Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан өнгөрсөн баасан гарагаас явуулж эхэлсэн. Сурагчдыг 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр сургуульд нь хүргэж өгч, тарахад нь гэрийнх нь ойролцоох автобусны буудал дээр эцэг, эхэд нь хүлээлгэн өгч үйлчилж байна.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг "Сургуулийн автобус"-ны үйлчилгээ, хэрэгжиж буй явцад хяналт тавьж, нөхцөл байдалтай танилцлаа. Ажлын хэсэг Чингэлтэй дүүрэг, 7 буудлын эцсээс хотын төв рүү чиглэж буй таван сургуулийн автобусны цэвэрлэгээ, сурагчдыг цагтаа хүлээж авч буй байдал, сурагчид аюулгүй зорчиж байгаа зэрэгт хяналт тавьж ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: "Сургуулийн автобус сурагчдад үйлчлээд гурав дахь өдрөө хэвийн явагдаж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулийнх ньт автобусанд аюулгүй суулгаж, "хүүхэд зохицуулагч" сурагчдын аюулгүй байдлыг давхар хянаж, зохицуулж ажиллаж байна. Нийслэлээс боловсролын газарт хандан хүүхэд зохицуулагч нарт зориулсан тусгай таних тэмдэг бүхий хантаазаар хангахыг хүссэн. Удахгүй шийдэгдэх байх. Автобус компаниуд нийгмийнхээ хариуцлагын хүрээнд автобусны цэвэрлэгээг тогтмол хийж байгаа. Өнөөдөр хэд хэдэн чиглэлийн сургуулийн автобусуудыг гэнэтийн байдлаар шалгахад цэвэрхэн, дулаахан, тохитой байгаа нь ажиглагдлаа. Хүүхдүүд маань ч аз жаргалтай, амар тайван, аюулгүй сайхан зорчиж, эцэг эхчүүд хүүхэддээ санаа зовох зүйлгүй ажлаа амжуулж байгааг хараад баяртай байна. Харин бид Тээврийн цагдаагийн албанд автобусны буудалруу орж зогсож байгаа бусад машинуудыг цэгцлэхийг үүрэг болгосон. Хэрэв энэ асуудал шийдэгдчихвэл автобус зогсох газраа зогсож, хүүхдүүд ч аюулгүй зорчих боломжтой болно.
Хүүхэд зохицуулагч н.Гэрэлмаа: Бид сургуулийн автобус явах чиглэлийн мэдээллээ сайн тарааж байна. Одоо эцэг, эхчүүд мэддэг болоод өдрөөс өдөрт сурагчдын тоо эрс нэмэгдсэн. Хамгийн эхний буудлаас 10 орчим хүүхэд суулаа гэхэд буудал болгон дээрээс тухайн чиглэлийнхээ хүүхдүүдийг авсаар сургууль дээрээ автобус дүүрсэн ирдэг. Автобус нь тухтай, дулаахан болохоор хүүхдүүд зутрахгүй, ангийнхантайгаа таарвал баярлаад их хөгжилтэй байх шиг харагддаг. Эцэг, эхчүүд ч энэ үйлчилгээнд ам сайтай байгаа. Харин боломж бололцоотой бол автобусны тоо, чиглэлээ нэмээд өгөөч гэсэн саналуудыг их хэлж байна. Бид хүүхдүүдээ хичээлээс нь хоцроохгүйн тулд яг цагийн хуваарийн дагуу тээвэрлэж байна. Автобус хөдлөхийн өмнө аюулгүй байдал, хүүхдүүдээ бүрэн суусан эсэхийг тогтмол шалгадаг.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс