“Дархан Монгол ногоон нэгдэл”гэх төрийн бус байгууллагын Дубайн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх /2019.11.18/ хэлэлцээд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гаргасан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хэлэлцээ хийх, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрх олгох зэрэг 2015 оны дөрвөн захирамжийг бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзжээ. Манай ялначуудын магнай хагартлаа баярлаж байгааг нь ээ, хоосон хүний зовлон хорь, гучаа гэж үгтэй.
Ч.Сайханбилэгийн захирамж ямар хуулийг яаж зөрчсөн тухай тайлбар сэлт нийслэлийн Захиргааны шүүхийн албан мэдээнд алга. Нэгэнтээ шүүх хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн учраас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжууд бүхэлдээ хүчингүй болно. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор Монголын Засгийн газар захирамжаа хамгаалж давж заалдахгүй бол шүү дээ. Энэ асуудлаар өчигдөр ҮАБЗ хуралджээ, гэхдээ өөрсдөө захиалсан ч байж мэднэ.
Засгийн газрын захирамжийг хууль зөрчсөн гэж үзсэн Монголын шүүх манай талд уу, баавгайн талд уу гэдгийг мэдэхгүй. Маргаашийн эдийн засагт ирэх үр дагавар, Монголд учрах хор хохирлыг нь тооцвол нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр баавгайн талд гарчээ. Товчхондоо, Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болголоо гээд Монголд сайн зүйл лав болохгүй. Аль ч талаас нь харсан шүүхийн шийдвэр Монголын эрх ашигтай харшилж байна. Шүүх Засгийн газрын захирамжийг хүчингүй болголоо гээд Дубайн гэрээ хүчингүй болчихгүй нь үнэн. Гэрээг хүчингүй болгох эсэхийг зөвхөн УИХ шийднэ. Гэхдээ шүүхийн энэ шийдвэр эдийн засагт маш хортой, хөрөнгө оруулагчид барьцаа ахиулах боломжийг гаргаж өгч мэднэ.
Оффисынх нь өмнө байнга жагсдаг Жагар мэтийн хөлсний хөдөлгөөнийхний ард Орос эсвэл Оюутолгой өөрөө бий эсэхийг мэдэхгүй. Ямартай ч Оюутолгойн эсрэг улстөржих тусам Монгол Улс Оюутолгойн хавханд улам унадаг нь бараг л батлагдчихаад байгаа.
Сангийн сайд асан С.Баярцогт нэгэнтээ Оюутолгойн гэрээг улстөржүүлэх тусам Монгол улам ашиггүй болж буйг анхааруулсан. Н.Алтанхуягийн засгийн үед “Эрдэнэс Оюутолгой”-н захирал Ц.Сэдваанчиг Рио Тинтод “Далд уурхайн санхүүжилтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэх утга бүхий захидал илгээсний хариуд “Рио Тинто” компани “Төслийн санхүүжилтээ Монголын Засгийн газраас хамаарч хойшлуулахаар болсон”-оо зарлаж байв. Тухайн үед Ц.Сэдваанчигийн захидал Рио Тинтод бөөн далим болсон, Монголын Засгийн газарт тулгалт, шахалт үзүүлэх шалтгаан гаргаж өгсөн юм. Энэ бүхнийг эргээд харахад Оюутолгойн асуудлыг хэр их улстөржүүлнэ, тэр хэрээр Монголын эрх ашигт сөргөөр нөлөөлж, асуудал хохирол дагуулж ирсэн байдаг.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт тэг зогссон 2013, 2014 онуудад энэ төслөөс Монголын эдийн засагт орж ирэх 553 сая ам.долларыг алдсан гэх тоо баримт ч бий. Ч.Сайханбилэгийн захирамжийн дагуу хэлэлцээ хийж, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг баталснаас хойш буюу 2015-2018 оны хооронд Монголын эдийн засагт үзүүлсэн төслийн өгөөжийг тооцвол 1.8 их наяд болжээ.
Тэгэхээр, Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгохыг Рио Тинто захиалаагүй ч, шүүхийн энэ шийдвэр Монгол Улсын эдийн засгийг донсолгож мэднэ.
Нөгөө талаас нь харвал зөвхөн Ч.Сайханбилэгийг буруутгахын тулд шүүх түүний захирамжийг буруутгасан шийдвэр гаргасан байж мэдэхээр. Товчхондоо, нийслэлийн шүүхийн шийдвэр дотоодын улс төрийн захиалгатай гэвэл үнэнд илүү ойртоно. Дубайн гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн гэх асуудлаар хуулийнханд шалгагдаж байгаа Ч.Сайханбилэгийн хэрэг шүүхэд очсон, шүүх хурлын өмнө нийслэлийн Захиргааны хэргийн шүүх ийм шийдвэр гаргасан нь зүгээр ч нэг тохиолдол биш биз.
Гол нь ийм захиалга өгсөн, захиалга биелүүлсэн хоёрын эрх ашиг Монголын эрх ашгийн төлөө лав биш. Оюутолгойн төсөл зөвхөн Рио Тинто, Монголын Засгийн газар хоорондын асуудал байхаа больсон. АНУ, Канад, Австралийн экспортын зээлийн агентлагууд, “BNP Paribas”, “ING”, “Societe Generale”, “Sumitomo mitsu”, “HSBS” зэрэг дэлхийн арилжааны 15 банкны асуудал болсон. Тэд мэдээж, Монголын улстөрчид, хуулийнханд "Монголын зэс" шиг дээрэмдүүлээд суухгүй нь нэн ойлгомжтой.
Монголд болж буй үйл явдлын талаар "Туркойз Хилл Ресурс" компани нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ "Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дархан Монгол Ногоон нэгдэл" ТББ-ын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газрын Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг эцэслэхтэй холбоотой үйл ажиллагаанд хамаарах гомдлыг анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тухай мэдээлэл авсан. Шүүхийн шийдвэрийн албан хувилбар ойрын хэдэн долоо хоногт гарахыг хүлээж байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө түүнчлэн усад суурь гэрээнүүдийг хууль бус гэсэн асуудлыг үндэслэлгүй болохыг батална. Хөрөнгө оруулалтын гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний зарчмуудыг даган мөрдсөнөөр Монгол Улсын урт хугацаанд хүртэх үр өгөөж өсөлттэй байхаар Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалт өрнөж байна. Цаашид дараа дараагийн мэдээлэл гармагц бид зах зээлд мэдээлэх болно" гэжээ. Монгол Улс Рио Тинтотой бизнесийн хамтрагч. Оюутолгойн хувьцаа гадаад зах зээлд унавал Монголд мөн хохиролтой. Энэхүү шийдвэр гарсны дараа "Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш Нью-Йоркт 4.31 хувиар буурч, 0.43 ам.доллар болсон байна.
Тэгэхээр Монголын "эх орончид" жинхнээсээ хувийн эрх ашгаасаа Монголын эрх ашгийг нэгд эрэмбэлж байгаа бол одоо Оюутолгойг оролдохоо боль. Тэр тусмаа анх удаа гуравдагч орны том хөрөнгө оруулалтыг татаж, Оюутолгойн гэрээг байгуулсан, далд уурхайн бүтээн байгуулалтыг гацаанаас гаргасан гэж хэн нэгэнд ял тулгавал Монголын эрх ашгийн төлөө ажиллах хүн ахиад олдохгүй. Ажил хийж толгойгоо цусдаснаас Жагар мэт шиг шантааж хийгээд амьдарсан нь амархан биз.
Холбоотой мэдээ