200 гаруй төрийн үйлчилгээг цахим болгоно

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

200 гаруй төрийн үйлчилгээг цахим болгоно

 Авлигатай тэмцэх газрын /АТГ/  Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран төрийн байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудыг оролцуулсан “Иргэдийн өргөдөл, гомдол: Шийдвэрлэлт, хяналт, тайлагналт” сэдэвт форумыг  өнөөдөр /2019.11.20/ анх удаа зохион байгууллаа.

Тус  форумын зорилго нь иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэх, хяналт тавих боломжийг хангах, төрийн албан дахь хүнд суртлыг багасгах, авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах явдал аж.  

АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг  шийдвэрлэх тухай хууль батлагдаад удаж байна. 25 жилийн хугацаанд уг хуульд хэд хэдэн удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ хугацаанд цаг үе, нийгмээ дагаж төр, иргэний харилцаа ч мөн адил хувьсан өөрчлөгдөж байгаа тул хуулийн зохицуулалт өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу гэдгийг анхаарч үзэх шаардлагатай. Тухайлбал, энэ хуульд төрийн байгууллагууд хууль тогтоомжоор тогтоосон өөрийн эрхлэх асуудлын хүрээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг тасралтгүй хийх ажил хангалтгүй байгаагаас хамааран иргэд тухайн нэг асуудлаар хаана, хэнд хандахаа мэдэхгүй байх тохиолдол  гардаг нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг, мөн иргэдээс төрийн эрх бүхий дээд шатны байгууллагад хандсан  асуудлыг доод шатны байгууллагад шилжүүлэх явдал хэвшмэл болсон нь иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулах хүчин зүйл болж байна. Өнөөдрийн форум энэ мэт асуудлуудыг хөндөж байгаагаараа онцлог юм” гэв.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХҮНД СУРТАЛ БАЙСААР БАЙНА

Энэ үеэр “Цогц” хөгжлийн судалгааны төвөөс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв буюу www.11-11.mn сайтын  11 төрийн байгууллагад ирсэн иргэдийн  гомдол саналд  тулгуурлан хийсэн судалгаагаа танилцуулсан юм. Тэд нийт  8764 мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.

“Цогц” хөгжлийн  судалгааны төвийн гүйцэтгэх захирал  М.Энхбадрал “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-д заасны дагуу төрийн байгууллагын удирдлага тухайн жилд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүн мэдээг жил бүр нийтэд тайлагнах, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т зааснаар төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагад өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, удирдах үүргийг хүлээдэг. Манай байгууллага иргэдийн 8764 өргөдөл гомдолд  дүн шинжилгээ хийхэд дийлэнх саналууд нь 50-иас дээш хувь нь Нийслэл рүү хандсан өргөдөл, гомдол, мэдээлэл байх жишээний. Ингэхдээ мэдээллийг 12 төрөлд ангилан хувааж үзэхэд албан тушаалтантай уулзах хүсэлт, тэдэнд хяналт шалгалт хийлгүүлэх  хүсэлт дийлэнх хувийг эзэлсэн. Уг нь иргэдийн гомдол саналд 30 хоногийн дотор хариу өгч  шийдвэрлэх ёстой.

Гэтэл хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байдал төдийлөн хангалтгүй  үзүүлэлтэй байна.Өнгөрсөн хугацаанд ирсэн өргөдөл, гомдлуудыг аваад үзэхэд шийдвэрлээгүй боловч холбогдох тайлбар өгсөн байдал нь 51 хувь, иргэдийн өргөдөл гомдлыг хангалттай  шийдвэрлэсэн нь  26.8 хувь, 18.5 хувь нь огт иргэдэд эргэж хариу мэдэгдээгүй.  Харин үлдсэн хувь нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй өргөдөл гомдол гэсэн үг. Үүнээс харахад төрийн байгууллагуудад хүнд суртал байгаагийн том илрэл болж байна. Дүүргүүдээр нь авч үзвэл хүн амын тоо нягтралтаас шалтгаалан Банязүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн иргэдээс хамгийн ихээр өргөдөл гомдол ирдэг. Харин байгууллагаар нь авч үзвэл  Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Цахилгаан түгээх сүлжээ гэхчлэн ерөнхийдөө иргэдийн ая  тухтай амьдрах боломж нөхцөл байдалтай холбоотой гомдлууд иргэдээс ихээр ирдэг юм байна” гэв.

ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ,  ГОМДЛЫН НЭГДСЭН ХЯНАЛТЫН СИСТЕМ  2020 ОНД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ж.Тамир “Иргэдийн зүгээс өөрсдийнх нь өгсөн өргөдөл гомдлыг шийдвэрлэх  явц маш удаан байна шийдвэрлэхгүй байна гэдэг. Үүний нэгээхэн шалтгаан нь  иргэдийн төрийн байгууллагуудад  өгч байгаа  өргөдөл,  гомдлын нэгдсэн хяналтын систем байхгүй байгаатай холбоотой.  Бид хяналтын системийг бий болгохын тулд тухайн иргэн ямар мэдээллийг өгч байгааг бүртгэх ёстой. Хоёрдугаарт тухайн өргөдөл гомдлыг ямар хугацаанд шийдвэрлэж байна ямар хариу өгч байгааг эргээд хянадаг байх. Ер нь хяналтын тогтолцоог бий болгохоор иргэдийн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн явц хурдан болж төрийн үйлчилгээ иргэдэд хурдан  шуурхай хүрэх боломжийг бүрдүүлэх юм. Хамгийн гол нь хяналтын тогтолцоог бий болгохдоо цахим системээр дамжуулах ёстой. Ингэснээр  нэгэнт системд бүртгэгдсэн л бол тэр цагаасаа эхлэн иргэдийн өргөдөл гомдлыг хэр хугацаанд шийдвэрлэж байгаа  “тоолуур” явж эхлэх учиртай. Энэ нь төрийн алба хаагчийн хариуцлагатай байдлыг нэмэгдүүлнэ гэж харж байна. 2020 оны эхний улиралд багтааж  иргэдийн төрийн байгууллагуудад  өгч байгаа  өргөдөл,  гомдлын нэгдсэн хяналтын систем нээлтээ хийнэ.  Төрийн 496 үйлчилгээг цахим болгох  боломжтойгоос өнөөдрийн байдлаар 123 төрийн үйлчилгээг цахим болгосон байна. Цаашдаа 200 гаруй төрийн үйлчилгээг цахим болгоно” гэлээ. 

Төрийн байгууллагууд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгийн үнэлгээ хийлгэж нөхцөл байдлыг тодруулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд Зөвлөмж хүргүүлэхээр болсон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж