2019 он гарснаас 9 хүүхэд алга болжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.21-нд нийтлэгдсэн

2019 он гарснаас 9 хүүхэд алга болжээ

2019 он гарснаас 9 хүүхэд алга болжээ

Сүүлийн хэдэн жилд бага насны охид ор сураггүй алга болсоор байгаа нь хэн хүний сэтгэлийг эмзэглүүлж байна. Тэдгээр охид хаашаа алга болсныг хэн ч мэдэхгүй. Сэжүүр нь ч олдохгүй байгаад хэргийн учир буй.

Цагдаагийн байгууллагаас авсан тоон мэдээллээр 2019 оны арваннэгдүгээр сарын 19-ны байдлаар хүүхэд алга болсон гэх 912 дуудлага бүртгэгдсэн бол, нийслэлийн хэмжээнд 807 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс есөн хүүхэд өдийг болтол олдоогүй байна.

Тоон мэдээллээс харвал 2017 онд сураггүй алга болсон нэг, 2018 онд сураггүй алга болсон дөрвөн хүүхдийг эрэн хайснаас гурвынх нь цогцос олдсон бол, 2019 онд сураггүй алга болсон нэг хэрэг бүртгэгдээд байна. Хэргийг сануулбал, энэ 2019 оны дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас есөн настай Б.Ундармаа, 2018 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас Б.Мөнгөнцэцэг, 2017 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Д.Сэржмядаг нар сураггүй алга болж, өнөөг хүртэл ямар нэгэн сураг гаргаж чадаагүй байгаа юм.

Д.СЭРЖМЯДАГ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин алга болоод хоёр жил болж байна. Охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12.00 цагийн орчимд гэрээсээ гарч яваад сураггүй хэвээр байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл Д.Сэржмядаг охин олдоогүй. Иймээс хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэний мэдээллийг үнэлж авна гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Охин айлын бага хүүхэд бөгөөд алга болсон тухайн өдөр ээж рүү гээ дөрвөн удаа залгаад утас нь холбогдохоо больсон байдаг. Өнгөрсөн хугацаанд тус суманд эрлийн өргөн хүрээтэйгээр нэгжлэг хийсэн ч охины талаар сураг гараагүй байгаа юм. Иймээс эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Б.МӨНГӨНЦЭЦЭГ

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог уул гэх газраас 13 настай охин Б.Мөнгөнцэцэг 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр 11.00 цагийн орчимд хонио хариулахаар яваад одоог хүртэл ор сураггүй болсон юм.

Охин алга болохынхоо өмнөх хоёр өдөр малдаа яваад ирэхдээ чихэр печень авч ирсэн тухай ч мэдээлэл бий. Охин ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан гэдэг. Түүнийг алга болсон даруйд Онцгой байдлын аврагч, нутгийн иргэд нийлсэн 60 гаруй хүн хоёр хоног хайжээ. Цагдаагийн байгууллагаас гурван удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч харамсалтай нь охины сургийг гаргаж чадаагүй. Одоогийн байдлаар эрэн хайр ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөв.

Б.УНДАРМАА  

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд эцэг эхийнхээ хамтаар амьдардаг байсан Б.Ундармаа охин энэ 2019 оны хавар алга болсон. Хамгийн сүүлд охиныг 18.00 цагийн орчимд ээж нь гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг харсан ажээ. Харин аав нь гэртээ ирээд охиноо дуудахаар очиход талбай дээр харагдаагүй тул ойр хавийн айлуудаас сураглаж эхэлсэн юм байна. Охины талаар ямар нэгэн сэжүүр гарч ирээгүй учраас хуулийн байгууллагад хандаж, эрлийн ажиллагааг орон даяар явуулж эхэлсэн юм. Б.Ундармаа охин айлын бага хүүхэд бөгөөд түүнийг алга болсноос хойш сум даяараа хүч нэмэгдүүлэн хайж байна. Түүнийг гуу жалга, голд унасан байж болзошгүй хэмээн самналт хийхэд сэжүүр олдоогүй аж. Тиймээс охиныг харсан, үзсэн хүн байвал Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101 утсанд мэдээлэл өгөхийг хүссэн юм.

Энэ мэтчилэн орон нутагт бага насны охид алга болсон хэд хэдэн тохиолдол гараад байна. Цөөхөн монголчууд бид бага насны охид, хүүхдүүдээ учир шалтгаангүй алдсаар байх уу гэдэг асуулттай бид туллаа. Иймээс дахин нэг ч гэсэн гэр бүлийг амьдын хагацалд үлдээхгүйн тулд холбогдох албаны хүмүүсээс дараах сэрэмжлүүлэг ярилцлагыг бэлтгэлээ.

 ЖИЛД ДУНДЖААР 8000-8500 ОРЧИМ ХҮН ЭРЭН СУРВАЛЖЛАХ ТУХАЙ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ ИРДЭГ

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Болормаагаас тодрууллаа. 

-Энэ онд улсын хэмжээнд хүүхэд алга боллоо гэх хэчнээн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бэ?

-Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээлэл хүлээн авах утсанд жилд дунджаар 8000-8500 орчим хүн эрэн сурвалжлах тухай дуудлага мэдээлэл ирдэг. Сард дунджаар 600 орчим хүнийг эрэн сурвалжилдаг гэж ойлгож болно. Харин хүүхэд эрэн сурвалжлах дуудлага мэдээлэл 2019 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 950 орчим бүртгэгдсэн. Үүнээс нийслэлд 90 хувь буюу 825 нь үлдсэн 115 хувь нь орон нутагт эрэн сурвалжилсан.

-Цагдаагийн байгууллагаас хүүхэд алга болсон даруйд шуурхай хайдаг уу?

-Цагдаагийн байгууллагаас сард дунджаар 50-60 хүүхдийг эрэн сурвалжилдаг. Эрэн сурвалжлах ажиллагааг ямар байдлаар гүйцэтгэдэг вэ гэхээр тухайн дуудлага мэдээллийг Асап буюу цагдаагийн мэдээллийн санд бүртгээд нийт цагдаагийн газар хэлтсүүд, эрэн сурвалжилна.

-Хүүхдүүд алга болж буй цаад шалтгаан нөхцөлийг судалж үзсэн үү?

-Хүүхдүүд ямар байдлаар алга болж байна гэхээр гэрээсээ төөрөх, ялангуяа өсвөр насны хүүхдүүд гэр бүлийн орчноосоо дайжих, гэр бүлийн таарамжгүй харилцаа, өсвөр насны онцлог, цахим тоглоомд донтох байдлаар алга болдог. Дээрх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагааг явуулаад олдсон тохиолдолд Асап сангаас хасдаг. Зарим нь маш удаан хугацааны дараа олддог бол зарим нь хоногоор шөнө орой найзындаа тоглоод мартчихсан байна гэх мэт байдлаар олддог.

-Алга болсон охидын  талаар шинэ мэдээлэл бий юу?

-Энэ 2019 оны хавар Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд есөн настай охин алга болсон. Эрлийн ажиллагаа татан буугдаагүй, хайж байна. 2018 онд Хөвсгөл аймагт Б.Мөнгөнцэцэг охин алга болсон бөгөөд мөн эрэн хайх ажиллагаа тогтмол явуулж байна. Хэд хоногийн өмнө Баянзүрх дүүрэгт оршин суугаа хаягтай, 12 настай Э гэх хүүхэд алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Улмаар хүүг эрэн сурвалжилсан. Энэ хугацаанд хүү цахим тоглоом тоглодог, 2016 онд гэрээсээ явж байсан гэсэн мэдээлэл бүртгэгдсэн байсан. Одоогийн байдлаар энэ хүүхдийн сургийг нь гаргасан.

Өнгөрөгч сард Дорнод аймагт цагдаагийн байгууллагаас хоёр настай охиныг эрэн хайсан. Гэтэл охин жалганд унаад амиа алдсан байсан. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал халамжаа тогтмол тавих хэрэгтэй.

 ХАЙРЛУУЛАХ, ХҮНДЛҮҮЛЭХ ААВ ЭЭЖИЙНХЭЭ “АМЬ” НЬ БАЙХ ХЭРЭГЦЭЭ НЬ АЛДАГДААД ИРЭХЭЭР ХҮҮХЭД ГЭРЭЭСЭЭ ДАЙЖДАГ

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагад өдөрт хүүхэд алга боллоо гэх дуудлага дунджаар хэд бүртгэгддэг вэ. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн байгууллагын 102 утсанд өдөрт хүүхэд алга боллоо гэсэн дуудлага мэдээлэл өдөрт дунджаар 10 орчим ирдэг. Эдгээр дуудлагын 99 хувь нь маш богино хугацааны дараа олддог. Нэг үеэ бодвол эцэг эхийн утасны харилцаа холбоо сайжирч, хуулийн байгууллагад хандах хандлага нь нэмэгдсэн.

Хүүхэд алга болж буй шалтгаан нөхцөлийн тухайд та юуг хэлэх вэ?

-Алга болж буй хүүхдүүдийн 60 орчим хувь нь хичээлээ тарж яваад утас нь холбогдохоо байчихсан мөн найзуудтайгаа гадаа тоглож байгаад цэнэг нь дууссан гэдэг юм уу нийтлэг шалтгаантай байдаг. Цагдаагийн байгууллагад иргэн хүн дуудлага мэдээлэл өгөх эрх нь нээлттэй. Бид дуудлага өгсөн бол бүртгэж авдаг. Өөрөөр хэлбэл дуудлага өгсөн хүүхдүүдийн 99 хувь нь буцаад олддог.

Нийслэлийн цагдаагийн газраас улирал бүр хараа хяналтгүй хүүхдийг, илрүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх “илрүүлэлт” арга хэмжээг зохион байгуулдаг.

Бидний явуулж буй гол чиглэл бол цахим тоглоомын газар, Улаанчулуут, Цагаан-Давааны хогийн цэгт, Нарантуул, Хархорин захуудад байрлаж хоног төөрүүлдэг ямар газрууд байна тухайн газруудыг бид илрүүлдэг. Дараа нь хүүхдийн байгууллагад хүлээлгэн өгөөд тухайн хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, ар гэрт нь анхааруулга өгдөг. Цөөн тохиолдолд сараас дээш хугацаанд олдохгүй байх гэртээ эргэж ирэхгүй байх тохиолдол байдаг.

-Энэ жилийн тухайд нийслэлд ор сураггүй алга болсон тохиолдол бүртгэгдсэн үү?

-Улсын хэмжээнд 2019 онд сураггүй алга болсон гэх 912 хүүхэд алга болсон гэсэн дуудлага ирсэн. Нийслэлийн хэмжээнд он гарсаар өчигдрийн байдлаар алга болсон гэх 807 дуудлага иржээ. Үүнээс есөн хүүхэд алга болсон бөгөөд эрэн хайх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.

Энэ жилийн хэмжээнд ор сураггүй болсон тохиолдол байхгүй. Амь нас нь шууд эрсэдсэн алга болсон гэдэг юм уу тийм тохиолдол бүртгэгдээгүй байна. Сарын өмнө нэг хүүхэд алга болсон. Урьд нь алга болж байгаагүй хүүхэд охин байсан. Долоо хоногийн дараа олсон. Шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байсан. Хоёрдугаарт, өсвөр насны хүүхдийн эмзэг үе байдаг. Тэр үед зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ зөв харилцахгүй алдаа гаргаад байдаг. Уучилж болохоор зүйлийг уулын чинээ болгож том болгодог. Өсвөр насны хүүхэд аливаа зүйлд гомдох нь ихсэж, өөртөө итгэх итгэлгүй сул дорой байх үе бий. Тэд би юу ч чадахгүй гэсэн бодлоосоо болоод би ер нь хэнд ч хэрэггүй юм байна гэсэн бодол сэтгэхүйг тээж явдаг. Үүнийг эцэг эхчүүд үүнд анхаараач ээ.

-Хүүхэд алга болсон нь мэдээж эцэг эхийн хайхрамжгүй зантай холбоотой байх?

-Би зарим эцэг эхчүүдэд баярладаг. Хүүхдийнх нь утас холбогдохгүй цаг болоход сандраад шууд цагдаа руу залгаж байгаа. Энэ бол зөв. Гэтэл хүүхэд нь гэрээсээ яваад арав хонож байхад цагдаа руу залгадаггүй хүмүүс байна. Энэ хоёрын хооронд асар их ялгаа бий. Гэр бүлийн суурь хүмүүжлийн төлөвшлийн ялгаа байдаг. Үүнийг цаашид яаж илаарьшуулах вэ гэхээр залууст гэр бүлийн зөв хөгжил төлөвшлийг нийгмээрээ явуулах шаардлагатай. Үүнд хүүхдийн байгууллага, Гэр бүл хүүхэд залуучуудын газар гэдэг юм уу хамтраад олон нийтэд чиглэсэн ухуулга нөлөөлөө эрчимжүүлэх хэрэгтэй байна. Боловсролын байгууллагууд иргэний боловсрол, амьдрах ухааны чадвар гэсэн гол хоёр хичээлийг ангийн багш нар нь өөрсдөө орчихдог юм билээ. Тухайн багш нарыг чадавхжуулах,  дээрх хичээлийг нэг стандартад оруулах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж