Онгоцонд хүний амь аварсан, хүний эрх зөрчсөн тохиолдол

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

Онгоцонд хүний амь аварсан, хүний эрх зөрчсөн тохиолдол

Онгоцонд хүний амь аварсан, хүний эрх зөрчсөн тохиолдол

Монголчууд өөрийн улс орны нэр хүндийг гадаад оронд сайн, муугаар гаргаж явна. Зарим нь хулгаж дээрэм хийж, худал хэлж, хүн хулхидаж яваа бол зарим хүний амь аварч байна. Онгоцоор нисээд буух төдийд олон улсад Монголынхоо нэрийг шавартай хутгах нэгэн ч байна. Үүний тод жишээ бол Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр. Эсрэгээрээ эх орныхоо нэрийг зөв сайхнаар сурталчилж буй нь ч бий.

АНУ-аас Холбооны Бүгд Найрамдах Нигери улс руу онгоцонд явсан С. Цэрмаа гэх Монгол бүсгүй хүний амь аварч, элэг нэгтнүүдээ огшоогоод авлаа. Тэрбээр онгоцонд ухаан алдсан хүнийн хажууд бүтэн зургаан цагийн турш байж, тусламж үзүүлжээ. Түүний сайхан сэтгэл, мэргэжлийн чадварыг үнэлж “United air” аяллын компаниас түүнд 150 ам.доллар буюу 400 мянган төгрөгийн шагнал өгсөн байна. Энэ үйл явдлын талаар С.Цэрмаа өөрийн цахим хуудаст “Амьдрал дэндүү баялаг юм. Надад ийм зүйл тохиолдоно гэж ер бодсонгүй. 77 настай эмэгтэй амьдралд эргэн ирсэнд талархаад баршгүй” хэмээн бичжээ.

Харин цахим сайтуудын бичсэн түүний талаарх мэдээллийн доор иргэд “Эгэл жирийн Монгол бүсгүй чамаар бахархаж байна. Монгол хүний сайхан сэтгэлийг чи мэдрүүлж, хүний амь насыг аварсанд баярлалаа”, “Ухаантай, боловсролтой эмч охинд баяр хүргэе. Зарим нэг тэнэг нь дэндсэн дарга нарын үйлдлийн хажууд гайхалтай үйл хийжээ” гэх мэт эерэг сэтгэгдэл дүүрэн.

Энэ мэт онгоцонд явахдаа хүний алтан амь аварсан монгол хүн цөөнгүй.


2017 оны зургадугаар сард Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч  Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзганбүүвэй, АШУҮИС-ийн дүрс оношлогооны тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэмбилэг нар Солонгос улсад олон улсын хуралд оролцоод буцаж явахдаа эрдэнэт хүний амийг аварсан байдаг. Энэ тухай тусламж үзүүлсэн эмч Б.Ган-Эрдэнэ ярихдаа “Онгоц дөнгөж хөөрмөгч л нэгэн зорчигчийн бие муудсан. Амь тэмцэн бачуурч, амьсгаа авч чадахгүй байсан. Тухайн үед онгоцонд суусан зорчигчид сандарч эхэлсэн. Бид ч анхны тусламж үзүүлсэн. Зорчигчийн бие тайвширч эхлэхэд онгоцонд явсан бүх хүмүүс алга ташиж, баяр хүргэж байв. Энэ бол үнэхээр сайхан мэдрэмж байсан. Онгоцноос буухад монголчууд танихгүй ч гэсэн баяр хүргээд л, нэг л бахархсан байдал мэдрэгдэж байлаа.

Тэр үед Ерөнхийлөгчийн сонгууль гээд нийгэм тэр чигтээ бужигнаж байв. Сошиал орчинд дандаа хар бараан мэдээллээр дүүрсэн үед иргэд ийм гэгээлэг мэдээ уншаад Монгол даяараа их баярлаж шиг л болсон доо” гэсэн юм.

Хүний алтан амь аварсан энэ үйлдлийг МИАТ компаниас үнэлж, тэднийг хүссэн чиглэлдээ нэг удаа үнэгүй зорчих эрхээр шагнасан байдаг.


Монголчуудын нэрийг дэлхий нийтэд түгээж, олон хоног сенсааци тарьсан үйл явдлын эзэн бол мэдээж Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр. Тэрбээр энэ оны аравдугаар сарын 31-нд Улаанбаатараас Инчеон руу нисэх үедээ нисэх онгоцны үйлчлэгчийн биед хүрч, бэлгийн дарамт үзүүлжээ. Энэ тухай мэдээллийг БНСУ-ын Yonhap агентлаг дэлхий нийтээр цацсан.

БНСУ-ын онгоцны буудал, дэлгүүр, үйлчилгээний газар, худалдааны төв гээд хаа сайгүй хүүхний өгзөг базсан Монголын төрийн өндөр дээд албан тушаалтны тухай мэдээлэл гарч, тэнд амьдарч буй 30 гаруй мянган монголчууд ёстой л нүүрээ нуух газаргүй болжээ. Зарим солонгосчууд илт дургүйцэж, монгол ажилчдыг ажлаас нь хүртэл халсан тухай дуулдсан. Түүнд долоон сая воны торгууль ногдуулж, хилийн хориг цуцалсан хэмээн Инчоны Засаг даргын Гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтан мэдээлсэн юм. Тэрбээр энэ асуудлаасаа болж Цэцийн даргын суудлаасаа огцрох өргөдлөө өгөөд байгаад бөгөөд олон нийт Цэцийн даргаа өгөөд зогсохгүй, Цэцийн гишүүнээс нь чөлөөлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа билээ.


Онгоцонд хүний амь аварсан өөр нэгэн баатарлаг үйлдлийг монголчууд бид мэднэ.

Тайландаас Хонконгийн чиглэлд нисч явсан онгоцыг Филиппиний амиа золиослогч барьцаалж, унагах оролдлого хийхэд уг онгоцоор зорчиж явсан З.Буяннэмэх уг үйлдлийг таслан зогсоож залуу 216 хүний амийг аварсан мэдээлэл ч гарч байв. Энэ талаар З.Буяннэмэх ярихдаа “Би яг тэр үед хөгжим сонсоод явж байсан. Амиа золиослогч этгээдийг хараад зүгээр сууж чадаагүй. Шууд очоод нөгөө этгээдийг хоолойгоор нь гараараа боож багагүй ноцолдсоны эцэст хамт хойшоо унасан. Энэ үед онгоцны эрэгтэй үйлчлэгч тусалж, нөгөө этгээдийг бид аюулгүй болгосон юм.

Онгоцноос буухад хүмүүс алгаа ташаад надад талархлаа илэрхийлж байсан. Тэгээд Монгол залуу олон хүний амийг аварлаа хэмээн зарласан.

Үүний дараа нислэгийн компанийн удирдлагууд хүлээн авч уулзан талархал илэрхийлсэн. Ингэхдээ тус компанийн нэгдүгээр зэрэглэлийн нислэгээр үргэлж үнэ төлбөргүй зорчих эрх олгосон” гэж ярьсан бий.

Эдгээр жишээ бол Монголчуудыг баатарлаг, тусархаг, сайхан сэтгэлтэй гэдгийг харуулах зөвхөн онгоцонд болсон үйл явдал. Үүнээс өөр эх орныхоо нэрийг гаргасан олон сайхан жишээ байгаа нь лавтай. Юутай ч Үндсэн хуулийн цэцийн даргын орооцолдсон дуулианд өөр нэгэн Монгол бүсгүй цэг тавилаа. Гэхдээ мэдээж хүний амь аварсан баатарлаг үйлээр дуусгалаа. Онгоцонд болсон бэлгийн хүчирхийлэл одоо "мартагдсан" гэж найднам.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж