Номын баярыг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2015.09.19-нд нийтлэгдсэн

Номын баярыг тэмдэглэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгосон билээ.

Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүсэн хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд ёслон тэмдэглэж байна.

Чингисийн талбай дахь Номын баярын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Монгол Улсад суугаа зарим улсын Элчин сайдууд, ардын уран зохиолчид оролцлоо. Номын баярыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Эцэг өвгөдийн маань шавхагдашгүй оюун билгээс ундарч, мянганаар өртөөлөн ирсэн дундаршгүй өв соёлын тэргүүнд ном эрдэм байдаг. Тиймдээ ч хуучны үгэнд “номт гурван улс” хэмээгдэгчийн нэгд Монгол Улсыг багтааж ирсэн түүхтэй. Монголчууд өөрсдөө хөдсөн дээл өмсөж, үр ачаа нэхийд өлгийддөг хэр нь ээ ном судраа торго дурданд баринтаглан хоймортоо залдаг уламжлалтай билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ. Энэхүү баярын өдрийг улс орон даяар ёслон тэмдэглэх болсноор өнөө жил 4 дэх жилтэйгээ золгож байна.

Тус өдрийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд өргөнөөр тэмдэглэх уламжлал тогтжээ. Энэ хугацаанд зохион байгуулагдсан “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Сэтгэл гэгээрээсэй” номын чуулган, “Шинэ номын баяр”, Монголын Үндэсний Номын сангийн “Номын баяр”, “Үнэт ховор номын музей” болон “Номын аялал”, “Зөөврийн номын сан”, “Монголчуудын номын өв соёл” үзэсгэлэн, “Номын хандив”, “Үдшийн уншлага”, “Үндэсний бичиг соёл” улсын уралдаан гээд сайн уламжлал, сонин сайхан санаачилгуудыг тоочиход сэтгэл нэн таатай байна. Цаашид ч энэ уламжлал үргэлжлэхийн сацуу улам өргөжин тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Учир нь бид номд дуртай ард түмэн.

Номын баяр жилээс жилд өргөжин тэлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн зарлигт заасан ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллахад төрийн бодлого чиглэж, байгууллага, хувь хүмүүс ч улам нэмэгдсээр байгааг та бид харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт ч үндэстнийхээ ёс заншил, соёл уламжлал, бахархал түүхийг сэргээж, иргэд хойч үедээ өвлүүлж үлдээхэд чиглэсэн бодлогоо эрчимжүүлэх заалт бий. Үнэхээр номын соёл бол монголчуудын соёл уламжлал, бахархал түүхийн томоохон хэсэг нь билээ. Ташрамд энэхүү арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулж ирсэн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, зөв мэдлэгт хөтлөгч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагад талархаж, цаашдын ажилд их амжилт хүсэн ерөөе.

Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай” гэлээ.

Өдөрлөгийн хүрээнд “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Бид өөрөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын  уралдаан, “Номын хандив” аян, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт, номын 20-50%-ийн хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Ном” хөтөлбөр, Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номон шагналтай тэмцээн уралдаанууд боллоо.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж