Дубайн гэрээтэй холбоотой Захиргааны хэргийн шүүх хурал болсонтой холбогдуулан өчигдөр ҮАБЗ хуралдсан. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос зарим зүйлийг тодрууллаа.
-Захиргааны хэргийн шүүхээс Дубайн гэрээтэй холбоотой шийдвэр гаргасан. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ. Энэ асуудлаас болж Х.Болорчулуун гишүүн та хоёр маргалдсан гэсэн мэдээлэл байна?
-Эхлээд УИХ-ын гишүүдийн эрх үүргийн тухай асуудал. Гишүүд аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж болох ч баримттай, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Гишүүд хов ярьж, хардлага тараах ажлыг хийж болохгүй. Харамсалтай нь, гишүүд сүүлийн үед Оюутолгой төсөлтэй холбоотой гүтгэлэг, ташаа мэдээлэл гаргаж байна. 2009 онд УИХ 57-р тогтоол гаргаж, Засгийн газарт зөвшөөрөл өгч Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёр ч сайд байсан. Энэ гэрээ бол барууны орон Монголд өмнө нь хийж байгаагүй, хожим үл хийгдэх анхны том гэрээ. Ганц үйлдвэрийн асуудал биш бүрэн эрхт тусгаар тогтнол, улсын гадаад харилцаа гэсэн олон давхар үр дагавартай гэрээ болсон. Гэрээ байгуулагдсанаас хойш 10 жил болж байна. Энэ хугацаанд асар их хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн бөгөөд одоогоор 9 орчим тэрбум ам.доллар, ДНБ-ий жилийн орлогоос давах хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Эзгүй талд Монгол Засгийн газраас нэг ч төгрөг авалгүйгээр бүтээн байгуулалт хийгдсэн, одоо далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэж байна. Бүхэл бүтэн хот шиг бүтээн байгуулалт 1300 метрийн гүнд хийгдэж байна. Энэ ажилд Рио Тинто компани болон Дубайн төлөвлөгөөгөөр 15 банк оролцож, далд уурхайн ажил хийгдэж байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр 15 мянган хүн ажиллаж багаагаас 95 хувь нь монголчууд. Энэ төслийг тойрсон 20 гаруй мянган аж ахуй нэгж ямар нэг байдлаар бизнес эрхлэдэг гэхээр том төсөл. 2017 онд намайг Хууль зүйн яаманд очиход Оюутолгой болон Монгол Улсын Засгийн газар хооронд гурван асуудал яригдаж байсан. Нэгд, танай УИХ Оюутолголойн гэрээг зогсоох талаар шийдвэр гаргах гэж байна энэ танай улсын байр суурь мөн үү. Ажлын хэсэг байгуулж, шалгаж байгаа нь улсын чинь бодлого мөн үү. Хоёрт, Захиргааны хэргийн шүүх дээр танай Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгох маргаан явуулж байгаа нь Засгийн газрын байр суурь мөн үү. Гуравт, Татварын шалгалт орж акт тавьсан, үүнийг эвийн журмаар явья гэсэн. Ийм байдалтай хоёр жил гаран явсан.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсаны дараа гэнэт нэг өдөр Захиргааны шүүх Ч.Сайханбилэгийн захирамжийг гэнэт хүчингүй болгосон. Мөн УИХ-ын тогтоолын төслийг хүчингүй болгох ёстой гэсэн тогтоолыг бүлэг хэлэлцэж эхэлсэн. Ерөнхийхийдөө Оюутолгой төслийг зогсоох ийм нөхцөл үүссэн учраас нэмэлт, хүндрэл гарсан. Энэ асуудлыг ҮАБЗ дээр ярьсан. Монголд ирж болох эрсдэл, бид цаашид ямар замаар явах, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал яригдсан. Тэгээд УИХ дээр дахин ярилцаж, шийдвэр гаргахаар ярилцаж байна. Монгол Улс ашиг хүртэхгүй байна, харин нөгөө талаа хөрөнгө оруулагчид 9 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн хариуд нь та бүхэн юу өгсөн бэ гэсэн хүндрэлтэй байдлаар тулж байгаа. Миний хувьд энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа учраас намайг хамгаалж байна гэж хэлээд байгаа юм. Энэ нэг төсөл бус Монгол Улс дэлхийтэй харьцах харилцаа тасрах учраас би санаа зовж байна. Мөн үүнийг зогсоох юм бол дааж давшгүй маргаанд бид орж, ялагдал хүлээх магадлал маш өндөр. Маргаанд ялагдаж, үйлдвэр зогсч, хөрөнгө оруулалт зогсч, яах нь тодорхойгүй бол яах вэ. Ийм хууль зүйн үр дагавар яригдаж байгаа учраас улсыг ийм байдалд оруулахгүй гэж үзэж байгаа.
-Дубайн гэрээтэй холбоотой шийдвэрийн тухайд?
-Дубайн гэрээний төлөвлөгөөг шүүмжилж байгаа хүмүүстэй би ижил байр суурьтай байдаг. Гэхдээ Ч.Сайханбилэг гэдэг хүн Монгол Улсын Ерөнхий сайд байсан нь үнэн. Ерөнхий сайд захирамж гаргах эрхийг Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт өгсөн нь үнэн. Тэр төлөвлөгөөгөөр 4 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь бас үнэн. Тэр үед манай нам тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан нь үнэн. Үүнийг худлаа гэж зугатах уу. Ийм байдал бий болсон учраас асуудлыг их нухацтай шийдэхгүй бол болохгүй. Ойрын үед хөрөнгө оруулагчдын ТУЗ-ийн хурал болж, энэ төслийг цааш явуулах эсэх асуудал тавигдсан байхад Захиргааны хэргийн шүүх гаргаж, УИХ төсөл зогсоох шийдвэр гаргавал яах вэ. Цаашид юу болох вэ. Бид ганцаардвал яах вэ. Рио Тинто гэх компанийн дэлхийн хоёрт жагсдаг. Энэ компанийн ард Английн хатан хааны гэр бүл, Австрали гэх мэт, томоохон банкууд гээд хүч тэнцвэргүй тулаанд орох эрсдэл нүүрлэж байгаа учраас үүнээс болгоомжлох ёстой. Оюутолгой тойрсон хардлага, сэрдлэг, гэрээ байгуулсныхаа төлөө сайд нар хоёр тэрбум ам.доллар авсан, С.Баяр нэг тэрбум ам.долларыг, бусад гарын үсэг зурсан сайд нар авсан гэх хардлага байдаг. Бүлгийн хурал дээр үүнээс болж хэрүүл үүссэн. УИХ-ын гишүүн хүн 200 сая ам.долларын хахууль авсан гэж байгаа бол тэр хүмүүсээ шоронд хий гэдгээс л бүлгийн хурал дээр маргасан. 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчээд 2 тэрбум ам.долларын хахууль авна гэж юу байх вэ, үнэн бол мөнгөө хуваа, худал бол мэдээллээ өг гэдгийг одоогийн Х.Баттулга Ерөнхийлөгч сонсч байсан хуралдаан дээр би хэлсэн. ҮАБЗ-ийн гишүүд миний ярьж байгаа энэ төслийг зогсоож болохгүй гэдэгтэй ижил саналтай байгаа шүү. УИХ, Засгийн газар өөрсдөө зөвшөөрч хөрөнгө оруул гэчээд, хөөж гаргаж болохгүй. Хоёр талаас ярилцаад өөрчлөх зүйл бий. Энэ хөрөнгө оруулалтыг зогсоох гээд байсан учраас саарал жагсаалтад оруулсан, сануулга өгсөн. Австрали, Канад улс маш идэвхтэй ажилласан. Гадна талд хөрөнгө хураагаагүй гэх мэт жижиг зүйл байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт дээр та нар дэлхийн жишигт байхгүй шийдвэр гаргах гэж байна гэж сануулга өгсөн. Хөрөнгө оруулагчдын хурал болох гэж байна. Энэ төслийг зогсоо гэсэн үүрэг авсан ТУЗ хуралдах гэж байна. ҮАБЗ хуралддаг чинь үүнтэй холбоотой хуралдсан. Асар их хорлох ажиллагаа энэ ордон дотор хийгдэж байгаа учраас би өнөөдөр дуугарч байна. Монголыг ганцаардуулж болохгүй.
-2048 онд Монгол Улс ашгаа хүртэнэ гэж байгааг дэмжиж байгаа юм уу, та?
-Би дэмжих биш. Ч.Сайханбилэг бие даан шийдвэр гаргасан. Манай шүүх шийдвэр гаргана гэдэг дотоод асуудал. Гэхдээ Лондонгийн арбитрын шүүхэд очно гэсэн заалт гэрээ бий. Бид зогсоохгүй, засч, сайжруулах тухай асуудал ярьж байгаа.
-Дубайн гэрээг шинэчлэхтэй холбоотой Рио Тинтогийн удирдлагатай ярьж байгаа юу. Засгийн газар. Ямар өөрчлөлт оруулах вэ?
-Ярьж байгаа шүү дээ. Би лав гурван удаа уулзсан, тэгэхдээ энэ гэрээгээ шинэчлэх, өөрчлөхийг хэлсэн. Гэрээн дээр тал талаасаа ойлголцоё гээд явж байгаа. Хоёр талаасаа хөрөнгө оруулалт, төлөвлөгөөнд ч өөрчлөлт оруулах боломжтой. Түүнээс гадна хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж тусдаа бий. Засгийн газар одоогоор тогтоол гаргах гээд ярилцаж байна. Рио Тинтогийн зүгээс нааштай байх боломжтой.
-Ц.Нямдорж Оюутолгойг хамгаалж байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ?
-Би хамгаалж байгаа нь үнэн. Шүүхийн маргаанаас болж Монголыг хорлож болохгүй. Ийм зүйл яриад байгаа хүмүүс сонгуульд ялагдаад өөр өөрийн замаар явна. 15 мянган хүн ажилгүй болвол энэ хүмүүс төлөх үү, 9 тэрбум ам.долларыг эд нар төлөх үү. Үгүй шүү дээ, ард түмэн л төлнө. 250 сая ам.долларын хахууль авсан хүнийхээ нэрийг тодорхой болгож, АТГ-т өгөх хэрэгтэй энэ яриад байгаа гишүүд. Тэр эх орноо худалдсан сайд С.Баяр, Д.Зоригт, Ц.Нямдорж, С.Баярцогтын аль нь юм бэ гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газартайгаа нийлж байгуулсан гэрээ. Монгол төрийн бүх институти оролцсон гэрээ.
-Дубайн гэрээтэй холбоотой ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дуусахаас өмнө хуралдаад, шийдвэр гаргаж болоогүй юм уу?
-УИХ яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, ямар шийдвэр ч гаргахгүй байхад яаж хэлэлцээр хийх вэ. Хийгээд л яваад байгаа боловч хоёр талаасаа ойлголцож чадахгүй л явна. Энэ Засгийн газар байгуулагдсан цагаасаа Оюутолгой компанийг цахилгаан станц барих гэрээнд тавигдсан шаардлагаа л тавьж эхэлсэн. Яриа хэлэлцээрүүд тасралтгүй хийгдэж байгаа. УИХ-ын гишүүн хүчингүй болго гэхээр түүнийг нь дагаад хүчингүй болговол Монголын төр юу болох вэ. Хөрөнгө оруулалт зогсвол юу болох вэ, сард 100-120 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Оюутолгойн далд уурхайн ажил дуусах юм бол бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөл бүрдэж байхад замд нь элдэв үлгэр ярьж байгаад хөрөнгө оруулалт зогсвол яах вэ.
-Хоёр талаас хэлэлцээр хийж байгаа гэлээ. Далд уурхайн бүтээн байгуулалт дээр хэр сайн хяналт тавьж байгаа вэ. Нөгөө талаас татварын акт зэргийг гацааж байгаад бүрхэгдүүлэдэг зүйлс бий гэж шүүмжилдэг?
-Татварын акт зэрэг асуудлаар тохиролцож чадахгүй бол Арбитрын шүүх дээр очно. Тэгэхээр тохиролцоё, үгүй бол Лондогийн арбитрт хандана гэсэн. Лондонгийн шүүх дээр асуудал гарвал шүүхийн зардлыг бид төлдөг, ялагдвал тэр хэмжээгээр хариуцлагад унадаг. Татварын маргаантай холбоотой асуудлаар би тайлбар хэлэхгүй. Лондонгийн шүүхэд хүн биш Монгол Улсын Засгийн газар гэдэг нэг л субъект, ганц л асуудал яригдана. Энэ бол сүүлийн 30 жил болсон цорын ганц ирээдүйн хувь заяаг авч явах үйлдвэр шүү.
-Оюутолгойн бараа нийлүүлэх нэрийдлээр хоосон контейнер оруулж ирсэн гэх мэдээллийг гишүүд хэлсэн. Энэ үнэн үү?
-Янз янзын үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл байдаг. Хоосон контейнер оруулж ирсэн гэдгийг АТГ шалгаж байгаа. Ер нь бол зардал өссөн гэдгийг бид хэлсэн. Хэрэв тийм зүйл байгаа бол шалгах хэрэгтэй. УИХ-ын гишүүн ордныг хов живээр дүүргэдэг газар биш.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ