амарна. Тамирчин хүнд амралт маш чухал. Амарч байж амжилтад хүрдэг. Тиймээс амралт заавал байх ёстой. Учир нь тэмцээн дөхөөд ирэхээр хоолон дээр нүүрс усаа хасаад төмс лууван байцаа идсэн болоод их хэмжээний хүнд жингээ хийгээд шөнө унтахгүй бол хэцүү. Ялангуяа хий ихдээд бие сэрүүдээд байдаг. Тэр үед шөнө унтаж чадахаа больчихдог. Тиймээс бэлтгэлээ давахын тулд их хичээнэ. Багш хажууд байхаар ханьтай л даа.
-Тэгвэл энэ спортын юу нь сайхан бэ?
-Мэдээж зорилгодоо хүрэх. Хэлсэндээ байх нь энэ насны жаргал гэж хэлмээр байна.
-Тамирчин дэлхийн аварга болсны дараагаар багшилж эхэлдэг. Таны хувьд одоо дэлхийн аварга болсон учраас юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-Нэг зүйлийг нэмж хэлэхэд хүмүүс намайг аль фитнесст багшилдаг юм бэ гэж их асуудаг. Би бол ерөөсөө багшилдаггүй шүү. Харин туслалцаа хэрэгтэй, шаардлагатай нэгэнд би тусалдаг. Үнэхээр өөрийгөө өөрчлөх чин хүсэлтэй, маш хүндээр гэмтсэн бол хөдөлгөөний засал чиглэлээр эмчилдэг аргыг нь зааж өгдөг. Тэрнээс биш би фитнесст багшилдаггүй.
Одоо ДАШТ авсан болохоор дахин орох шаардлага байхгүй. Үүнийг дагаад маш их золиос орж ирдэг. Тэмцээнийг дагаад маш цаг наргүй, өдөр шөнөгүй, хоолтой, хоолгүй, гэр бүл, найз нөхөд, ажил төрөл гээд бүгдийг хойш нь тавьж, маш их золиос гардаг. Тэрийгээ дагаад булчингаа тогтвортой байлгахын тулд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг их хэмжээгээр хэрэглэдэг. Тэрийг тэнцвэртэй байлгахын тулд болох болохгүй юм их хэрэглэнэ. Одоо дахин эрүүл мэндээ золиослохыг хүсэхгүй байна. Хэдийгээр миний бэртэл гэмтэл эдгэсэн ч гэсэн цаашдаа эрүүл байхыг хүсч байна. Одоо “Хүсэлтүвшин Чинсэтгэл” гэж төрийн бус байгууллагаа байгуулаад хэдэн сар болж байна. өнгөрсөн гурав, дөрвөн жилийн хугацаанд нурууны бэртэл, хөдөлгөөний гэмтэлтэй хүмүүст үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Зарим нь босч чадсан, хөдөлгөөн нь сайжирч, өвдөхөө больсон. Зарим нь том тэмцээнээс амжилт гаргаад эхэлж байна. Тэгэхээр төрийн бус байгууллага маань энэ чиглэлээрээ хүмүүсийн төлөө үйл ажиллагаагаа явуулах болно.
Эрүүл мэндийн яамнаас хийгээгүй байгаа ажлыг өөрсдөө бие даан хийх хүсэлтээ өгөөд байгаа. Энийг дагаад “Хүсэл” брэнд гээд ажил эхлээд явж байна. Миний нэртэй холбоогүй шүү. Хүн бүр өөрийн хүсэл мөрөөдөлтэй байдаг. Тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүсч эхэлдэг. Удахгүй сайхан мэдээ дуулгана.
-Бодибилдинг фитнессийн спорт олимпийн бус төрөл учраас улсын дэмжлэг байдаггүй. Ер нь ДАШТ-нд түрүүлбэл ямар шагнал, урамшуулал дагалдаж ирдэг бол?
-Бид өөрсдийгөө сайн тодорхойлоод зүтгүүлж чадвал төрийн шагналыг авч болно. Төрийн одонгоор энгэрээ сайхан цоолуулна гэсэн үг. Улсаас дэмжсэн мөнгө төгрөг янз бүрийн урамшууллын тал дээр юм байхгүй. Өнгөрөгч 2015 онд дэлхийн аварга болбол 10 сая, мөнгөн медаль найман сая, хүрэл медаль таван сая төгрөг гээд нэг зүйл батлагдах байсан ч больсон гэж сонссон. Манай улс ядуу буурай орон учраас олимпийн бус төрлөө төдийлөн анхаарч, хөгжүүлж чадахгүй эсвэл хөгжүүлэх арга барилаа олохгүй ч байгаа юм уу. Магадгүй энэ спортыг илүү менежменттэй шинэ залуу үе гарч хөгжүүлэх ёстой юм болов уу. Өнөөдөр дэлхийд хамгийн өндөр эрэлттэй ажлын байрны нэгдүгээрт эрүүл хоол, эрүүл мэндийн чиглэлийн мэргэжлүүд жагсч байна. Манай улс олон улсын жишгийг дагаж, энэ спортоо хөгжүүлж чадвал спортоос гадна аялал жуулчлалын салбар ч хөгжих боломжтой. Сая болсон ДАШТ-ийг зохион байгуулж буй Солонгос улсын тал анх Сөүл хотноо зохион байгуулах гэж байснаа сүүлд аялал жуулчлалын бүс болох Чэжү аралд зохион байгуулж, аялал жуулчлалаа хөгжүүлж байсан.
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ