МҮОХ-ны ерөнхийлөгчид горилогчид

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

МҮОХ-ны ерөнхийлөгчид горилогчид

МҮОХ-ны ерөнхийлөгчид горилогчид

Жил хүрэхгүй хугацааны дараа  Япон улсын Токио хотод хүн төрөлхтний эв нэгдэл бэлгэ тэмдэг болсон 32 дах удаагийн зуны олимп хөшгөө нээнэ. Олимп хаяанд ирсэн, хамгийн хариуцлагатай энэ өдрүүдэд  Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн суудал дээрх зодоон Төрийн ордонд өрнөж байна. Учир нь МҮОХ-г халааслах сонирхол Монголын нөлөө бүхий улстөрчдөд байгаа юм.

2017 онд зохион байгуулагдсан МҮОХ-ны  долдугаар чуулганаар Д.Загдсүрэн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, дөрвөн  жилийн хугацаатай хашдаг албанд 5 дах удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.  МҮОХ-г олон жил ноёрхсон түүнийг албан тушаалаас нь авч хаяаар олон удаа оролдож байсан. Жишээлбэл, Д.Загдсүрэнг албан тушаалаас нь буулгахын тулд Олон улсын олимпийн хорооны ёс зүйн хорооны дарга Бан Ги Мун руу хүртэл захидал бичиж байсан, мөн Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Хан-Уул дүүргийн шүүхэд ч хандаж үзсэн.

Гэхдээ тэрбээр гэнэт  өнгөрөгч аравдугаар сарын 3-нд ажлаа өгөх болсон шалтгааны спорт сонирхогчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шахалттай холбон тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, түүнд хоёр сонголт өгсөн, Д.Загдсүрэн "өөрийн хүсэлтээр, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх"-ийг нь сонгосон гэх мэдээлэл ч бий.  Ажлаасаа чөлөөлөгдөх түүний хүсэлтийг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Одоогоор орлон гүйцэтгэгчээр  тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг ажиллаж буй. Б.Баттүшиг нь УИХ-ын гишүүн С.Батболдын хүү. Тэрбээр МҮОХ-ны ерөнхийлөгч болох амбицтай.  МҮОХ-ны харъяанд бүх холбоод болон Допингийн эсрэг төв багтдаг. Мөнгөтэй, нөлөөтэй газар. Тиймээс ч олимпийн хороог өөрийн хүндээ авч өгөхийн тулд улстөрчид хөшигний ард улс төрийн хар хороо найруулж буй гэлцэх.  Ямартаа ч  МҮОХ дараагийн ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус чуулганыг энэ сарын 28-нд /2019.11.28/ "Чингис" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулахаар товлоод буй. Энэ удаагийн МҮОХ ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус хуралд нэр цойлох хүмүүсийг таньд танилцуулж байна.

БАТБОЛДЫН БАТТҮШИГ

МҮОХ-н Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Олон Улсын Олимпийн Хорооны Маркетингийн комиссын гишүүн, МҮОХ-н ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч. Одоогоор тэрээр ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүнээр тодроод буй.

ЭНЭБИШИЙН МӨНХ-ОЧИР

Монголын Буудлагын Холбооны ерөнхийлөгч, өмнөх 2017 оны МҮОХ-н ерөнхийлөгчийн сонгуульд Д.Загдсүрэнгийн дараа орохоор их саналыг авч чадсан хүн. Тэрээр ч энэ удаагийн ээлжит бус сонгуульд хүчтэй өрсөлдөгчдийн нэг.

НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР

Олимпийг олимпийн аваргаас өөр хэн сайн мэдэх билээ дээ. Найдвар алдадгүй Найдангийн хүүг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сойж буй. Гавьяат тамирчин , Хөдөлмөрийн баатар , Чингисийн Одонт Н.Түвшинбаярын хувьд том артай, ах нь нөлөөтэй ч, мөнгөтэй ч хүн.

ЦЭВЭГМИДИЙН БАТ-ЭНХ

Монголын Воллейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга , эдийн засагч мэргэжилтэй түүнд ч гэсэн МҮОХ-г  даргалах амбиц бий. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. МОҮХ-ны ерөнхийлөгчил төдийгүй цаашлаад УИХ-д өөрийгөө сойж буй.

Дээрх хүмүүсээс гадна нэр дэвших магадлалтай хэд хэдэн битүү морьд ч бий.

Чимэддоржийн БАТ-ЭРДЭНЭ

Монголын Даамны Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, өмнөх МҮОХ-ны ажлыг эсэргүүцдэг байсан тэрээр өмнөх МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж байсан билээ.

Чойжгаваагийн ЗОРИГТБААТАР

Монголын Хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн тэрээр өмнөх МҮОХ-ны чуулганд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид хоёуланд нь нэрээ дэвшүүлж байсан. Тэднээс гадна Жүдэрийн Отгонцагаан , Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аварга нар хүртэл битүү морьдын тоонд орж байна.

Ямар ч байсан шинэ оноос МҮОХ шинэ ерөнхийлөгчөө өлгийдөн авах нь тодорхой болсон. Ирэх долоо хоногт спортын салбар том хөдөлгөөнд орж магадгүй нь ээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж