Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хороо, “Цамхаг” хотхоны 12 давхраас өчигдөр /2019.11.19/ 16 настай охин унаж амиа алдсан хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Орон сууцны 12 давхрын цонхноос хүүхэд унах гэж байна” гэсэн дуудлагыг 16:03 цагт хүлээн авч, 16:12 цагт очсон боловч амь насыг нь аварч амжаагүй байна. Аврах ангийн алба хаагчдыг очиход 16 настай А нь “Цамхаг” хотхоны 12 давхраас “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн хоёрдугаар давхар дээр унасан байжээ.
Аврах ангийн алба хаагчид охиныг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн боловч А нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан аж. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газраас тодруулахад талийгаач охиныг өндрөөс унасан шалтгааныг тогтоохоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг өглөө. Мөн өчигдөр /2019.11.19 / Онцгой байдлын ерөнхий газарт иргэдээс ирүүлсэн мэдээллийг тоймлон хүргэе.
Гэртээ угаартсан гурван хүний амь насыг аварч, эмнэлгийн тусламж үзүүлжээ
Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар баг, Улаанбаатар төмөр замын татах хэсэгт дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 19-ны өдрийн 15:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч 1 автомашинтай 1,5 км замыг туулан 15:21 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд “Шинэ бармет” ХХК-ийн 2х3 метрийн хэмжээтэй нам даралтын зуухны өрөөнд хураалттай хатуулаг цаас шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 08:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 0,5 км замыг туулан 08:46 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт иргэн А-гийн “Пусо” загварын том оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 10:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 10:44 цагт очиж, 13 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 10:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 10:58 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багт 6х7 метрийн хэмжээтэй байшингийн доторх эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 11:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 11:36 цагт очиж, 28 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 2х2 метрийн хэмжээтэй амбаар 2 ширхэг, 9х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 12:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 12:28 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Өвдөгийн худгийн хойд дэнж” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т/ Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд иргэн С-ийн жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашины чиргүүл дээрх ачаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 18:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 27 км замыг туулан 18:29 цагт очиж, 3 цаг 6 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 03:02 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 03:14 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 5 ханатай гэр, 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 04:46 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 05:00 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Э /56 настай, эмэгтэй/, Т /56 настай, эрэгтэй/, У /26 настай, эмэгтэй/ нар угаартсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 181 км-т/ тус аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу 11.16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар эвдэрч зогссон. Мөн өдрийн 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 11.17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 23:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын Жаргалант сум дахь Цагдаагийн хэсгийн 7 алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын 15 ажилтан, Цээл сумын Засаг даргын Тамгын газрын 20 албан хаагч, ар гэрийн 9 хүн, нийт 59 хүн, 1 эрэлч нохой, 11 автомашинтай 3 бүлэгт хуваагдан: 1 дүгээр бүлэг тус сумын Өгөөмөр багийн “Бэлхийн гарам” гэдэг газраас “Хөвийн давааны-Ар” гэдэг газарт, 2 дугаар бүлэг “Хүйлээ ханы-Ар” гэдэг газраас “Цээл”-ийн гол гэдэг газар хүртэл явганаар 10 км-т, 3 дугаар бүлэг 10 гуу, жалгыг самнаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:15 цагт түр зогсоосон. 11.20-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Цахилгаан шатны хөндийд унасан талаар: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны байрны цахилгаан шатны хөндийд иргэн Б /32 настай, эрэгтэй, согтуруулах ундаа хэрэглэсэн/ унасан тухай дуудлагыг 11.20-ны өдрийн 06:06 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 06:17 цагт очиж, 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ