Коммунистууд дипломат албаар тоглож байна

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

Коммунистууд дипломат албаар тоглож байна

Коммунистууд дипломат албаар тоглож байна

Монголын дипломат албыг коммунистууд түйвээж, ардчилагчид авардаг гэдэг ч хэтрүүлсэн үг биш бололтой. Үе, үеийн дипломатуудын нуруун дээр оршин тогтнож ирсэн алтан аргамж ялсан намын шагнал, шахаа болж хувирсныг дээр дооргүй шүүмжилж буй ч шуналд нь ёроол алга. Танилтайг нь консулаар томилдог шинэ жишиг тогтоолоо.

Засгийн газар өнгөрсөн мягмар гаригт /2019.11.19/ ээлжит бусаар хуралдахдаа Монгол Улсаас Тувад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболдыг, Монгол Улсаас Хонгконгод суух ерөнхий консулаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайханыг, Монгол Улсаас Сан-Францискод суух консулаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ургамалцэцэгийг томилсон нь олны анхаарлыг татаад байна. Консулаар томилогдсон эрхмүүдээс Г.Жаргалсайхан нь Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан мэргэжлийн хүн бол хоёр нь мэргэжлийн бус.

Хачирхалтай нь, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сангийн сайдын төрсөн ах Ч.Ганболдыг консулаар томилсон үндэслэлээ “Тэр хүн нь өөрөө Тувагийн удирдлагатай олон жил танил байгаад ажлаа тэндээ эрхлээд явах чадвартай хүн учраас томилоод явуулж байгаа” гэж тодорхойлсон бол сайд Ч.Хүрэлбаатар “Тувагийн тэргүүнтэй сайн харилцаатай ажилладаг. Үүнийг нь бодсон юм болов уу. Би консулд нэрийг нь санал болгоогүй. Сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн зэрэг төрийн алба хашиж байсан” хэмээн тайлбарласан юм.

Тувагаас бараг захиалсан болж таарав уу даа.

Гадаад харилцааны яаманд 10 жил ажилласан ч, нам бусаар хойш шидэгдэн, Сан-Францискод суух консулаар томилогдож чадаагүй хүн олон бий. Гэтэл  Н.Алтанхуягийн багийн хүн Б.Ургамалцэцэг тус албанд томилогдсон нь дипломат алба мэргэжлийн байх гэхээс илүүтэй танил талаар хэмжигддэг болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь. Сайд нарын хэл халтираагүй юм байна. Аргагүй л танил тал харжээ.

Уг нь Монгол Улсын Дипломат албаны тухай хуульд дипломат алба нь төрийн тусгай алба мөн хэмээн томъёолжээ. Учир нь дипломат алба үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон амин чухал алба юм. Танилын хүрээгээр харах нь дэндүү доош хийсэн хэрэг болно.

Гэтэл Засгийн газраас хийж байгаа тусгай албаны томилгоо нь мэргэжлийн гэхээсээ цаг зуурын улс төрийн “шахаа”, шантаажанд автаж хийв үү гэлтэй утгаа алдав.

Уг нь хоёр сарын өмнө Хөх хотод Монголыг төлөөлөн сууж байсан консул Д.Мөнх-Эрдэнэ дипломат албыг улстөрчид  “алж” ахыгаа, дүүгээ, худаа, тэр бүү хэл нууц амрагаа хүртэл “шахаж” байгаа тухай шүүмжилсэн.

Харамсалтай нь, эрх баригчид нохой хуцсаны чинээ үл тоож, “шахаа”-ны хүмүүсээ зүтгүүлсээр… Засгийн газрын сайд нарын хүүхэд нь Элчин сайдад нэр нь дэвшихээс эхлээд их гүрнүүдэд суух Элчин сайдын зөвлөх зэрэг албан тушаалд томилогдсон байхад бусад нь ч бас барьцах сэтгэл төрдөг юм болов уу. БНХАУ-д суух Элчин сайдад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэл зүтгээд Ерөнхийлөгчид гологдлоо л гэсэн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүүгээ Гадаад харилцааны яаманд оруулахаар “шахаж”  байна л гэж сонсогдсон. Энэ бол зах нь. Цаашаа ухвал барагдахгүй их юм гарна. Гадаад харилцааны сайдаасаа эхлээд Төрийн нарийн бичгийн дарга нь туслахуудаа Лондон, Оттава зэрэг хотуудад атташегаар томилоод зохицуулчихсан тухай мэдээллийг хэвлэлүүд цацсаныг санах биз.

За тэгээд томилсон зарим дипломат нь хар тамхины хэрэгт холбогдож, Монголыг ч шившиг болгож гүйцсэн дээ. Өнөөдөр энэ тухай ярьдаг, анхааруулдаг хүн алга.

Уг нь хоёр долоо хоногийн өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ  Монгол Улсыг  FATF-ын саарал жагсаалтад оруулсан шалтгааны талаар хаалттай горимоор ний нуугүй яръя гэж санал гаргасан ч булай нь дэлгэгдэнэ гэж эмээсэн үү, аль болох үг унагалгүй, улсын нууцаар нь хэвээр үлдээхийг эрмэлзэж байна уу гэлтэй, өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хаалттай ч, нээлттэй ч байдлаар хэлэлцсэнгүй.

УИХ-ын гишүүд “Хаалттай хэлэлцэх шаардлага байхгүй” гэж тодрох ч хуралдаж ч чадахгүй байсаар төв банкны ерөнхийлөгчийг шахамдуулан чөлөөлөгдөх өргөдлийг нь өгүүлж амжлаа.

Уг нь чөлөөлөгдөхөөс нь өмнө үг унагаад авбал Монголын дипломат албыг цэвэрлэхэд нэмэр болох ч байсан юм билүү хэн мэдлээ.

Коммунистууд дипломат албаар тоглож ханахгүй нь ээ.

 

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж