Уйлснаас биш инээснээс асуу?

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

Уйлснаас биш инээснээс асуу?

Сэтгэл хэмээх "эрхтэн"-г ойлгоход тун бэрх. Ямар сайндаа л аз жаргалтай  атлаа зовлон зүдүүр нь дуусдаггүй хорвоод амьдарч байх билээ. Нэг завандаа интернэтээс "гутралын царай"(face of depression) гээд хайгаад үзээрэй. Сая сая хүн өөдөөс чинь хараад хөгжилтэй нь аргагүй инээж байх вий. Хорвоо дээр одоо байхгүй байгаа тэр хүмүүсийн царай юунд тийм хөгжилтэй, жаргалтай байна вэ?

Линкин Парк хамтлагийн дуучин Честер Беннингтон 2017 оны долдугаар сарын 20-нд гэртээ хүзүүндээ "эрлэгийн зангиа" зүүгээд сандлаа унагачихсан. Түүний эхнэр Талинда Беннингтон "Энэ бол миний нөхөр хорвоог орхихоос хэдхэн хоногийн өмнөх зураг. Тэр энэ үед ч тэнгэртээ буцах талаар бодож байсныг хэн мэдэх билээ" хэмээх тайлбартай дараах зургийг нийтэлсэн.

Хүн ер нь яаж ч зовж, зүдэрч байсан ойр дотны хүмүүстээ нулимсаа үзүүлэхийг хүсдэггүй бололтой. Хайртай хүмүүсээ зовоохоос эмээсэндээ юу ч болоогүй, тэр бүү хэл үнэхээр аз жаргалтай байна гэж харагдахыг оролддог.  Хамгийн хөгийн онигоон дээр хүртэл жинхэнээсээ юм шиг эсвэл бүр цаанаасаа жинхэнээсээ инээдэг болчихдог. Тэд шийдсэн л бол танд юу ч хэлэхгүй.

Reddit-ийн хэрэглэгч baileyann5683 гэх охин доорх зургийг цахим ертөнцөд тавьжээ. Зураг дээр тэрбээр ээждээ тэврүүлээд жаргалтай сууж байгаа ч сар хүрэхгүй хугацааны дараа төрсөн өдрийх нь өмнө ээж нь амиа хороочихсон гэнэ. Тэрбээр "хүчтэй юм шиг харагддаг ч тэднийг анхаарч байгаарай" хэмээн хүмүүст сануулжээ.

Тийм ээ, эргэн тойрондоо байгаа хамгийн хүчирхэг, сэтгэлийн хаттай, уйлдаггүй юм шиг санагддаг хүмүүсээ анзаараад үзэх хэрэгтэй. Хараад л байгаарай! Тэд магадгүй өөрийн хоббиноос залхаж, сонирхдог зүйлсээ орхиж, амьдралын хэв маягаа өөрчлөөд, ердийнхөөсөө их ядарч, нойр нь хулжиж, их бодлогоширч, худлаа инээгээд байх вий.

Reddit-ийн бас нэгэн хэрэглэгч TREVZRR "Энэ бол миний хамгийн сайн найз. Тэр энэ сэлфиг хийснээс долоохон хоногийн дараа жингүйдчихсэн. Хүмүүс минь, найзуудаа нэг анзаараарай. Тэдэнд хайртай гэдгээ үргэлж хэлж бай. Дотроо юу бодож явааг нь бид мэдэхгүй шүү дээ" хэмээн дараах зургийг хуваалцсан байна.

Хэн ч байсан ер нь дорой харагдахыг хүсдэг бил үү? Хайртай хүмүүстэйгээ үргэлж ярилцаж, сайн сонсогч байж өгөх хэрэгтэй. Гэхдээ хэн нэгэн өөрийг нь мэдээсэй, сонсоосой, ойлгоосой, аргадаасай гэж хүсч ляваа. Хэрвээ танд ярьж эхлэх л юм бол үргэлжлүүлэн сонсоорой. Зөвөлгөө өгөх гэж яарах хэрэггүй. Ялангуяа "Бүх зүйл зүгээр болно доо" гэх мэтийн бүгд хэлдэг үгийг битгий хэлээрэй. Бүх зүйл зүгээр болчихдог байсан бол тэд тэгтлээ зовох байсан гэж үү? Үг бүрийг нь маш анхааралтай сонсож түүнийг ойлгох нь л хамгийн чухал. Тэгээд дараад нь элдэв нийтлэг дэмий үг хэлэхийн оронд өөрийг нь өөрт нь мэдрүүлж өгөх хэрэгтэй. Өөрийгөө үнэлэх үнэлэмж бол гутралтай тэмцэх хуягт баатар. Түүнд илд, бамбай өгчих л юм бол гуниг гутрал гээч гурван толгойтой хар лууг юу ч үгүй тасдаад хаячих хүч чадал бий. Үүний тулд тэднийг сайн дурын ажил, мод тарих гэх мэт хүн бүр "гараас юм гарах" үйл явдалд урих хэрэгтэй. Мэдээж та өөрөө хамт явах нь хамгийн чухал. Цаашлаад тэдэнтэй ойр ойрхон утсаар ярьж, зурвас бичиж, цаг гарвал уулзаж байх хэрэгтэй. Үүнээс гадна тэднийг энгийн амьдралд нь буцаан оруулахын тулд өмнө нь хийдэг, хийх дуртай байсан зүйлсийг нь хамт хийлцэж өгвөл үр дүнтэй. Жишээ нь өглөө хамтдаа гүйж болно шүү дээ. Ингэснээр тэдэнд өөрийнх нь амьдрал үнэхээр муугүй сайхан амьдрал байж шүү дээ гэдгийг мэдрүүлж чадвал нэн сайн.

Гуниг гутрал бидний бие муудахаас эхлэх тохиолдол олон бий. Тиймээс биеийн тамираар хичээллэх, эрүүл хооллох зэрэг амьдралдаа шинэ, эрүүл зүйл нэмэх нь бас тустай.

Эцэст нь хэлэхэд мэргэжлийн хүмүүст хандах нь хамгийн үр дүнтэй арга. Тэд хэрхэн үйлчлүүлэгчийнхээ гутрал амьдралын хэв маягаас нь болсон, сэтгэлзүйгээс нь болсон эсэхийг оношлоод, муу зуршлыг нь хаяулж, эрүүл, өөдрөг хүн болгохоо маш сайн мэднэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: greenlemon.me

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж