Монгол Улсыг FATF саарал жагсаалтад оруулснаас үүдэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох ёстой хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Тиймээс ч саарал жагсаалтаар хаалттай сонсгол хийхээр Эдийн засгийн байнгын хороон дээр яригдаж, хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болсон.
Гэвч УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр товлосон ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар өнөөдрийг хүртэл энэ асуудал хэрхэх нь тодорхойгүй байгаа. МАН-ын гишүүдийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжиж байгаа бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх эсэх асуудад дээр хоёр хуваагдаад буй. Нэг хэсэг нь Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжихгүй байгаа бол нөгөө хэсэг нь огцруулахыг дэмжиж байгаа. Тиймээс ч МАН-ын бүлгийн гишүүд хоёр хуваагдсан учраас бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тав хоногийн завсарлага авсан.
Тэгвэл өнгөрсөн Баасан гаригт /2019.11.15/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл батлагдсантай холбогдуулан ҮАБЗ хуралдсан. ҮАБЗ-ийн хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг дуудаж, ажлаа өгөх эсэх ярилцжээ.
Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өчигдөр /2019.11.19/ УИХ-ын даргад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж, шийдвэрлэхээр болжээ.
МОНГОЛБАНКНЫ ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН БОЛОХ УУ?
Улс төрийн хүрээнд хамгийн их анхаарлын төвд байгаа сэдэв бол Н.Баяртсайханыг чөлөөлбөл дараагийн хүн хэн болох вэ. Эдийн засаг, санхүү, Төвбанкны бодлогоо бодсон ч мэргэжлийн, үлдэж байгаа цаг хугацаанд гал алдахгүй байх хүн байх ёстой гэдэг зарчим дээр МАН-ын удирдлагууд санал нэгдэж байгаа гэнэ. Харин хэн байх вэ гэдэг дээр хэд хэдэн хувилбар яригдаж байгаа гэнэ. Тухайлбал, Монголбанкны одоогийн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат нарын нэрс хамгийн хүчтэй яригджээ. Гэвч МАН-ын удирдлагуудын зүгээс Төв банкны ерөнхийлөгч болох хүнийг одоогийн цаг үе, нөхцөл байдлаа бодож, дотроос нь хүн томилох нь зөв гэсэн байр суурьтай байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Харин Ж.Ганбатын хувьд Төв банкны ерөнхийлөгчөөр томилогдохгүй гэж өөрөө татгалзаад байгаа гэх мэдээлэл байна. Тиймээс одоогийн нөхцөлд Монголбанкны дараагийн ерөнхийлөгч болох магадлал хамгийн өндөр байгаа хүн бол Монголбанкны одоогийн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн. Түүний хувьд банкны салбарын мэргэшсэн боловсон хүчин төдийгүй, Төв банкинд олон жил ажилласан туршлагатай нэгэн.
Б.ЛХАГВАСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ?
Боловсрол, мэргэжил:
- 1989-Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засагч, Бакалавр
- 1999- АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр
Ажилласан жил:
- 1994-1997-Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
- 1989-1994-Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
- 1994-1997-Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
- 1997-1998-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
- 1997-1998-Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
- 1999-2000-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
- 2000-2001-Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх
- 2000-2001-Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк
- 2001-2009-Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал
- 2009-2013-Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
- 2013-2016-Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
- 2016 оноос Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ