Байр суурь: "Оюутолгой" төслийн талаар хэн, юу хэлэв

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Байр суурь: "Оюутолгой" төслийн талаар хэн, юу хэлэв

Байр суурь: "Оюутолгой" төслийн талаар хэн, юу хэлэв

Ирэх өдрүүдэд Оюутолгой төслийг хэрхэх талаарх улс төрийн томоохон шийдвэрийг Засгийн газар гаргах уу эсвэл Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суух уу гэдэг анхаарлын төвд байх болоод байна. “Оюутолгой”-н гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн тайланг өчигдөр /2019.11.18/ МАН-ын бүлгийн хуралдаанаар сонссон.  Мөн өчигдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотой захирамжийг  хүчингүй болгох шийдвэрийг гаргасан юм. Энэ нь Засгийн газартай холбогдож буй. Иймд "Оюутолгой"-н  далд уурхайг тойрсон асуудлаар зарим гишүүний байр суурийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Нийслэлийн анхан шатны захиргааны шүүхээс гаргасан шийдвэртэй танилцсан. Гурван асуудалд процедурын алдаа гаргасан байна гэж шүүх үзэж тухайн гурван захирамж, шийдвэрийг хүчингүй болгосон байсан. Нэгдүгээрт,  Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулсанд. Хоёрт, Гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж. Гуравт, 2015 оны дөрөв, тавдугаар сард Ерөнхий сайдын захирамжаар холбогдох эрх бүхий этгээдүүдэд гэрээ байгуулах эрхийг олгосон захирамжийг хүчингүй болгосон байна. Шүүхийн шийдвэрийг бидэнд тайлбарлах эрх байхгүй. Шүүх нотолгоо баримт тодорхой суурь мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэрээ гаргадаг. Миний таамаглаж байгаагаар тухайн процедурын явцад Засгийн газрын хуралдаан дээр Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэх ёстой асуудал байсан байж магадгүй. Эсвэл Засгийн газраас тухайн шийдвэрийг гаргахдаа холбогдох яам, тамгын газраас саналуудыг нь авсан байх ёстой зэрэг эдгээр процедурын алдааг гаргасан байж магадгүй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Оюутолгой төслийн гэрээг сайжруулж өөрчлөх шаардлага бий. Түүнээс биш төслийг зогсоож эдийн засагтаа ирэх хүндрэлүүдийг бий болгох вий гэхээс болгоомжлох хэрэгтэй. Дубайн гэрээг хууль зөрчиж байгуулсан. Том гэрээнийхээ салшгүй хэсэг нь учраас УИХ-аас тодорхой хэмжээний удирдамжтай очиж зурах ёстой байсан. Ядаж танилцуулсан байх ёстой. Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан Ажлын хэсгийнхний оруулж ирсэн дүгнэлтэд “Дубайн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах” гэсэн байсан.

УИХ-ын гишүүн, Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын тогтоол боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр:

 Хэвлэлийн түвшинд мэдээлэлтэй байна. Одоогоор УИХ дээр шүүхийн шийдвэр нь ирээгүй байна. Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг 2018 оны тавдугаар сард байгуулагдаж, 2019 оны эхэн хүртэл ажилласан. Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан уг ажлын хэсэг дүгнэлтээ байнгын хороонд танилцуулсан. Ажлын хэсгийн гаргасан зөвлөмжүүдийг үндэслээд УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж миний бие ахалж ажилласан. Шийдвэрүүд гаргасан. Нэгдүгээрт,  2009 онд Оюутолгой компани, Монголын Засгийн газар хооронд байгуулсан хоёр гэрээ бий. Эхнийх нь хөрөнгө оруулалтын гэрээ. Дараагийнх нь Хувь нийлүүлэгчдийн гэрээ. Энэ гэрээнүүдийг байгуулахдаа  Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн гэсэн ажлын хэсгээс гаргаж одоогийн хуульд нийцүүлэх заалт оруулсан. Хоёрдугаарт, Дубайн төлөвлөгөөнд олон зөрчил гарсан.  Энэ төлөвлөгөө нь олон улсын гэрээ биш. Гэрээний нэг салшгүй хэсэг байх ёстой юу, үгүй юу гэх мэт олон асуудал бий. Оюутолгойн ордыг ашиглах удирдлагын менежментийн баг нийт борлуулалтын орлогоос тодорхой хувийг менежментийн төлбөр гэж авч байгаа. Энэ нь  асар их мөнгө.  Оюутолгой төслийн төлөвлөгөө ёсоор 2041 онд Монгол Улс одоо байгаа 34 хувь дээр 16 хувь нэмж худалдаж авах боломжтой болж байгаа. Энэ асуудлыг авч үзээд Д.Тэрбишдагва гишүүний ахалсан ажлын хэсгээс "Дубайн гэрээг цуцал" гэсэн саналыг гаргасан. Хөрөнгө оруулагч талтай ширээний ард сууж ярилцах шаардлагатай бол цуцал гэсэн санал ч уг дүгнэлтэд бий. 2010 онд хийсэн ТЭЗҮ байгаа. Одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа тул тухайн ТЭЗҮ-ийг дахин авч үзэж, ашигт малтмалд агуулагдаж байгаа металь бүрийг нэг бүрчлэн тогтоох шаардлагатай гэсэн саналыг ч мөн ажлын хэсэг дүгнэлтдээ оруулсан. Мөн байгаль орчны байдлын үнэлгээг дахин хийж ус ашиглалттай холбоотой асуудлыг авч үзэх шаардлагатай гэж дүгнэлтэд тусгагдсан. Ажлын хэсгээс гаргасан 86 зүйл, заалт зөвлөмжийг хэрэгжүүлж ажилла гэсэн үүрэг даалгаврыг Засгийн газарт чиглэл өгч байгаа.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Оюутолгойн гэрээг сайн, муу болсон гэсэн маргаан 10-аад жил үргэлжилж байна. Би хувьдаа анх батлагдсан гэрээг дүгнэж, шүүж ярьдаггүй. Яагаад гэвэл энэ бол Монголчууд анх удаа дэлхийн хэмжээний том “акулууд”-тай хийсэн гэрээ. Харин гэрээнд ямар алдаа гаргав, юун дээр хожив, цаашид ийм том гэрээ байгуулахдаа юунд анхаарах вэ гэдэг дээр бид сургамж авах ёстой.  Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээтэй холбоотой асуудал байгаа бол бид дэлхий нийтийн хэлээр ярих ёстой. Ширээний ард сууж, харилцан шаардлага тавьж сайжруулах чиглэлд л явах ёстой.  Ажлын хэсгийнхний оруулж ирсэн дүгнэлтэд алдаа оноог нь гаргаад, засаж залруулах ёстой зүйлийг ил болгосон нь сайшаалтай хэрэг. Ганцхүү Оюутолгойн гэрээг зогсоох хүртэл арга хэмжээ авах ёстой гэдэгтэй санал нийлэхгүй. Гэрээг зогсоовол Монголын эдийн засаг багаар бодоход 20-25 хувиар агшина. Тэр агшилтыг бид тэсэх үү. Тиймээс энэ асуудлыг хэлэлцээний шугамаар, хуулийн хүрээнд л шийдэх ёстой. Харин ажлын хэсгийнхний гаргасан засаж, залруулах ёстой зүйл дээр нэг бүрчлэн Оюутолгойнхонтой ярилцах шаардлага бий. Оюутолгойнхонтой эрх биш хэл амаа ололцоод гэрээгээ сайжруулаад явах боломж Засгийн газарт байгаа байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Дубайн гэрээг байгуулсан нь анхнаасаа буруу байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар анх хамтарсан засаг барьж байх үедээ энэ гэрээг байгуулсан. Дубай руу явж гэрээ хийх гэж байгааг нь засгийн газрын сайд нар нь ч мэдээгүй байсан" гэдгийг онцолсон юм. Мөн "Тухайн үед энэ асуудлыг шалгах ажлын хэсэг гараад Д.Дэмбэрэл, Г.Тэмүүлэн бид хэд орсон. Буруу зүйл байна гэдгийг ч хэлж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө нэртэй ч гэрээг хүчингүй болгох, ТЭЗҮ-г ач холбогдолгүй болгосон гэрээ болсон юм. Нууц байсан. Сүүлд ил болохдоо Дубайн гэрээ буюу Дубайд очиж хийсэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө бол Оюутолгойн гэрээний салшгүй нэг хэсэг болж гарч ирсэн.  2018 онд Д.Тэрбишдагва гишүүн бид 2 удаа дараа шаардаж байж УИХ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотой ажлыг шалгах  ажлын хэсэг гарсан. Бүтэн жил нэг ч өдөр амралгүй ажилласан. Төрийн бүх шатны холбогдох байгууллагын хүмүүс дэд ажлын хэсэгт орж ажиллаж дүгнэлт гаргасан.

Уг Дубайн гэрээ хууль зөрчсөн тул цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж УИХ-д өгсөн. Одоо УИХ-аас Засгийн газар луу чиглэл гаргасан тогтоол боловсруулах явц явагдаж байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байгаа. Энэ долоо хоногт уг асуудал яригдах байх.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж