Хуучирсан мэдээ: 2015.09.20-нд нийтлэгдсэн

Махны үнэ буурчээ

2015 оны 9-р сарын гуравдугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5560 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7020 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 10 төгрөгөөр, үхрийн цул мах 0.1 хувиар буюу 10 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.9 хувиар буюу 165 төгрөг, хонины цул мах 2.3 хувиар буюу 155 төгрөгөөр буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.  

Гурилын үнэ

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1150 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1019-1200 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1019 төгрөгөөр, харин “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Барс” хүнсний захуудад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

Монгол төмс 7.3 хувиар буюу 90 төгрөг, лууван 18.6 хувиар буюу 340 төгрөг, байцаа 7.3 хувиар буюу 100 төгрөг, манжин 12.0 хувиар буюу 230 төгрөг, хятад сонгино 5.8 хувиар буюу 80 төгрөгөөр тус тус буурчээ.

 Т.СОЛОНГО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж