Эдийн засагч, санхүүч Ө.Ганзоригтой ярилцлаа.
-Сүүлийн үед та эдийн засгаас илүү боловсролын реформын тухай их ярих болсон. Таныг гэнэт яагаад боловсрол яриад эхлэв гэж гайхах хүн байгаа л байх?
-Би 20 гаруй жил бизнесийн салбарт ажиллахдаа голдуу банк, санхүүгийн чиглэлд төрөлжиж ажилласан. Ялангуяа сүүлийн 12 жил гүйцэтгэх захирлын ажил хийсэн. Гүйцэтгэх захирал гэдэг нь тусдаа мэргэжил. Гүйцэтгэх захирлын гол ажил нь мэдээж хүний нөөц бүрдүүлэлт. Тухайн мэргэжилтнийг тохирсон ажлын байранд авч сайн бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах асуудал шүү дээ. Гүйцэтгэх захирлын ажлыг хийж байхдаа миний ойлгосон зүйл бол боловсролын системээс чанартай боловсон хүчин бэлтгэгдэхгүй байгааг олж харсных. Асуудал нь яг хаанаа байна вэ гэдгийг ажлынхаа хажуугаар сүүлийн 7-8 жил судаллаа. Монголд барууны орчин үеийн технологийг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай ч яаж тухайн технологийг хэрэгжүүлэх үү гэдэг боловсон хүчний дутагдалтайгаас харилцагчдын үйлчилгээнд бухимдал үүсгэдэг. Харилцагчийн үйлчилгээг хэн хийх вэ гээд харахаар эргээд боловсролын системээр бэлтгэгдсэн хүмүүс хийж байгаа. Тийм учраас л боловсролын реформд анхаарал хандуулахаас өөр аргагүйд хүрсэн. Ингээд бүтээмжид нөлөөлөх хүчин зүйл юу вэ гэдгийг сэтгэл зүйн ухаанд суурилж судаллаа. Монгол хүний бүтээмжид юу нөлөөлж байна вэ гэдгийг олон талын судалгаагаар гаргасан. АНУ-ын Калифорни мужийн Берклийн их сургуульд хагас жил орчим сурч, сэтгэл зүйн таван хичээлээ аваад ирсэн. Боловсролын реформ хийж байж Монгол Улс хөгжих юм байна гэдэг хатуу итгэл үнэмшилтэй болсон.
-Тэгэхээр боловсролын реформыг хийхийн тулд “Голомт” банкны гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн гэж ойлгох уу?
-Тийм. Намайг ажлаа өгөхөд гайхах хүн олон байсан л даа. Улс орны түвшинд ажиллахгүй бол болохгүй нь, боловсролын системийн хэрэглэгч байдалтай бухимдаж, шүүмжилж хангалттай суулаа. Одоо энэ байдлыг өөрчлөх цаг нь болсон гээд л “Голомт” банкны гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн.
-Эдийн засагч хүний хувьд Монголын эдийн засгийн нөхцөл байдалд мэргэжлийн дүгнэлт хийгээд сууж байгаа байх. Өнөөгийн эдийн засагт та ямар дүн тавих вэ?
-Сүүлийн үед эдийн засагчдад би шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Өнөөдөр мэргэжлийн эдийн засагч гэж хэлэгддэг, баруунд мэргэжил дээшлүүлсэн эдийн засагчид нийгэмд хангалттай дуу хоолойгоо хүргэхгүй байна. Эдийн засгийн ухаан гэхээр маш өнгөц ярьдаг. Үндсэндээ ханш, инфляц, ДНБ ярихаас хэтэрдэггүй. Бид эдийн засгийн суурь асуудлуудаа огт ярихгүй байна. Миний судалж, мэдсэнээр үндсэндээ Монгол Улсын эдийн засагт саад болж байгаа суурь гурван асуудал байна. Үүнээс хамгийн аюултай, хамгийн том эрсдэл дагуулах асуудал нь баялгийн хуваарилалт. 30 жилийн турш баялгийн хуваарилалт буруу механизмаар явсан учраас манайд баян, хоосны ялгаа дэлхийд рекорд тогтоох түвшинд хүрээд байна. Харамсалтай нь энэ талаар нэг ч эдийн засагч ярьдаггүй. Энэ ярилцлагаараа дамжуулаад эдийн засагч нартаа уриалж байна. Баян хоосны ялгаа, баялгийн хуваарилалтын асуудлыг яаралтай хөндөж ярихгүй бол хор уршиг нь эргээд нийгэм, эдийн засаг, улс төрийг хямралыг үүсгэнэ. Эдийн засгийн хямрал дандаа нийгмийн болон улс төрийн хямрал руу хөтөлдөг. Эдийн засаг нь асуудалгүй байвал улс орон, нийгэм тогтвортой байна гэсэн үг.
Хоёр дахь үүсээд байгаа асуудал нь бүтээмж. Бүтээмж гэдэг бол эдийн засгийн суурь ойлголтуудын нэг. Бүтээмжийн тухай ойлголтыг жишээгээр тайлбарлая. Монгол компанийг Хятад компанитай харьцуулахад бүтээмж маш бага ажиллаж байна. Бүтээмж бага байна гэдэг нь гарц муу, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь чанар муутай, тоо хэмжээгээрээ цөөн. Нэг ёсны Монголын компани Хятадын компаниас цөөхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэр нь чанар муутай. Тэгээд өртөг нь өндөр учраас эргээд өндөр үнэтэй зарагддаг ийм нөхцөлд улс орны эдийн засаг өсөх тухай яриад ч хэрэггүй. Инфляц, ДНБ яриад ч хэрэггүй. Бүтээмж гэдэг бол нэг талдаа менежментийн шинжлэх ухааны ойлголт. Нөгөө талдаа эдийн засгийн ухааны ойлголт. Компаниудын бүтээмж доогуур байгаа нь тухайн компанид ажиллаж байгаа хүмүүсийн бүтээмж сул байна гэсэн үг. Бүтээмж сул байснаар Монгол Улсын хөгжилд тушаа болно. Бүтээмжийг хэн нөхцөлдүүлдэг вэ гэвэл хүүхдийг хоёр настайгаас 22 нас хүртэл нь бүтэн 20 жилийн турш боловсролын систем бүтээмж өндөртэй хүнийг бэлддэг байх нь. Гэтэл манай боловсролын систем нь энэ үүргээ ухамсарлахгүй явж ирлээ. Эдийн засгийн гол дархлаа нь боловсролын систем.
БСШУС-ын сайд болон их дээд сургуулиудын захирлыг улс төрийн томилгоо, намын шагнал мэтээр томилдог болж хувирсан нь боловсролын системийн доройтлын шалтгаан.
МОНГОЛЫН ТОП 100 БИЗНЕСМЕНЭЭС ШОРОНГИЙН ХААЛГА ТАТААГҮЙ ХҮН ҮЛДЭВ ҮҮ?
Гурав дахь нь компаниудын асуудал. Компаниуд өндөр бүтээмжтэй ажиллах гэхээр төрөөс дарамт, шахалт, татвар, шимтгэлээр боомилж байна. Татвар, шимтгэл бол дарамтын нэг хэсэг нь. Хууль эрх зүйн дарамт бүр их. Монголын топ 100 бизнесменээс шоронгийн хаалга татаагүй хүн үлдэв үү. Нэг бол Монголын топ 100 бизнесмен бүгд луйварчин мэтээр, нэг бол тэднийг луйварчин болгож хувиргадаг систем бий болчихсон. Үнэндээ компаниуд баялаг бүтээгчид гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Баялаг бүтээх гэж байгаа хүнийг тал талаас нь татвар, шимтгэлээр дараад байвал баялгаа бүтээж чадах уу. Компанийг уран зураачтай зүйрлэвэл, уран зураач хүн чимээгүй орчинд төвлөрч, хийж байгаа ажилдаа дурлаж ажилласнаар манайхны ярих дуртай креатив, инноваци байдал үүсдэг. Үүний үр дүнд бүтээмж бий болно. Гэтэл боловсролын систем нь боловсон хүчнээ креатив сэтгэлгээтэй, аливаа зүйлд зүрх сэтгэлээ өгч чаддаг байх, багаар ажилладаг, улс орныхоо төлөө гэсэн мэдрэхүйтэй ийм хүмүүсийг бэлтгэж гаргахгүй байна. Зүгээр л цээжлэхэд суурилсан боловсролын систем. Бидний ашигладаг цээжлэлтэд суурилсан боловсролын системээс дэлхий тавин жилийн өмнө татгалзсан.
-Таны ярьж буй боловсролын реформыг хийхэд хэдий хэр хугацаа зарцуулагдах вэ?
-Найман жилийн хугацаанд боловсролын реформ хийгдэнэ гэж харж байгаа. Гэхдээ үр нөлөө нь зовлонтой. Хүмүүс хоёр настайгаасаа боловсролын систем рүү ороод 22 настайдаа их сургуулиа төгсөхөд 20 жилийн дараа боловсон хүчин болж үр нөлөө нь гарна. Ийм хүнд сэдэв учраас хэн ч барьж авдаггүй. Зүгээр л поп маягийн, богино хугацаанд үр нөлөө нь гарч магадгүй, урд хормойгоор хойд хормойг нөхсөн ийм сэдвүүдийг ярьсаар 30 жил өнгөрлөө. 20 жилийн дараа дөнгөж үр дүн нь гарахад тухайн реформыг хийсэн магадгүй Ерөнхий сайд, яамны сайд нь үр дүнг нь харахгүйгээр бурхан болсон байхыг үгүйсгэхгүй. Энэ яваа насандаа үр дүнг нь харахгүй юмны төлөө амьдралаа зориулна гэдэг бол нэлээн философилог, итгэл үнэмшилтэй, эр зоригтой, материалист ертөнцөөс ангижирч идеалист ертөнц рүү орчихсон ийм хүний л хийх ажил. Өнөөгийн манай улстөрчид хийж чадахгүй.
Тэр байтугай нэгхэн жилийн дотор реформ хийчих тэтгэврийн шинэчлэлийг ч барьж чадахгүй тойрч байгаа. Оронд нь НДШ-ийг нэмэгдүүлж байгаа нь шинэчлэл биш. Ингэж реформ хийдэггүй юм. Энэ бол завхрал.
Бид өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлд 20 хувиа төлөөд хариуд нь юу ч авахгүй байгаа. Санхүүгийн зах зээлд ажилладаг мэргэжлийн хүмүүс бидний хувьд тэтгэврийн шинэчлэлийг хийгээд өгөөч гэж улстөрчдөөс маш олон жил гуйж байгаа. Шинэчлэлийг яаж хийх үү гэдэг бүх системийг нь судлаад гаргаад өгчихсөн. Харамсалтай нь хийдэггүй, дараагийн засаглал руугаа шидчихдэг. Эсвэл “Харзнах ёстой, болгоомжлох хэрэгтэй, нухацтай судалъя, эрсдэлтэй ажил” гэж ярьдаг. Гэтэл 100 жилийн турш дэлхийд хийчихсэн зүйл шүү дээ. Сүүлийн 30 жилийн турш посткоммунист орнууд тэтгэврийн шинэчлэлийг амжилттай хийлээ. Манайх шиг хийгээгүй улс дэлхийд нэг ч үлдээгүй. Эрсдэл гээд байх зүйлгүй. Аль хэдийн хүн төрөлхтөн хийчихсэн зүйлд туршлагыг нь судлаад хийхэд л хангалттай. Үндсэндээ тэтгэврийн шинэчлэл хийхгүйгээр хөрөнгийн зах зээл хөгжихгүй. Хөрөнгийн зах зээл хөгжихгүйгээр баялгийн хуваарилалт явагдахгүй.
Яагаад?
-Баялгийн хуваарилалтыг хамгийн зөв хийдэг механизм нь хөрөнгийн зах зээл. Хөрөнгийн зах зээлийн сурах бичгийн эхний хуудаст л байгаа. Үүнийг өнөөдөр улстөрчдийн хэн нь ч уншихгүй байна. Улстөрчдөд популизм хийх нь сонин болохоос биш тархи толгойдоо мэдлэг нэмэх нь чухал биш бололтой. Дээр нь мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсохгүй байна.
"КОММУНИСТ ТӨР ШИГ ХУДЛАА ТОО, СТАТИСТИК ҮЙЛДВЭРЛЭЭД ЭХЭЛБЭЛ СҮЙРЭЛ РҮҮ ХӨТӨЛДӨГ"
-Мэдээж боловсролгүй эдийн засаг бол хөгжихгүй гэдгийг та яриандаа хэллээ. Монголын эдийн засаг боловсрол дээр тогтож байна уу, боловсрол нь эдийн засаг дээрээ тогтож байна уу гэдэг нь ойлгомжгүй болчихоод байх шиг?
-Монголын эдийн засгийг боловсролын систем нь авч явж чадахгүй байна. Үнэндээ бид гаднын технологид дулдуйдаж хэдэн компаниуд нь маш үр ашиггүй байдлаар ажиллаж байна. Монгол хүний цалин яагаад бага байна вэ гэдгийг хэн ч ярьдаггүй. Өнөөдөр сарын дундаж цалин сая төгрөг хүрэхгүй шахуу байна. Өмнө нь дундаж цалинг долларт шилжүүлэхэд 700 ам.доллартай тэнцдэг байлаа. Гэтэл одоо 400 ам.доллартай тэнцэж байна. Эдийн засагчид энэ талаар яагаад ярихгүй байгааг нь би гайхаж байна. Бид өнөөдөр дэлхийтэй цалингаа хэмжих ёстой. Гэтэл цалингийн дундаж хэмжээ өсч байна гээд Монголын санхүүгийн төв байгууллагууд нь яриад сууж байна. Ер нь бол төр засаг, компанийн гүйцэтгэх удирдлага ч бай аливаа улс орон, байгууллагыг удирдаж байгаа лидерүүд асуудалд бодитой дүн тавьж байж хөгжил дэвшил ирдэг. Гэтэл эсрэгээрээ асуудлаас бултаж, коммунист төр шиг худлаа тоо, статистик үйлдвэрлээд эхэлбэл энэ нь сүйрэл рүү хөтөлдөг.
"ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЯАЖ БУУРУУЛАХЫГ ТАЙЛБАРЛААД ӨГӨӨЧ" ГЭЭД НЭГ Ч УИХ-ЫН ГИШҮҮН НАДААС АСУУГААГҮЙ"
-Өнөөдөр нийгэмд саарал жагсаалт, “Оюутолгой” төсөл, АМНАТ гээд эдийн засаг тойрсон хэрүүл ид өрнөж байна. Та мэдээж, эдийн засгаа томоор харж байгаа байх, том утгаар нь харвал Монголын эдийн засагт болж, бүтэхгүй байгаа бүхэнд асуудлын гол нь хаана байна вэ?
-Асуудал нь улстөрчдөд байна. Улстөрчид улс орноо хөгжүүлэх ажлаа хийхгүй байгаагийнх. Боловсрол, тэтгэврийн реформоо хий. Зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах санхүүгийн реформ хий. Гэхдээ тааз тогтоохгүйгээр. Санхүүгийн шинэчлэлт хийх замаар зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах боломжтой. Яаж хийх үү гэдгийг нь мөн л судлаад боловсруулаад улстөрчдөд өгчихсөн. Тэд уншилгүй өнөөг хүрлээ. “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги” гээд 30 гаруй хуудастай баримт бичгийг 2017 онд гаргаад улстөрчдөд хүргүүлсэн. Тэрийг уншаад ойлгохгүй байж болно, утасдаад асууж болно шүү дээ. Энэ чинь юу юм бэ, тайлбарлаад өгөөч гээд нэг ч УИХ-ын гишүүн над руу залгаж хэлсэнгүй. Би нам бус, хэзээ ч улс төр хийж байгаагүй. Тэгэхэд мэргэжлийн хүмүүсээ дуудаад тайлбарлуулах зүрх зориг улстөрчдөд алга. Тэдний толгойд ямар бодол байдагт нь эргэлзэж эхэлсэн. Хэрэв зээлийн хүүг бууруулж ард түмнийхээс ачааг бага ч гэсэн хөнгөлье гэж байгаа бол хаана, хэн энэ талаар дуугарч, ярьж байна гээд арга ядаж судална биз дээ. Тэгсэн атлаа албан тушаалд дандаа тойрон хүрээлэгчдээ буюу цүнх баригчдыгаа томилдог жишиг бий болсон нь нэгэнт үнэн. Бид эдийн засгийн хөгжил ярих гэж байгаа бол ухамсрын шинэчлэл эхлээд яръя. Ухамсар нь шинэчлэгдэхгүй бол бахь байдгаараа үлдэнэ.
"БИД ОУВС-Д ОРОХ АЖЛАА ӨӨРСДӨӨ Л ХИЙСЭН. ОУВС-Д ГОМДОХ ХЭРЭГ БАЙХГҮЙ"
-ОУВС-гийн гурван жилийн сургалтад Монголын улстөрчид хэр сайн хамрагдаж чадаж байна. Эдийн засаг хүндрэхээр л ОУВС руу хадаг бариад гүйх нь зөв үү?
–Юуны өмнө ОУВС бол хүн төрөлхтний ололт дэвшил юм. ОУВС ядуу орнуудыг ядуурлаас гаргадаг, хөгжил буурай улсуудыг хөгжилд хүргэх ийм зорилготой байгууллага. Бид ОУВС-д орох ажлаа өөрсдөө л хийсэн. ОУВС-д гомдох хэрэг байхгүй.
Нөгөө талаасаа ОУВС-гийн өгч байгаа бүх зөвлөгөө бүхнийг зөв гэж хүлээж авбал үүн шиг тэнэг зүйл байхгүй. Тусгаар тогтносон улс орон мөн юм бол эдийн засгийн бодлогоо өөрсдөө л тодорхойлох ёстой.
Жишээ нь 1990-ээд онд манай улсад хийсэн шок эмчилгээ буюу өмч хувьчлал буруу байсан. Өмч хувьчлал нь баян, хоосны давхаргыг бий болгосон. Тухайн үед мэдээлэлтэй хэсэг нь өмчийг хувьчилсан. Үүнийг ОУВС-гийн шахалтаар хийсэн нь буруу. Тэгэхээр бид ОУВС-гийн өгч байгаа зөвлөгөөний 90 хувь нь зөв, үлдсэн буруу гэж хүлээж байх хэрэгтэй. Нийгмийн нэг хэсэг нь ОУВС-аар эдийн засгаа заалгуулъя гэдэг бол нөгөө хэсэг нь ОУВС огт хэрэггүй, гарах ёстой гэж үздэг.
-Таны хувьд аль нь зөв юм бэ?
-Аль аль нь буруу. ОУВС байх ёстой. Бидэнд зөндөө тусалж, дэмжиж ирсэн. Гэхдээ улс үндэстэн юм бол аль болох эдийн засгийн бодлогоо өөрсдөө л авч явах. ОУВС-д эдийн засагчид л ажиллаж байгаа. "Монголыг хариуц" гээд хоёр төлөөллөө явуулж байгаа. Тэр хоёр төлөөлөгч нь дэлхийг хөгжүүлдэг, далдыг харах увидастай хүмүүс биш биз дээ. Адилхан л хүн, алдаа гаргана. Тэр хүмүүс Монгол Улсын хүсэл эрмэлзлийг мэдэхгүй, Монгол үндэстний хүсэл, мөрөөдлийг төлөөлж чадахгүй. Тэгэхээр асуудалд наанатай цаанатай хандах хэрэгтэй. Хоёрдугаарт, бид хоёр хөрш, гуравдагч орнууддаа очоод хэлцэл хийдэг. Харамсалтай нь манайх амлалтаа биелүүлдэггүй. Ингээд байхаар улс орнууд бидэнд итгэл алдрахгүй яах юм бэ. Монголын банкууд, Засгийн газар олон улсаас бонд босгодог. Гэтэл дотоодод явагдаж байгаа үйл ажиллагаанууд дандаа гаднын хөрөнгө оруулалтын эсрэг. Уул уурхайн шинэ сайд нь гарч ирээд “Оюутолгойн гэрээг цуцална” гэж шоуддаг. Өөрийнхөө рейтинг өсгөх гэж ярьдаг юм уу даа. Тэр хүмүүсийн сэтгэхгүйгээр харахад “Оюутолгойн” төслийг муулбал рейтинг нь өснө гэж байгаа бол эргээд гурван сая хүнээ хорлож байгаа хэрэг.
"ОЮУТОЛГОЙ”-Н ГЭРЭЭГ УЛС ТӨРИЙН НЭГ ФРАКЦЫГ НАМНАХ ЗОРИЛГООР АШИГЛАЖ БАЙГАА БОЛ ЭМГЭНЭЛ
10 жил "Оюутолгой" төслийг муулж байгаа нь эдийн засгийн аллага. Монголын улстөрчид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр тэд олон улсын санхүү эдийн засгийн тогтолцоо яаж ажилладгийг мэдэхгүй. Олон улсын санхүү эдийн засгийн тогтолцоо хөрөнгө оруулагчдаас бүрддэг. Хувь хүмүүс биш, хөрөнгө оруулалтын сан. Энэ санд Хөрөнгө оруулалтын баримт бичиг гэж бий. Тус баримт бичигтээ ямар улс руу хөрөнгө оруулалт хийх эсэхээ тодорхой заадаг. Ингэхдээ тогтворгүй, төрийн гаргасан шийдвэр нь хэрэгждэггүй улсад хөрөнгө оруулалт хийхгүй гэж заасан байдаг. Тэгэхээр бид тогтворгүй төртэй гэдгээ байнга гаднынханд харуулж байгаа.
Олон улсын хуулийн ферм хөлсөлж аваад "Оюутолгой" төслийг зогсоох эс зогсоох уу гэдэг дүгнэлт гаргуулах хэрэгтэй. Тухайн гаргасан дүгнэлтийг УИХ, байнгын хороо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гээд шат шатны институтээр нь оруулаад асуудлыг нэг талд нь гаргамаар байна. Хэрэв гэрээг цуцлахгүй гэж үзвэл дахин “Оюутолгойн” төслийг зогсооно гэж ярихыг хориглосон хууль гаргаж, популист улстөрчдийг хязгаарлах хэрэгтэй. Ингэхгүйгээр “Оюутолгой” төслийг дахиад 10, 20 жил ярьж хэрэлдэх үү.
"10 ЖИЛ ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙГ МУУЛЖ БАЙГАА НЬ ЭДИЙН ЗАСГИЙН АЛЛАГА"
– “Оюутолгой”-н гэрээг ямар болсон гэж та дүгнэдэг вэ?
-Аливаа санхүүгийн хэлцэлд сайн, мууг дараа нь дүгнэх боломжгүй байдаг. Яагаад гэвэл тухайн үед хэлцлийг хийж байх үед зэс, нүүрсний ханш хэд байсан, Хятадын эдийн засаг ямар байв, Монголын эдийн засаг ямар нөхцөлд байсан гэдгээс хамаардаг. Хэрэв “Оюутолгой” төслийн гэрээг байгуулах үед Монголын эдийн засаг хямралд орчихсон, нүүрс, зэсийн үнэ доод ёроолдоо хүрчихсэн ийм үед хэлцэл хийсэн бол өнөөдрийн өнцгөөс харахад муу л хэлцэл болно. Хэрэв эсрэгээрээ зэс, нүүрсний үнэ өндөр, Монголын эдийн засаг хамгийн сайхан байхад хийсэн хэлцэл эргээд зэс, нүүрсний үнэ унаж, эдийн засаг хямарсан үед харахад сайн хийсэн хэлцэл шиг харагдана. Олон улсын санхүүгийн зах зээл, Монголын эдийн засаг тасралтгүй өөрчлөгдөж байгаа. “Оюутолгой”-н гэрээг улс төрийн нэг фракцыг намнах зорилгоор ашиглаж байгаа бол эмгэнэл. Харин гэрээг Монгол Улсад ашигтай байлгах талаар ярьж байгаа бол өөр хэрэг.
-Саарал жагсаалтад орсон нэг шалтгаан нь арилжааны банкнуудын активын асуудал гээд байна энэ үнэн үү?
-Миний ойлгож байгаагаар өнгөрсөн хаваржингаа арилжааны банкуудаас болж саарал жагсаалтад орох нь гэж ярьсан. FATF-аас өгсөн зөвлөмжүүдийг уншсан. Тэр дотор нь банктай холбоотой үг, өгүүлбэр нэг ч байгаагүй.
-Нэгэнт саарал жагсаалтад орсон хойно хэн нэгнээс бурууг хайх гэхээсээ илүүтэй яаж богино хугацаанд саарал жагсаалтаас гарах уу гэдэг нь чухал байх. Үүнд таны зөвлөгөө үнэтэй байна?
-2001 онд АНУ-д болсон террорист халдлагаас хойш мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудалд хүчтэй тэмцэж эхэлсэн. Дэлхий даяар терроризмыг санхүүжилтийг зогсоох, мөнгө угаахын эсрэг том давалгаа үүссэн. Үүнийг манай улстөрчид ойлгоогүй, мэдрээгүй. Дотоод улс төрийн хутгуураа хийгээд сууж байсан. Холбогдох хуулиудаа батлаагүйгээс 2014 онд Монгол Улс саарал жагсаалтад орсон эхний шалтгаан нь. Энэ удаад бага зэрэг ойлгож эхэлсэн боловч бас л төрийн байгууллагуудын уялдаа холбоо алдагдсанаас болж зохих ажлуудаа хангалттай хийгээгүйгээс дахин саарал жагсаалтад орлоо. Саарал жагсаалтад ороод байгаа нь бэлтгэлгүй шинж. Саарал жагсаалтыг сүртэй асуудал биш, бидэнд хамаагүй асуудал мэт хандаж ирсэн. Одоо яс, махандаа тултал ойлгосон байх гэж найдаж байна.
-Ер нь манай арилжааны банкууд хэт улс төртэй хутгалдсан юм шиг харагддагтай та санал нийлэх үү?
-Намайг Монголын банкны холбооны ерөнхийлөгч байх үед банкны системтэй холбоотой хууль тогтоомжууд олноор батлагдсан. Үндсэндээ одоо бол Банкны тухай хуулиуд бүхэлдээ шинэчлэгдсэн. Ингэснээр банкуудын хяналт шалгалт чангатагдсан гэж хэлж болно. Монголбанкны эрх мэдлийг нэмэгдүүлж, арилжааны банкууд хувийн байгууллага бус төрийн агентлаг шиг болсон. Үүнийг би нэг талаасаа буруу зүйл гэж харахгүй байгаа. Нөгөө талаас зарим хүн гүтгэлгийн шинжтэй зүйл ярьдаг. Банкны захирлууд УИХ-ын гишүүдийн өрөөнд нь лобби хийгээд сууж байдаг гэдэг ч юм уу. Үнэндээ банкны захирлуудад тэгээд сууж байх зав ч байхгүй. Банкуудыг нийтэд нь харлуулж ярьж болохгүй. Монголын банкны холбооны ерөнхийлөгч байсан хүний хувьд хэлэхэд, банкууд улс төртэй хутгалдсан гэдгийг үгүйсгэнэ.
-Та аль нэг банкны хувьцаа эзэмшдэг үү?
-Үгүй.
-Та банкны салбараас хөндийрөөд тодорхой хугацаа өнгөрч байгаа. Салбараа гадна цонхоор харвал?
-Монголд хамгийн өндөр хөгжсөн менежменттэй дэлхийн түвшинд хөл нийлүүлж яваа сектор бол банк. Хөдөө малаа хариулж яваа малчин хотод сурч байгаа оюутан руугаа нэг секундын дотор мөнгө шилжүүлж байна. АНУ-д ийм банкны үйлчилгээ байхгүй. Өнөөдөр Монголын банкны системийн хөгжил Европын өндөр хөгжилтэй орнуудаас хол давсан.
-Та улстөрчдөд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Та магадгүй улс төрд орох уу??
-Улс төрд орох сонирхол надад байхгүй. Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэний 30 дахь жилийн ой сарын дараа болно. Энэ өдөр бид өнгөрсөн 30 жил юу хийв гэдэг алдаа, оноогоо дүгнэж, дараагийн 30 жилээ тод хармаар байна. Ингэхийн тулд улстөрчид маань жалга, довын асуудлаа түр хойш нь тавьж мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсооч гэж хүсч байна. Монгол Улсаа хөгжүүлэх нөөц, бололцоотой залуус олон байна. Харамсалтай нь тэднийг сонсох ухамсар улстөрчдөд алга.
Холбоотой мэдээ