АНУ-ын сенатын танхимын гишүүд Мягмар гаригт Хонгконгийн ардчиллыг дэмжих хуулийн төслийг дуу нэгтэйгээр баталлаа. Энэ хуулийн төсөл нь Хонгконгийн ардчиллын төлөөх жагсаал, тэмцлийг дэмжихээс гадна Хятадын удирдлагуудаас жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн арга хэмжээ авахаас сэргийлэх, анхааруулах зорилготой аж. Харин Хятадын зүгээс хуулийг баталбал нарийн тодруулаагүй боловч хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж, Хонгконгийн дотоод хэрэгт АНУ-ыг хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг анхааруулжээ. Түүнчлэн хуулийн төслийг эсэргүүцэн Хятадын Гадаад хэргийн дэд сайд Ма Заошу нь Бээжин хотноо суугаа АНУ-ын Элчин сайд Уиллиам Клейнийг дуудан уулзжээ. Мөн Хонгконгийн удирдлагаас хуулийн төсөл нь АНУ-тай харилцах харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхийг онцолжээ.
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ
Сенатаас АНУ-ын төрийн департментад хандан Хонгконг нь Бээжингээс тодорхой хэмжээнд хараат бус автономит байдлын хүрээнд худалдааны тусгай эрх эдэлж буйг баталгаажуулах, АНУ-ын иргэдийг Хятадын тавьсан хоригоос болж хохирохоос хамгаалах зэрэг арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгожээ. Учир нь АНУ-ын албаныхан ойрын хугацаанд Хонгконгийн тусгай худалдааны статусыг цуцлах магадлалтай байгаа аж. Энэ нөхцөлд 38 тэрбум орчим ам.долларын хоёр талын худалдаа наймаа эргэлзээтэй болох гэнэ. АНУ-аас Хонгконгтой хийж буй эдийн засгийн болон худалдааны бодлого өөрчлөгдсөнөөр хоёр талын ашиг сонирхолд сөрөг нөлөөтэйг албаныхан онцолжээ. Хонгконгод өдгөө АНУ-ын олон иргэн бизнес эрхэлж, оршин суудаг байна. АНУ нь худалдааны харилцаанд Хонгконгийг эх газрын Хятадаас ялгаатай авч үздэг аж. Хуулийн төслийг баталмагц олон улсын хөрөнгийн биржүүд савлаж, Хонгконгийн “Hang Seng” индекс 1,1 хувиар унажээ. Тус индекс өнгөрсөн хоёр өдөрт 2,9 хувиар унаад байсан юм. Түүнчлэн Японы “Topix” индекс, АНУ-ын хувьцааны биржүүдэд ирэх өдрүүдэд унаж эхлэхийг шинжээчид анхааруулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанаас Хятадтай худалдааны дайныг зогсоохоор ажиллаж буй хүчин чармайлт, уулзалт хэлэлцээнд уг хуулийн төсөл сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Энэ нөхцөл байдалд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай худалдааны дайныг зогсоох хэлэлцээнд эсвэл Хонгконгийн ардчиллыг дэмжих хуулийн төсөлд гарын үсэг зурах уу гэдэг нь сонирхол татаж байна. Хуулийн төсөлд Дональд Трамп гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ёстой. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр Сенатын танхимд хуулийн төслийг боловсруулахад АНУ-ын Сангийн яам болон Төрийн департментаас дэмжлэг авсан аж. Дональд Трамп Хятадтай хийж буй худалдааны алдагдлыг бууруулж, шударга бус гэрээ хэлэлцээрийг цуцалж, импортын татварыг нэмэгдүүлэх бодлого барих болсноор хоёр орны хооронд худалдааны зөрчил эхэлсэн юм. АНУ нь жилд $550 орчим тэрбумын бараа бүтээгдэхүүнийг Хятадаас импортолдог. Тэгвэл Трампын шийдвэрийн дагуу Хятадаас авдаг бүх бараа бүтээгдэхүүн импортын өндөр татвартай болж эхэлсэн юм. Харьцуулбал Хятад улс 2018 онд АНУ-аас $120 тэрбумын бараа импортолсон аж.
ХОНГКОНГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН
Хонгконгийн хямрал өнгөрсөн дөрөвдүгээр сард сэжигтнийг Хятад руу шилжүүлэн өгөх хуулийн төслийг хэлэлцэж танилцуулснаар эхэлсэн. Хонгконгийн залуус сэжигтнийг Хятадад шилжүүлэн өгөх хууль нь хотын хуулийн хараат бус байдлыг үгүй хийж, Бээжингийн эсрэг тэрс үзэлтнүүдийг аюулд оруулна хэмээн болгоомжилж хүчтэй эсэргүүцжээ. Харьцангуй ардчилсан орчинд өсч хүмүүжсэн Хонгконгийн залуу үе Бээжингийн хяналт нэмэгдэж, дарамтыг мэдэрч эхэлснээр эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ.
1997 онд Их Британийн колоничлолоос Хятадад очсоноосоо хойш Хонгконг нь нэг улс-хоёр систем бодлогын дор эх газрын ард иргэдээс илүү эрх эдэлж ирсэн юм. Хонгконгийн иргэдийн хүчтэй эсэргүүцлийн улмаас сэжигтнийг шилжүүлэх хуулийг өнгөрсөн есдүгээр сард хүчингүй болгосон боловч тэмцэл зогсолгүй, улам газар авсан юм. Улмаар жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн ширүүсч, олон хүн гэмтэж, баривчлагджээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг гал нээснээс нэг оюутан цээжиндээ хүнд шархтсан бол жагсагчид тэдний эсрэг шатамхай шингэнтэй лонх зэргийг шидэн “байлдаж” байна. Түүнчлэн энэ арваннэгдүгээр сарын эхээр Бээжинг дэмжсэн байр суурьтай Хонгконгийн хууль тогтоогч гудамжинд хутгалуулж шархтсан. Өдгөө олон улсаас Хонгконг руу иргэдээ зорчихоос сэрэмжлүүлж, зарим нь Элчин сайдын яамаа эгүүлэн татаж эхлээд байна. Олон сар үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал, ард түмний тэмцэл эцэстээ хүчирхийлэл болон хувирснаас дэлхийн санхүүгийн төв гэх Хонгконгийн статус бүдгэрч эхэлжээ.
Холбоотой мэдээ