Н.Алтанхуяг шагналаа авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.11.20-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг шагналаа авч эхэллээ

Н.Алтанхуяг шагналаа авч эхэллээ

Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж Засгийн газрыг тэргүүлж явсан Н.Алтанхуяг сүүлийн үед сошиалаар үе үе “Шударга бусын хонгил” хэмээх цуврал “хичээл” заахаас өөрөөр улс төрийн хүрээнээс хол гэхэд болно. Намтайгаа хамт 2016 оны сонгуульд ялагдсанаас хойш тэрбээр улс төр, фракц, бүлэглэл гэхээсээ илүү ганцаарчлах болсон. Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн зөвлөхөөр түр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Түүнээс хойш улс төрөөс илүү “хичээл” зааж, сошиал орчинд идэвхтэй байх болсон.

Гэхдээ тэрбээр улс төрөөс шууд утгаараа ангид бус, хөшигний ард тохироо, томилгоо тохирсоор явна. Ялангуяа өөрийн хүмүүсээ энд, тэнд томилж байгааг нь Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид “зүтгэснийхээ” хариу шагналаа авч эхэллээ хэмээх жиг, жуг яриа улс төрийн хүрээнд өрнөх болж.

ХҮРГЭНИЙХ НЬ ХЭРЭГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ НЬ ДУУСАВ

Түүний шагналын эхлэл нь хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг байсан. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаад жил болоогүй байхад нь хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг гэх асуудал сөхөгдөөд эхэлсэн. Ерөнхий сайдын төрсөн дүүгийн 23 настай бүсгүйн нэр дээрх “Говь повер” хэмээх дүрмийн сандаа ганцхан сая төгрөгтэй компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерт оролцоод 17 тэрбум төгрөг авчихжээ. Ерөнхий сайдын дүүгийн охины нөхөр нь, эсвэл найз залуу нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Дэнзэн болж таарсан. Түүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд гацсаар хөөн хэлэлцэх хугацаа нь саяхан дууссан. Хууль шүүхийн байгууллага дээр аливаа хэрэг гацах үед хэргийг шалгаж байна, шалгах ажиллагаа үргэлжилж байна гэсээр ийн хөөн хэлэлцэх хугацааг нь өндөрлүүлдэг тохиолдлууд бий. Тиймээс Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхийн хүргэний хэргийг хав дарсаар хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгасан гэдгийг Н.Алтанхуяг сайд өөрөө ам нээж байхдаа хэлсэн.

Б.УРГАМАЛЦЭЦЭГИЙГ САН ФРАНЦИСКО ДАХЬ КОНСУЛААР ТОМИЛУУЛАВ

Түүний шагнал үүгээр дуусахгүй. Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Боловсролын яамны дэд сайд Б.Ургамалцэцэгийг томилж байсан. Б.Ургамалцэцэгийн хувьд Н.Алтанхуягийн "Алтангадас" фракцид харьяалагдахаас гадна түүний их ойрын хүн гэдгийг АН-ынхан төдийгүй улс төрийн хүрээнийхэн сайд мэднэ. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөхөд нь мөн л Н.Алтанхуяг дэмжиж байсан гэдэг. Гэвч тэрбээр нам дотроо дэмжлэг муутай учраас “дээшилдэггүй” гэх яриа АН-ын эмэгтэйчүүд дунд бий. Түүнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зөвлөхийн ажлаа өгөхөөсөө өмнө консулаар томилуулахаар зүтгүүлж байгаа гэх яриа хөврөх болсон. Тэгвэл Н.Алтанхуягийн хүсэл биелж, Б.Ургамалцэцэгийн өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Сан Францискод суух консулаар томилжээ.

Н.АЛТАНХУЯГ Р.ГОНЧИГДОРЖИЙГ ЦЭЦИЙН ГИШҮҮНД ЗҮТГҮҮЛЖ БАЙНА

Хүргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар эхэлсэн Н.Алтанхуягийн дараагийн шагнал нь Цэцийн гишүүн бололтой. Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болно. Тодруулбал, Улсын Дээд шүүхээс санал болгосон Д.Солонго, Н.Цогтоо нарын гишүүдийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно гэсэн үг. Тиймээс Улсын Дээд шүүхээс хоёр гишүүнийг нэр дэвшүүлэн томилох учиртай. УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн хувьд Үндсэн хуулийн Цэцэд очих сонирхолтой нэгэн. Түүний хувьд 2016 оны сонгуулийн дараа Цэцийн гишүүн Ж.Амарсанаагийн оронд өөрийгөө томилуулах хүсэлтээ өгч байсан гэдэг. Гэвч түүний хүсэлтийг хэлэлцээгүй гэх яриа ч байдаг. Р.Гончигдоржийн хувьд Ардчилсан намын хамгийн том фракц болох "Алтангадас"-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Н.Алтанхуягийн тун ойрын хүн гэлцэх яриа бий. Түүнийгээ ч батлах мэт Н.Алтанхуягийг Засгийн газраа өөрөө огцруулж өгөөч гэх хүсэлтээ тухайн үеийн Ерөнхийлөгч дээр барьж орж ирсэн гэх маргаантай шүүх хуралд Р.Гончигдорж гэрчээр оролцож, Н.Алтанхуягийг өмөөрч мэдүүлэг өгч байсан гэдэг. Тиймээс Р.Гончигдоржийг  Н.Алтанхуяг Цэцийн гишүүнд зүтгүүлж буй гол хүн нь гэх яриа ч улс төрийн хүрээнд жиг жуг гэлцэж байна.

Энэ мэтчилэн  экс Ерөнхий сайдыг шударга бусын хонгилын талаар хичээл зааж байх хооронд нь “шагнал”-ууд нь ар араасаа өрөгдөж эхлэх нь. Цаашид Н.Алтанхуягийн хамаарал бүхий "Алтангадас"-ынхан энд тэнд албан тушаалд томилогдоход гайхах зүйлгүй л болох нь. Энэ нь түүний Ерөнхийлөгчид зүтгэсний маш энгийн “төлбөр” нь учраас тэр.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
9
БурууБуруу
7
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж