Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярын өчигдөр тушаал гаргаж, Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалт газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зохицуулагч Б.Сарантуяагийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Б.Сарантуяа зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөний дараа гэрээгээр Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалт газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зохицуулагч түр ажиллаж байсан юм байна. Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалт газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс нь шүүх хуралдааныг хугацаанд нь явуулах, хэрэг хуваарилах зэрэг зохицуулалт хийдэг алба юм байна.
Хуульч Б.Сарантуяа болон түүний хүүг Салхитын мөнгөний ордын хэрэгт татан шалгаж байгаа ч энэ удаагийн ажлаас чөлөөлсөн нь Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбоогүй гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодотгож байгаа юм.
Мөн Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Зоригийг арваннэгдүгээр сарын 14-ний өдөр чөлөөлсөн байна. Тэрбээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан бөгөөд 2019 оны тавдугаар сард тэтгэвэрт гарах хүсэлтээ өгч, Улсын дээд шүүхийн даргаас чөлөөлсөн ч шүүгчээрээ ажиллаж байсан юм. Тиймээс түүний тэтгэвэрт гарах хугацаа дууссан учраас өнгөрсөн долоо хоногт чөлөөлжээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ