ХБНГУ-ын “Конрад-Аденауэр” сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн хамтарсан, улс төрийн сэтгүүл зүйг дэмжин хөгжүүлэх хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Тус сургуулийн улс төр судлалын магистрантурт суурилан хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хамтын ажиллагааны гэрээнд өчигдөр Конрад-Аденауэр” сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн, МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар нар гарын үсэг зурлаа.
Энэ үеэр МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар МУИС ахисан түвшний сургалтыг сайжруулах, дэмжих чиглэлд анхаарал хандуулж буйгаа илэрхийлж, улс төр судлалын чиглэлээр магистрын түвшинд мэргэших, олон улсын улс төрийн сэтгүүл зүйн чиг хандлагыг баримталж, мэргэжлийн стандарт, ёс зүйг баримтлан ажиллах сэтгүүлч бэлтгэхийг зорьж буйгаа хэлсэн.
Мөн суурин төлөөлөгч Йоханн Фурманн “МУИС-ийн Улс төр судлалын тэнхимтэй багагүй хугацаанд олон талаар хамтран ажиллаж байна. 1993 онд Суурин төлөөлөгчийн газар байгуулагдснаас хойш Монголын ардчиллыг бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлд олон арга хэмжээ хэрэгжүүлж ирсэн. Тэр дундаа Монголын чөлөөт сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих чиглэлд Хэвлэлийн хүрээлэнтэй илүүтэй хамтран ажилласан. Энэ удаа МУИС-тай хамтран улс төрийн сэтгүүл зүйг дэмжих хөтөлбөрөө эхлүүлээд байна. Монгол шиг ардчилсан оронд мэргэжлийн, улс төрийн сэтгүүлзүйг хөгжүүлэх нь чухал” хэмээн онцолсон. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ жил сургалтын төлбөрийн бүтэн тэтгэлгийг таван оюутанд олгож буй бөгөөд тэдэнд батламжийг нь гардуулсан юм.
ЭХ СУРВАЛЖ: МУИС
Холбоотой мэдээ