"Чингис хаан"-аар гоёсон эрхмүүд

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

"Чингис хаан"-аар гоёсон эрхмүүд

"Чингис хаан"-аар гоёсон эрхмүүд

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, “Монгол бахархалын өдөр”-ийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэдэг. Энэхүү тэмдэглэлт өдөр арваннэгдүгээр сарын 27-нд тохиож буй.

“Монгол бахархал”-ын өдрөөр  улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтсон. Уг хүндтэй шагналыг энэ жил  дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж буй "The HU" хамтлагт олгохоор болсон билээ.  Ингээд энэхүү хүндэт шагналыг авч байсан эрхмүүдийг танилцуулъя.

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ /2005/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн зарлигаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж "Чингис хаан" одонгоор шагнажээ.

Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгчийн гаргасан зарилгаар гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хүртсэн онцгой тохиолдол бөгөөд П.Очирбат "Чингис хаан" одонг хүртсэн анхны хүн юм.

БЯМБАСҮРЭНГИЙН ШАРАВ /2006

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны долоодугаар сарын 06-ны өдрийн зарлигаар мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн жилд "Чингис хаан" дуурь бүтээснийг үнэлж энэхүү одонгоор шагнажээ.

Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав нь "Чингис хаан" дуурь, "Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1,2-р симфони, "Замбуутивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", "Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичсэн.

ДАШИЙН БЯМБАСҮРЭН /2009/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны долоодугаар сарын 10-ны өдрийн зарлигаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Д.Бямбасүрэнг "Чингис хаан" одонгоор шагнаж байв.

Д.Бямбасүрэн бол Ардчилсан хувьсгал монгол улсад өрнөж байх үед улстөрийн арвин туршлага, мэргэн шийдвэрээрээ Монголын төрд үнэлж баршгүй түшиг тулгуур болсон манай улсын шилдэг улстөрчдийн нэг билээ.

РАДНААСҮМБЭРЭЛИЙН ГОНЧИГДОРЖ /2010/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны долдугаар сарын 11-ний өдрийн зарлигаар Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан эрх зүйт нийгмийг цогцлог хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж "Чингис хаан" одонгоор шагнажээ.

ШУА-ийи гишүүн, академич. шинжлэх ухааны доктор \Ph.D\. БНСУ-ын Инчоний Их Сургуулийн хүндэт доктор, Удирдлагын академийн хүндэт профессор, математикч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Р.Гончигдорж иь Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг юм.

НАЦАГИЙН БАГАБАНДИ /2011/

Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Чингис хаан одонгоор энгэрээ мялаасан тав дахь эрхэм болсон юм. Тэрээр 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1972 ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй нэгэн.

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж уг одонгоор энгэрийг нь мялаасан байна.

ДАМДИНЫ ДЭМБЭРЭЛ /2012/

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдины Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон – Чингис хааны одонг хүртээж байжээ. Зарлигт “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа наадмаар олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааныг одонг хүртээж байна” гэсэн байна.

Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Д.Дэмбэрэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга, аймгийн МАХН-ын хороонд кабинетын эрхлэгч, аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, МХЗЭ-ийн Төв хорооны Эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч, МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, хэсгийн ахлагч, Завхан аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн дарга. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга. Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Улсын Их Хурлын даргын албыг хашиж байсан. 1990 оноос Улсын Бага хурлын гишүүн. 1992 оноос тасралтгүй 6 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүн юм.

ДУМААГИЙН СОДНОМ /2013/

Монголын улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Д.Содном 2013 оны арваннэгдүгээр сарын 04-нд тус одонгоор энгэрээ мялаажээ. Д.Содном гуай Монголын ард түмэнд хандан “Монголчууд бид хийсэн бүтээснээрээ бахархах бус хийж бүтээх үйлсдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэдгээ илэрхийлж байжээ. Энэ үеэрээ Ерөнхийлөгч үг хэлэхдээ "Содном гуай бол Монгол Улсын хоёр зууны хөгжлийг холбон үүрч яваа манай нэр хүндтэй ахмадуудын нэг. Монгол Улсын Ерөнхий сайдуудаас наян насныхаа босгыг энх тунх алхаж, энэ их хүндэтгэлийг хүлээж байгаа буянтай буурал. Одоогоос хагас зуун жилийн өмнө төрийн сайдын хариуцлагатай албанд томилогдон ажилласан хүн.

Содном гуай бол Маршал Чойбалсангаас хойшхи манай төр, нийгмийн бүх удирдлагатай хамтран зүтгэж Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсаар яваа хүн. Содном гуай бол ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчлэх Монгол төрийн зүтгэлтний ноён нуруу болсон хүн" хэмээсэн байна.

ХАВТГАЙН НАМСРАЙ /2014/

Академич Х.Намсрай шинжлэх ухааны салбараас Чингэс хааны одон авч байгаа анхны эрдэмтэн болон түүхэнд үлджээ. "Х.Намсрайд төрийн дээд “Чингис хаан” одонг гардуулж байгаа нь Монголын төр үеийн үед шинжлэх ухааныг эрхэмлэн, эрдэмтэн мэргэдээ үнэлж ирсний илрэл юм" хэмээн онцолж байжээ.Академич Х.Намсрай 1943 онд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төржээ. Москвагийн их сургуулийг 1968 онд дүүргэснээс хойш физик, математикийн салбарт 46 жил ажиллаж байгаа аж.

Тэрбээр физикийн салбарт "Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол"-ыг боловсруулан, квант физикийн онолд шинэ чиглэл гаргажээ.Ингэснээр дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон байна.

ГОМБОЖАВЫН МЭНД-ООЁО /2015/

2015 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёод хүртээж байжээ. Г.Мэнд-Ооёо нь уг эрхэм шагналыг хүртсэн 9 дэх эрхмээр тодорсон юм.

Соёлын гавьят зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо 1952 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төржээ. 1978 онд УБДС төгссөн. Монголын Соёл Яруу найргийн Академийн тэргүүн Г. Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгаал, македони хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан дэлхийд монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг. 1996 онд СГЗ цол ,1998 онд "Алтан овоо" "Утгын болор сүм" номоороо МЗЭ-ийн шагнал 2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубын шагнал, 2002 оны оны шилдэг зохиолч шагнал авсан аж.

ГАНБААТАРЫН АРИУНБААТАР /2016/

Г.Ариунбаатар нь монгол дуучны авъяас чадварыг дэлхий дахинд харуулж Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжид олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж, 23-хан насандаа Гавъяат цол хүртсэн билээ. Ийнхүү тэрээр "Чингис хаан" хэмээх энэ хүндтэй алдрыг хүртэл арав дахь эрхэм болсон юм. Дэлхийн таван шилдэг дуучны нэгээр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар шалгарч байсан байна.

НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР /2017/

2017 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүртээв. Н.Түвшинбаяр нь уг эрхэм шагналыг хүртсэн 11 дэх эрхмээр тодорсон юм. Тэрээр Монгол Улсын анхны Олимпийн наадмын алтан медалийг 2008 оны Бээжингийн зуны Олимпоос хүртсэн, жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин юм. Мөн тэрбээр амжилтаа бататган 2012 онд Лондонгийн Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, их наадмын хос медальтан болсон юм.

THE HU /2019/

 

Үндэснийхээ хөгжмийг рок хөгжмийн урсгалтай хослуулсан The Hu хамтлагт Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон болох Чингис хаан одонгоор шагнахаар болж байна.

The HU хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хүннү рок чиглэлээр уран бүтээл туурвидаг юм. МУГЖ Б.Дашдондог нь 2009 оноос онд тус хамтлагийг  үүсгэн байгуулж,  продюсероор ажиллаж байгаа юм.  Монгол Улсын Ерөнхийлөгч энэ жил  төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одон олгох журманд өөрчлөлт оруулж байгууллагад олгохоор болжээ. Ингэснээр одонг жаазлан гардуулах бөгөөд хамтлагийн гишүүдэд жижиг энгэрийн тэмдэг гардуулах юм байна.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж