Сүүлийн үед цахилгааны төлбөр их гарч байна гэж халаглах иргэд их таарах боллоо. Энэ тухай тэд өөрсдийн цахим хуудас болон Засгийн газрын олон нийттэй харилцах төвд илэрхийлж бичжээ. Тухайлбал, тус төвийн 11-11 утсанд нэг өдрийн дотор цахилгаан, эрчим хүчтэй холбоотой долоон дуудлага иржээ. Үүнийг багцлан хүргэвэл,
“№1911130568 Эрчим хүчний мөнгө, ус дулааны мөнгө, байрны мөнгө яагаад нэмж байгаа юм. Ард иргэдийн амьдрал хэцүү байна
№1911151290 Гэртээ 7 хоног байгаагүй юм. Ирсэн чинь тог тасраад хамаг мах муудсан байна. Хэн нь тасласан нь мэдэгдэхгүй байна. Хохиролоо барагдуулмаар байна.
№1911137478 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 7004-7004 утас холбогдохгүй 3 хонож байна. Манай тогны мөнгө их гарсан байна. Тогны мөнгө хэрвээ нэмэгдсэн бол ямар учраас нэмэгдсэн юм бэ?
№1911130302 Гэртээ ирсэн чин тог байхгүй байна. Контурлуу залгасан чинь удахгүй байх гэсэн. Хамгийн гол бухимдаж байгаа нь нэг удаа ядаж тог салгалаа гэж хэлээгүй, мэдэгдээгүй байж тасласан байна.
№1911184780 Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн байна. Эрчим хүчний зохицуулах хороо 11320126 утсаа авахгүй байна. Манайх 7 жил цахилгаанаар байшингаа халааж байгаа юм, эрчим хүчний зохицуулах хороо сэргээгдэх эрчим хүчний төлбөр гээд 36700 төгрөг авсан байх юм. Би сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэггүй. Залгаад асуухаар утсаа ерөөсөө авахгүй байна. Шөнийн тарифаа 700 квтыг хөнгөлөөд илүү гарсан төлбөрийг төлүүлж байна. Үүнийг тэгэлж болохгүй юм уу гэсэн саналтай байна” гэжээ.
Бид иргэдийн энэхүү асуултад хариулт авахаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг зорилоо. Уг компани Нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн 16 суманд борлуулалт хийдэг. Гэрээт хэрэглэгчийн нийт тоо 380 мянга. Үүнээс сар бүр идэвхтэй бичилт хийгддэг 346 мянга орчим хэрэглэгч байдаг аж.
Хэрэглэгчийг дотор нь ангилбал:
- Аж, ахуй нэгж: 19 мянга
- Гэр хороолол: 126 мянга
- Орон сууц: 200 мянга
Улаанбаатар хотын хэрэглэгчдээс сард 40 тэрбум төгрөгийн бичилт хийдэг. Үүний 20 гаруй хувь нь цахилгааны төлбөрөө төлдөггүй байна. Нийслэлд одоогоор тоггүй байгаа 4000 гаруй хэрэглэгч байна гэсэн тооцоо гарчээ. Гэхдээ энэ тоо байнга өөрчлөгдөж байдаг аж.
Монгол Улсад мөрдөгдөж байгаа борлуулалтын үнэ тарифийг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгдөг. Энэ дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК бичилт хийдэг байна. Ингэхдээ энергийн, чадлын, суурь хураамжийн гэсэн тарифын задаргаатай. Энергийн тариф бол тоо ширхэгээс хамаардаг. Хэчнээн энерги хэрэглэж байна түүнд зохицсон өртөг шингэсэн байдаг бол чадлын тариф буюу суурь хураамж гэдэг нь хэрэглээний тоо ширхэгээс хамаарахгүй тогтмол, найдвартай ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл технологийн горимын ашиглалтад зарцуулагдаж байдаг зардал шингэсэн тариф юм. Энэ бүхнийг энгийнээр тайлбарлавал, иргэн та цахилгаан хэрэглэвэл төлбөрөө энергийн тарифаар төлнө. Харин чадлын буюу суурь хураамжийн төлбөрийг та цахилгаан хэрэглэхгүй байсан ч төлөх ёстой тогтмол зардал юм. Гэхдээ чадлын тарифийг аж ахуй нэгжээс, суурь хураамжийг айл өрхөөс авдаг байна. Суурь хураамж өмнө нь 1000 төгрөг авдаг байсан бол 2015 оноос хойш 2000 төгрөг болжээ. Гэхдээ 2015 оноос хойш цахилгааны үнэ огт нэмээгүй. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар нэмжээ.
ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН БАЙДАЛ:
Он,сар, өдөр | 1 квт.ц тутам нэмэгдсэн үнэ | 100 квт.ц |
2019.04.01-30 | 3 төгрөг | 300 төгрөг |
2019.05.01-31 | 6 төгрөг | 600 төгрөг |
2019.06.01-30 | 7 төгрөг | 700 төгрөг |
2019.07.01-31 | 8 төгрөг | 800 төгрөг |
Нийт 24 төгрөг | 2400 төгрөг |
Энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Д.Саранчимэг дараах хариултыг өглөө.
-Цахилгааны төлбөр их гарч байна гэж иргэд ярьж байна. Нийт хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ?
– Цахилгааны төлбөрийг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар бага багаар нэмсэн. Нэг квт.ц тутам нийт 24 төгрөгөөр нэмэгдсэн байгаа. 100 квт.ц эрчим хүч хэрэглэдэг айлд бол 2400 төгрөг нэмэгдсэн гэсэн үг. Орон сууцны айлууд зундаа 150 квт.ц, харин өвөлдөө 180 квт.ц орчим хэрэглэдэг.
Тэгэхээр 200 квт.ц орчим хэрэглэдэг орон сууцны айлын хувьд цахилгааны төлбөр нэмэгдсэнээр 4800 төгрөг нэмэгдэж байгаа гэсэн үг.
Гэр хорооллын айлууд шөнийн цахилгааны хэрэглээтэй холбоотой төлбөр жаахан өндөр гардаг. Дунджаар өвөлдөө 630 орчим квт.ц орчим эрчим хүчийг хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг.
-Яагаад цахилгааны үнийг болов, хуулийн үндэслэл нь юу вэ?
– Энэ асуултыг Эрчим хүчний зохицуулах хорооноос асуусан дээр байх. Энэ байгууллага бол Ерөнхий сайдын дэргэдэх байгууллага. Энэ газар цахилгааны үнэ тарифийг баталж, хянаж байдаг. Нэг талаас эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах гээд дөрвөн субьектыг нөгөө талаас хэрэглэгчийг гээд аль алиных нь эрх ашгийг тэнцвэржүүлж ажилладаг. Тиймээс хэрэглэгчээс их мөнгө авч идээд байна гэж байхгүй. 2015 оноос хойш цахилгааны үнэ төлбөрийг огт нэмээгүй. Гэтэл валютын ханш 40 хувиар нэмэгдчихсэн байдаг.
Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээллээс харахад 1 квт.ц эрчим хүч үйлдвэрлэхэд гарч байгаа өртөг 180 орчим төгрөг байна. Гэтэл бид шөнийн тарифийг 89 төгрөг 19 мөнгөөр, өдрийг нь 116 төгрөг 39 мөнгөөр өгөөд сууж байна. Зөрүү 67 орчим төгрөгийн алдагтай.
Энийг эрчим хүчний зохицуулах хороо зохицуулаад явж байна. Иргэд, аж ахуй нэгжээ аль болох хямд цахилгаанаар хангах гээд үзээд байгаа юм.
-Шөнийн хөнгөлөлт энэ жил мөн хэрэгжиж байгаа. Иргэдэд ямар хөнгөлөлт үзүүлж байна вэ?
-Шөнийн хэрэглээ гэдэг нь орой 21 цагаас өглөөний 6 цаг хүртэлх хугацаа юм. Шөнийн тарифийг анх 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 2016 оноос эхлэн шөнө хүчдэлийнх нь түвшингөөс хамааруулаад хязгаартай хөнгөлдөг болсон. 220 вольтын хэрэглээнд 700 квт.ц шууд тэглэнэ. Хэрэв үүнээс илүү гарвал 50 хувиар хөнгөлөөд явж байгаа. Учир нь манай улс оргил цагаар цахилгаан эрчим хүчний хомсдолд ороод ОХУ-аас импортоор худалдаж авч байна шүү дээ. Өртөг нь нэлээн өндөр. Тиймээс аль болохоор ачаалал бага, хямд өртөгтэй үед нь хэрэглэх гэсэн бодлого бариад байгаа юм.
-Танай байгууллагад цахилгаан эрчим хүчний үйлчилгээ, төлбөртэй холбоотой санал, гомдол хэр ирдэг вэ, ихэвчлэн ямар асуудлыг хөндсөн байдаг вэ?
-Манай байгууллага 7004-7004 утсаар иргэдийн санал, гомдол авдаг. Ирж байгаа гомдлуудыг харж байхад ихэнхдээ тог хэлэхгүй тасаллаа, хүчдэлийн уналттай байна, халаалт залгасан чинь ажиллуулж чадахгүй байна гэсэн гомдлууд ирж байна. Ер нь хэрэглэгч байгаа л бол гомдол тасрахгүй шүү дээ.
-Засгийн газрын мэдээллийн төвийн санал, гомдлын утсанд иргэд цахилгааны асуудлаар их холбогдсон байсан. Тухайлбал, тог хэлж, мэдэгдэхгүй тасаллаа гэсэн гомдлууд их харагдсан. Тог тасалснаас болоод мах нь муудсан жишээ хүртэл байна. Энэ тохиолдолд хаана, хэнд хандаж хохирлоо барагдуулах ёстой вэ?
-Яг манай байгууллагын буруу бол бид хариуцлага хүлээнэ шүү дээ. Угаасаа хуулиараа шууд бус хохирлыг төлдөг зарчимтай. Тухайн иргэн өргөдлөө бариад 24 цагийн дотор мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, асуудлыг шийдэх боломжтой. Зуны үед ийш тийш нь явсан үе байдаг учраас бид амралтын сезон эхлэхэд л бичиж эхлэдэг. Явахдаа цахилгааныхаа мөнгө төлөөрэй, бидэнтэй холбоотой байгаарай гэж байнга анхааруулга хүргүүлдэг.
-Ямар ч мэдээлэл, мессеж ирэхгүй байна гэх иргэд байна. Тэгсэн хэрнээ мэдээлэл хүргэсэн төлбөр сар бүр 50 төгрөг авдаг?
–Тийм зүйл байхгүй. Бид үүрэн телефоны дөрвөн оператор компанитай гэрээтэй ажилладаг. Эдгээр компаниуд иргэдийн утсанд сард багадаа хоёр удаа мессеж илгээдэг. Төлбөр төлөх, таслах, засвар үйлчилгээ, гэрээний хугацаа, сунгалт гээд анхааруулах, зарлах мессеж байнга явуулдаг.Үүнийг бид мэдээлэл хүргэж байна гэж хэлээд байгаа юм. Ингэхдээ мобикомтой 40, бусад оператортой 20 төгрөгөөр гэрээ хийдэг. Энэ мөнгөөр сард 2-3 удаа мессеж явуулж байгаа. Хоёр удаа явуулахад 80 төгрөг болно доо. Үүнийг дундажлаад 50 төгрөг гээд байгаа юм.
Гэхдээ бид үүрэн телефоны оператортоо хүсэлт тависан. Манай хэрэглэгчид рүү мессеж хүргэгдээгүй бол задаргаагаар явуулаач гэж. Гэтэл өгч чадахгүй байгаа юм.
Утас нь холбогдохгүй үед мессеж явуулахад очихгүй байх тохиолдол байна. Гэтэл операторууд явуулчихсан гээд байдаг. Яг мессеж хүрээгүй хэрэглэгчдийн жагсаалт өгөөч гэхээр өгөхгүй л байна. Утас нь холбогдохгүй байснаас үлдчих тохиолдол байдаг, үүнийг үгүйсгэхгүй.
-Тогны мөнгөө төлчихсөн байсан ч гэсэн хэлэхгүйгээр тог таслаад байна гэсэн гомдол бас байдаг?
-Цахилгааны төлбөргүй айлаа таслах бүү хэл төлбөрөө хийгээгүй айлаа таслалт хийж дийлэхгүй байна. Нэг өдөр очиж бүгдийг нь бичиж чадахгүй шүү дээ. Тэгээд системтэй үечлэлд хуваадаг. Тэр хэсгийг 1-5-ны хооронд, энэ хэсгийг 5-10-ны хооронд гэж хуваагаад үүнийг цикл гэж нэрлэдэг. Нэг циклд бараг 70-аад мянган хэрэглэгч багтдаг. Тэднийг бүгдийг бичээд араас нь орлогыг нь хөөгөөд, төлөөгүй айлыг нь таслаад явах үнэхээр хэцүү. Хаяа ганц, хоёр андуурч таслах тохиолдол байна.
-Тухайн айл цахилгааны төлбөрөө төлөөгүй байсан ч урьдчилж мэдэгдэх ёстой юу?
-Гэрээгээр бол хэрэглээд 30 хоносны дараа очиж бичээд, 10 хоног хүлээнэ, ахиад 5 хоног төлөөрэй гэж сануулна. Үндсэндээ 45 хоногийн дараа бид хэрэглэсэн цахилгааны мөнгө авч байгаа байхгүй юу. Гэрээн дээр бүр заагаад өгчихсөн байгаа. Тухайлбал, 1-5-ны хооронд тухайн айлын бичилтийг хийнэ. Төлбөрийн баримт банкин дээр 6-наас очно. Тухайн хэрэглэгч 10 хоногийн дараа төлнө. 16-наас эхлээд ахиад 5 хоног хүлээж байгаа. Бид аль болохоор таслалт хийхгүй гэж хэрэглэгч рүү утсаар ярьж анхааруулдаг. Үүдэн дээр нь очиж юм нааж байна. Гэтэл зарим нь хаалга дээр цаас наалаа гэж уурладаг. Аль болох бид цахилгаан хязгаарлахгүй байхыг хичээж байна. Тэгээд ч бүгдийг нь тасалж дийлэхгүй байна. Тиймээс давхар сар буюу 2,3 сар төлөөгүй айлын цахилгааныг тасалж байна.
-Их хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй айл, аж ахуй нэгж бий юу?
-Иргэд одоо дээр үеийг бодвол төлбөрөө харьцангуй сайн хийдэг болж. Яагаад гэвэл бүх юмны суурь цахилгаан болчихсон байна. Хамгийн хүндрэлтэй нь орон сууцны СӨХ байна. Айлуудаас төлбөр аваад бидэнд өгдөг болохоор цаад айлууд нь өгөхгүй хэцүү. СӨХ дээр төлбөр их үүсдэг. Ажилгүй, амьдралын баталгаа муутай айлууд дээр төлбөр мөн үүсдэг. Гэхдээ гэр хорооллын шөнийн тарифийг тэглэж байгаатай холбоотой айлууд харьцангуй төлдөг болчихсон. Яагаад гэвэл Засгийн газрын 199-р тогтоолоор үндсэн шаардлага нь хоёр тарифтай тоолууртай байна, цахилгааны төлбөрийн өргүй байх ёстой гэсэн шаардлага тавьчихсан учраас хэрэглэгчид өнгөрсөн жилээс эхлээд маш сайн төлдөг болсон. Хоёр сар дараалан төлбөрөө төлөөгүй айлыг хөнгөлөлтөд хамруулахгүй болчихоор айлууд төлбөрөө хугацаанд нь төлөөд явдаг болсон байна.
Цахилгааны үнэ нэмэгдэх болсон өөр нэг шалтгаан бол сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэх болсонтой холбоотой аж. Дэлхий нийтээр дулааралтай холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчийг аль болох их хэрэглэж, эко байх бодлого барьж байна. Монгол улсын эрчим хүчний системийн суурьлагдсан хүчин чадал өнөөдрийн байдлаар 1300 гаруй мегаватт байна. Үүний 20 орчим хувийг нь сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байгаа аж. Тиймээс сэргээгдэх эрчим хүчнээс авч байгаа энергидээ төлж байгаа төлбөрийг л сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр гээд байгаа юм.
Цахилгааны төлбөрийн задаргаан дээр иргэдийн гайхдаг асуулт бол цахилгааны төлбөр дотор хоёр янзын НӨАТ байгаа явдал. Үүнийг“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Д.Саранчимэгээс тодруулахад, “Энергийн буюу цахилгаан хэрэглэсэн НӨАТ-ыг станцууд руу бид шууд өгдөг бол үйлчилгээний НӨАТ нь таслалт хийх, мэдээлэл хүргэх, тоолуур баталгаажуулах гэх мэт янз бүрийн үйлчилгээнд авч буй татвар юм” гэв.
Холбоотой мэдээ