Урт нэртэй төслийн “гэрийн даалгавар” Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гэр хорооллын инженерийн хувьсгал” гэж нэрлэсэн их ажил, бүтээн байгуулалт ид дундаа өрнөж байгааг хотын төвийнхөн тогтож анзаарсан уу?
Баянхошуу, Сэлбээс эхлэн гэр хорооллын зургаан хэсэг газарт хотын шинэ дэд төвүүд өндийн босч байгааг сонсож дуулсан уу?
“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” хэмээх урт нэртэй төсөл. Мянга шахам айл өрх хашаа байшин, жорлон, амбаар пин, сагсны шон, амьжиргааны жижиг үйлчилгээ, дугуй засвартай бол ашиг орлоготой нь үнэлүүлж газраа чөлөөлчхөөд байна. Айлын хашаа байсан ормон дээр, чөлөөлөгдсөн газарт инженерийн шугам сүлжээ, зам, цэцэрлэг, Нэг цэгийн үйлчилгээний төв, Спорт цогцолбор зэргийг барьж бүтээн, гэр хорооллыг он удаан жилээр овоорч хураагдсан хүндрэл бэрхшээлээс чөлөөлж эхэлсэн.
Баянхошуу, Сэлбэ бол гэр хорооллын инженерийн хувьсгалын эхний шатны байршил. Хоёрдугаар үе нь Дэнжийн 1000, Дамбадаржаад, гурав дахь нь Шархад, Толгойт.
90-ээд оноос хойших гучин жилд их нүүдлийн хөлд дарагдаж, ус, дулаан, гэрэл цахилгаан, зам харилцаа, сургууль, цэцэрлэгийн ачаалал нь хэд дахин хэтэрч, бүх төрлийн түгжрэлд өртсөн Нийслэлийг нэг биш олон төвтэй болгоно. Хот байгуулалт, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн анхны иж бүрэн төсөл юм.
Гэр хорооллыг төвийн шугам сүлжээнд холбож, цэцэрлэг, Бизнес инкубатор төв гэх мэт нийгмийн дэд бүтцээр хангана. Гэр хорооллыг инженерчилж, Улаанбаатар нэг биш олон төвтэй хот болох төслийн хөрөнгө санхүү нь Нийслэлийн төсөв, АХБ, Европын хөрөнгө оруулалтын банкных. Баянхошуу, Сэлбэд 106 сая, Дэнжийн мянга, Дамбадаржаад 121 сая доллар зарцуулна. Хотыг эзэлсэн ус, хөрсийг бохироос чөлөөлөх нь Akipress-ын мэдээлснээр Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын жагсаалтаас гарч, Японы Осака, Канадын Ванкуверын дунд буюу 64 дүгээрт бичигдлээ. Airvisual сайтын жагсаалтаар 72 дугаарт орж, агаарын бохирдол эрс буурчээ.
Нүүрсээ шахмал түлшээр сольсон нь бага хугацаанд хүрсэн том амжилт. Гагцхүү утаа бол гэр хороололд “үйлдвэрлэдэг” хүрээлэн буй орчныг сүйтгэгч олон төрлийн хорт үр дагаврын зөвхөн нэг нь л юм. Амжилтаас амжилтанд тэмүүлж, үр дагавартай нь тэмцэхийн хамт уг үндэс шалтгааныг нь арилгах хүндхэн сорилт монголчуудыг хүлээж байна.
Өнөөдөр Улаанбаатар хүн амын 60 хувь нь нүхэн жорлонтой, халуун усгүй, төвлөрсөн дулаангүй, шороон замтай, сургууль, цэцэрлэг дутагдсан, мэдээж кинотеатр, кофе шоп нээгддэггүй гэр хороололд аж төрж байна.
Дэд бүтэцгүй гэр хороололд уг үндсээр нь өөрчлөх асуудал бэрхшээл олон байгаагийн нэг ноцтой нь ус, хөрсний бохирдол.
Худгаас ус зөөж ундалдаг нь зөвхөн гэр хорооллынхны, “Рашаанты 18”-ынхны зовлон биш. Хотын бүх хүнд шууд хамаатай. 400 мянга орчим нүхэн жорлон хөрс, усны нян, бохирдлын эх үүсвэр. Авто угаалга зэрэг химийн хортой элементийг шууд хөрсөнд хаядаг мянга мянган бохирдуулагч үүн дээр нэмэгдэнэ. Манай хотын хөрс, усны бохирдлыг хорт хавдрын эх үүсвэр ч болж байх магадлалтай гэж дэлхийд нэртэй эрдэмтэн хэлж байна.
Америкийн Агаарын нисэх хүчний технологийн их сургуулийн профессор Марк Гольц нүхэн жорлонгийн ялгадас лаг хөрс, усанд нэвчин хорт хавдрын нянгаар Улаанбаатарын ундны усны эх үүсвэр, Туул голд цутгаж байх өндөр магадлалтай гэж анхааруулсан юм. Нүхэн жорлонгийн гүн нь дунджаар 1,2 метр. Монголын газрын гүний усны дундаж түвшин 1,2 метр. Тогоо, жорлон хоёр нэг саванд, аяга, хөтөвч хоёр нэг тавиур дээр байна гэсэн үг. Ундандаа ялгадсаа юүлдэг орчин нөхцөл Улаанбаатарын хаана амьдардаг, хэн байхыг нь утаатай адилхан ялгахгүй, нүдэнд үл өртөхөөрөө илүү хорон нуугдмал аюул юм. Паалантай жорлон дээрээс эрүүл мэнд, соёлын хөгжил эхэлдэг гэж энэ билээ.
Нэг төвтэй хот: Түгжрэх хэрэгцээ Монгол улсын хүн амын тал хувь нь газар нутгийнхаа 0,4 хувьтай тэнцэх Алтан тэвшийн хөндийд амьдран сууж буй. Хагас сая хүн амьдрах боломжтой гэж анхлан тооцсоноос өнөөдөр гурав дахин өнөр өтгөн болсон. Нийслэл өөрөө түгжрэл, нийслэлийн төвийн түүний цөм. Хотын төвдөө, төрийн яам, тамгын газар, их дээд сургуулиуд, томхон эмнэлэг, худалдаа үйлчилгээний төвүүд, урлаг соёлын газрууд байрлана. Сэлбэ, Баянхошуунаас, Шархад, Дэнжийн 1000-аас алга дарам лавлагаа авах, гадаад паспорт сунгуулах, “Joker, “Aдамсын гэр бүл”-ийг кинотеатрт үзэх, кофешопт найзуудтайгаа суух гэж түгжирч, цаг, мөнгө, түлш шатахуунаа үрдэг. Км-ээр биш цагаар, уртаараа биш өртгөөрөө холын аялал. Үдэж өгсөн хүнээс гэртээ харихаас өмнө Монголоос нисээд Солонгост буучихдаг. Утааны саарал жагсаалтаас гарсан ч замын түгжрэлээр бөмбөрцөгт данстай манай хотод Сүхбаатарын талбай, Төрийн ордон тойрсон ганцхан төв рүү чиглэсэн урсгал хэвээрээ бол шинэ гүүр, зам түгжээ тайлахгүй юм.
Алга дарам цаасны төлөө аргагүйн эрхэнд түгжирч, алтан цагаа үрэхгүй болох нэг биш олон төв, гэртээ ойрхон үйлчлүүлэх бодит боломж үгүйлэгдэж байна. Нэг шинэ дэд төв 100 мянган хүнд хамаатай. Зургаан шинэ дэд төв 600 мянган хүнд хамаатай.
Үнэ цэнтэй болсон гэр хорооллын газар эргэлтэд орж, дэд бүтцээ дагаад зах зээл тэлж, бие даан хөгжиж, хүн амын суурьшил нягтрал тэндээ өсч нэмэгдэхээр тооцжээ. Төвлөрлийг сааруулах, төвийн татах хүч биш төвөөс зугтах хүч үйлчилнэ гэсэн үг.
БАЯНХОШУУ, СЭЛБЭД “БОЛСОН ЯВДАЛ”
Гэр хорооллын инженерийн хувьсгалын эхний шат болсон Баянхошуунд 162 га, Сэлбэд 156 га, нийт 318 га газарт дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр хамрагдсан. 2019 оны 3 дугаар улирлын байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлын явц 73 хувьтай. Шинэ дэд төвийн инженер, нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нарийн тоочвол нүсэр танилцуулга болох тул бүгдийг нь биш заримыг нь онцолж байна. Баянхошуунд шинэ цэцэрлэг, 720 өрхийн 3000 шахам хүнтэй “Хилчин” хотхон арван жилийн дараа төвийн дулаанд холбогдож, өнтэй өвөлжиж байна.
Нэг өвөлд 7 мянган тонн нүүрс түлдэг, жилдээ тэрбум төгрөгийн татаас авдаг байсан юм. Баянхошууны гурван цэцэрлэг, нэг сургууль, эмнэлэг зэрэг барилга байгууламжийг төвийн дулаанд холбох 30 км шугамын 16 км-ыг нь угсраад байна. Энд улсын шинэ цэцэрлэг үүдээ нээсэн. Гэртэй цоожтой, цоожгүй үлддэг байсан 350 жаал “цэнхэр дээлээ өмсөөд” цэцэрлэгтээ явж байгаа, ээж, аав нь хоёулаа ажил хийх боломжтой болсон. Баянхошуунд “Дүнжингарав” төвийн багасгасан хувилбар буюу гэрт ойрхон Нэг цэгийн үйлчилгээтэй, Бизнес инкубатор төвийн барилгыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Ашиглаж үйлчлэх байгууллагад нь хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. Баянхошууныхан гэртээ ойрхон “Дүнжингарав” байхад Дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төв рүү явахгүй. Тэндээ мэргэжил олгох, бизнесийг дэмжих сургалтын төвтэй, гэр хорооллоо өөрсдөө өөрчлөхөд оролцоно.
Нэг цэгийн төвөө дагаад жижиг худалдаа, үйлчилгээ эрхэлж, хүмүүс хийх ажилтай, олох ашигтай болно Ус зайлуулах хоолой, дугуй замтай 6,5 км зам, үерийн далан 2,1 км, цэвэр, бохирын шугам гээд тоочвол урт жагсаалт хөвөрнө. Сэлбэд Усан сан, Дулааны станц, 3 гүүр… Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг Сэлбэ дэд төвд 1000 м3 хүчин чадалтай, усан сан, насос станцын барилгыг 9 дүгээр сарын 22-нд хүлээлгэн өгсөн. Сэлбэ, Дамбадаржаагийн хэрэглэгчдийг цэвэр усаар хангаад зогсохгүй “Орлогод нийцсэн орон сууц” төслийн суурь дэд бүтэц болно.
Сэлбэ гол дээгүүр гурван гүүр барихаас энэ сарын 15-нд 60 метрийн урттай эхнийх нь ашиглалтад орлоо. Ахиад 30 метр, 24 метр урттай хоёр гүүр барьж дуусч байна. Гурван гүүрээ 6,6 км замаар холбоно. Зөвхөн тэр хавийн биш зуслангийн замын ачааллыг 40 хүртэл хувь багасгах бүтээн байгуулалт. Явган ба дугуйн зам, 9.2 км бохирын, 4.3 км дулааны шугам барьж байна.
Сэлбэд нээгдэх 240 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилга 52.2 хувьтай, Дулааны станцын шатаах зуухны угсралтын ажил дуусах шатандаа оржээ. Энд мөн Бизнес инкубатор, Нэг цэгийн үйлчилгээтэй хамт ашиглалтанд орно. Дүүргийн нэг цэгийн үйлчилгээ, Дүнжингарав төв рүү Сэлбээс явах хэрэггүй болно. Шархад, Толгойтод инженерийн “хувьсгал халдварлана” Хүн амын тоо суурьшил, инженер, нийгмийн дэд бүтцийн хэрэгцээг нь харгалзан Толгойт, Шархаданд төслийн 3 дахь үе шатыг хэрэгжүүлэхээр тооцож, ажил нь эхэлсэн.
Гурав дахь шатанд онцлох онцлог бий. Бусад газрынхтай адил инженер, нийгмийн дэд бүтцээр хангахаас гадна Толгойтод усан бассейнтай Спорт цогцолбор босно. Шархаданд Цэцэрлэгт хүрээлэн нэмж барих юм.
ШИНЭ ДЭД ТӨВ ХААНА ЯМАР ДЭД БҮТЭЦ БҮТЭЭН БАЙГУУЛАХ ВЭ?
1-Р ҮЕ ШАТ | 2-Р ҮЕ ШАТ | 3-Р ҮЕ ШАТ | ||||
Хэрэгжих газар | Сэлбэ | Баянхошуу | Дэнжийн мянга | Дамбадаржаа | Толгойт | Шархад |
Дулаан хангамж | 9.97 км | 15 км | 4.2 км | 3 км | 5.78 км | 8.49 км |
Ус хангамж, ариутгах татуурга | 19.78 км | 23.83 км | 6.44 км | 4.22 км | 9.5 км | 11.7 км |
Авто зам | 6.7 км | 7.42 км | 3.6 км | 2.76 км | 7.69 км | 8.87 км |
Цахилгаан холбоо | 5.3 км | 7 км | 29 км | 18.4 км | 14км | 20 км |
Нийгмийн байгууламж | 240 хүүхдийн цэцэрлэг-1, Бизнес Инкубатор-1, Үерийн хамгааллын далан суваг 2.4 км, Усан сан 100м3, ЦТП-14 ш Тохижилт 3.01га Мэдээлэл холбооны төв-1 | 240 хүүхдийн цэцэрлэг-1, Бизнес Инкубатор-1, Үерийн хамгааллын далан суваг 2.5 км, Усан сан 100м3, ЦТП-12ш Тохижилт 4.65га Мэдээлэл холбооны төв-1 | Олон нийтийн хөгжлийн төв, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Цэцэрлэгт хүрээлэн 2га, Спорт цогцолбор /Усан бассейнтай/ | Олон нийтийн хөгжлийн төв, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Дулаан эх үүсвэр- 48МВт, Спорт цогцолбор | Олон нийтийн хөгжлийн төв-1ш, 230 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, МСҮТ-1ш, Цэцэрлэгт хүрээлэн-16,432.5м2, Спорт комплекс-1ш | Олон нийтийн хөгжлийн төв-1ш, 230 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, МСҮТ-1ш, Цэцэрлэгт хүрээлэн-16,432.5м2, Спорт комплекс-1ш |
Гурван үе шаттай, 9 жилийн хугацаанд зургаан шинэ дэд төв бүтээн байгуулах Гэр хорооллын инженерийн хувьсгал үндэсний 50 гаруй компанийн 2000 гаруй монгол хүн ажиллаж байна. Айл өрх, ард иргэд газраа чөлөөлөх, саналаараа нэгдэн бүлэг байгуулж, төвийн магистрал шугамтай холбогдох, бизнесийнхэн дэд бүтэцтэй, үнэ цэнтэй болсон шинэ зах зээлд хөрөнгө оруулж, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэх олон боломж нээгдэнэ.
Их хотын хүн бүрийн уугуул гарвал, ашиг орлого, ажил мэргэжил улс төрийн үзэл, дуртай дуу, үздэг кино нь өөр өөр боловч нэг л зүйлийн биднийг нэгтгэдэг. Тэр бол илүү сайхан хотод аж төрөх, үр хүүхдэдээ үлдээх өв билээ. Гэр хороололд эхэлсэн инженерийн хувьсгал бол чөлөөлөлт. Утаа, түгжрэл, ус хөрсний бохирдол, амьдрах орчны асуудал бэрхшээлээс чөлөөлөх чөлөөлөлт.
Б.ЭНХ–ОРШИХУЙ
Холбоотой мэдээ