БОХХААБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

БОХХААБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

БОХХААБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.19) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 26 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Эхлээд Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав. 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.2.3 дахь хэсэгт “Эдийн засаг, бизнес, худалдаа, өмч, санхүүгийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, өмчлөх эрхийн баталгааг алдагдуулсан хууль, тогтоомж, шийдвэрийг засч сайжруулна”, 4.1.3 дахь хэсэгт “Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авч, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээний болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтад тавих хяналтыг сайжруулна”, 4.2.8 дахь хэсэгт “Байгаль орчинг хамгаалах, байгалийн нөөц баялагийг зохистой ашиглах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, ашиглалтын үр өгөөжийг сайжруулна” гэж, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Байгаль орчныг хамгаалах тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулахаар заасан байдаг байна. Тус яам нь Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарсан ажлын хэсгийг байгуулж Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн санхүүжилтын дэмжлэгтэйгээр Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлыг хийжээ. Байгаль орчны хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Ховордсон амьтан, ургамал тэдгээрин гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Зөрчлийн тухай зэрэг 3 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулсан болохыг Н.Цэрэнбат сайд танилцуулгадаа дурдав. Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран болон яамны зүгээс нийт 5 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, бусад яамдуудын санал болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс саналыг бичгээр авч хуулийн төсөлд тусгасан байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Мурат, Д.Тэрбишдагва, А.Сүхбат,  нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. 

Бэлчээрийн талаарх асуултад салбарын сайд хариулахдаа, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын бэлчээрийн даац хэтрээд, одоогоор хонин толгойд шилжүүлснээр 120 сая толгой мал байгаа учир малын тоо толгойг нэгдсэн байдлаар бууруулах, малын таваарлаг чанарыг дээшлүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад буйг хэллээ. Эдийн засгийн нөхцөл байдлаа тооцон, уул уурхайг дэмжснээр нөгөө талд нь байгаль орчны асуудал хүндэрч буйг тэрбээр хэлж байв. Нэг талдаа уул уурхайг дэмжих зөвшөөрөл төрийн нэг байгууллага нь олгож байхад нөгөө талд байгаль орчныг хамгаалах зорилгоор салбарын яам үйл ажиллагаа явуулах шаардлага тулгардаг. Үүнээс харахад төрийн байгууллага хоорондын үйл ажиллагаа уялдаа холбоогүй мэт харагддаг нөхцөл байдал үүсдэг. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр байгаль орчныг хамгаалах зорилго бүхий үйл ажиллагаа удаа дараа таслагдаж байгааг Н.Цэрэнбат сайд хэлж байсан. Тиймээс нийт ард түмний нийтлэг эрх ашгийн асуудлаар шүүгч нартай уулзаж, ярилцах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Богд уулан дахь хүн алхдаг жим дагуу нийтийн бие засах цэг байгуулахаар хоёр жилийн турш ажиллаж байгаа хэдий ч бусдын эзэмшил газар гэдэг шүүхийн шийдвэрээс болоод өнөөдрийг хүртэл ажил хэрэг болгож чадахгүй байгаагаа тэрбээр тайлбарлаж байсан. Мөн уул уурхайн компаниуд томоохон хүнсний дэлгүүрээс бага хэмжээний татвар төлдөг атлаа дахин давтагдашгүй байгалийн баялгийг олборлож, байгаль орчныг хөнөөж байдаг талаар тэрбээр дурдаж байв. Одоогоор нөхөн сэргээх шаардлагатай, хариуцах эзэнгүй талбайг хамгийн бага үнэлгээр нөхөн сэргээх зардал нь 186.8 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бол хариуцах эзэнтэй атлаа нөхөн сэргээлт хийгээгүй 23.000 га талбай бий гэдгийг мэдээлсэн. Тухайн орон нутгийн удирдлагууд нь холбогдох талбайн нөхөн сэргээлтээ эрчимжүүлэх албан бичиг, шаардлагыг тогтмол хүргүүлж ажиллаж байгаа гэв. Салбарын яамны зүгээс лиценз эзэмшигчид байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд бүрэн дэмжин ажиллах болно гэдгийг Н.Цэрэнбат сайд хэлээд, уул уурхайн компаниудыг энэ чиглэлд уриалж, шаардаж ажиллаж байгаа аж. Дээрх төслүүдийг хэлэлцэн баталснаар байгаль орчны салбарын хууль тогтоомж хоорондын хийдэл, давхардал, зөрчил арилах, салбар хоорондын зөрчил, буруу ойлголцол арилна гэж үзэж байгаа гэлээ. 

Төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Мурат нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийн хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 буюу 81.8 хувийн саналаар дэмжин, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхий дэмжив

Дараа нь Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. 

Манай улс эрс тэс уур амьсгалтай, байгалийн бүс, бүслүүрийн онцлогт дасан зохицсон өвөрмөц тогтоцтой экосистемүүд, биологийн болон генетик нөөцийн олон янз байдал элбэг гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд тэмдэглэв. Үүний зэрэгцээгээр монголчууд амьтан, ургамлаа амьдрах орчинтой нь харьцангуй унаган төрхөөр нь хадгалж, хамгаалж чадсан, ахуй амьдрал нь байгалиас буюу экосистемийн үйлчилгээнээс шууд хамааралтай, байгалийн өгөөж, байгаль хамгаалах уламжлалт мэдлэг, соёлоо өвлүүлөн хадгалж ирсэн ард түмэн гэдгийг онцоллоо. 

Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцийг 1993 онд, уг конвенцийн Генетик нөөцийн тухай Нагоягийн протоколыг 2013 онд тус тус соёрхон баталсан. Нагояагийн протокол нь биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах хөшүүргийг бий болгож, тогтвортой хөгжил ба хүний сайн сайхан байдалд биологийн олон янз байдлын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх болон генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг, тэдгээрээс үүдэлтэй шинэ санаа, нээлтүүд, генетик нөөцийн ашиглалтаас хөгжиж байгаа хангагч орны иргэд үр өгөөж хүртэх боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг байна.    

 Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Ногоон хөгжлийн бодлого, Төрөөс ойн талаар баримтлах бодлого, Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хамгаалах, тогтвортой ашиглах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлэх талаар тус тус заажээ. 

Дэлхий нийтэд хэрэглэж байгаа ихэнх эм, биобэлдмэл, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан, эсхүл түүнээс санаа авч үйлдвэрлэсэн байдаг. Монгол Улсын хувьд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх зохицуулалт бүрдээгүй, биотехнологийн шинжлэх ухаан дорвитой хөгжөөгүйгээс генетик нөөцийг хангалттай хэмжээнд судалж тогтоогоогүй, бүртгээгүй, хүний нөөцийн чадавх бүрдээгүй зэргээс байгаль дээрээс хувь хүн, гадаад, дотоодын хуулийн этгээд генетик нөөцийг зөвшөөрөл, хяналтгүйгээр цуглуулж ашиглуулдаг, гадагш гаргадаг, үр шим хүртээх талаар гэрээ байгуулж чадахгүй гадаад улс руу алдсаар байгааг Н.Цэрэнбат сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ онцолсон. 

2012-2017 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг давхардсан код, нэрээр нийт 1450 удаа хилээр гаргах зөвшөөрөл олгосон байна. Улсын хилээр гарч байгаа ургамал, амьтан, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой бөгөөд эдгээр генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй байдаг аж. 

Манай орны ургамал, амьтны ховордлын гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй байна. Иймд байгалиа хамгаалж ирсэн уламжлалт мэдлэгээ ахуйн соёлдоо шингээж өвлүүлж ирсэн ард түмний хувьд энэ байдлаа баталгаажуулах, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хуулиар зохицуулах нь чухал ач холбогдолтойг салбарын сайд хэлж байв. 

Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна.  

Хуулийн төсөл батлагдсанаар генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрэлдэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээл дээр гарах боломж бүрдэж эдийн засгийн бодит эерэг үр дүн бий болно хэмээн үзжээ. 

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж байр сууриа илэрхийлэн, салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь  Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Дараа нь Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг ахлан ажиллахаар тогтов. 

Байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайланг хэлэлцэв

Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд Байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайланг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ талаар танилцууллаа. Тайлангийн эхэнд цаг агаар, уур амьсгалын төлөв байдал, түүний өөрчлөлтийн талаар танилцуулсан. Монгол орны жилийн дундаж агаарын температур сүүлийн 79 жилд 2.25 хэмээр дулаарсан байна. 2017 оны жилийн дундаж агаарын температур 1.6 хэм буюу 1940 оноос хойш ажиглагдсан 2 дахь дулаан жил байсан ба 2018 оны жилийн дундаж агаарын температур 0.9 хэмд хүрч өвлийн улирлын агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байжээ. 2017 онд 1940 оноос хойш тохиосон 10 дахь хур тундас багатай жил байсан гэв. Сүүлийн жилүүдэд агаар мандлын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлийн тоо ихсэж, 1989-2000 онд жилд дунджаар 30 орчим аюултай үзэгдэл ажиглагддаг байсан бол 2001- 2018 онд 2 дахин нэмэгджээ. 2018 онд цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл 70, гамшигт үзэгдэл 18 болж нийгэм, эдийн засагт нийт 24.1 тэрбум төгрөгийн шууд хохирол учруулсан байна. 

Уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан болох хүлэмжийн хийн ялгарал нь сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа аж. Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал 2014 оны байдлаар 34.4 сая тн буюу дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувийг эзэлж байгаа гэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр байгалийн нөөцийн төлөв байдал, түүний өөрчлөлтийн талаарх тайлан мэдээллийг танилцуулсан. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхлагдал, тариалангийн талбайн хөрсний үржил шимийн бууралт, уул уурхайн зохисгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын доройтол,  цөлжилт эрчимтэй явагдаж, нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилтөд өртсөн байна. Үүнээс хүчтэй, нэн хүчтэй доройтсон газар 20.9 хувийг эзэлж байгаа аж. Цөлжилтийн 51 хувь нь байгалийн хүчин зүйлээс, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөлөлтэй үүссэн гэж дүгнэсэн байна. Малын тоо 2018 оны эцэст 66.5 сая толгой буюу хонин тоо толгойд шилжүүлснээр 111.1 сая толгойд хүрээд байгааг Н.Цэрэнбат танилцуулгынхаа үеэр дурдсан. 2017-2018 оны өвөл хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 20 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн, 80 шахам хувьд нь бэлчээрийн хүрэлцээ муу байсан аж. 

2018 оны байдлаар нийт 3078 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байгаагаас 1673 ашиглалтын тусгай зөвшөөрөл, 1405 хайгуулын тусгай зөвшөөрөл байна. 2018 оны байдлаар бүх аймагт уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийхэд 24.3 мянган га газар эвдэгдснээс нөхөн сэргээх шаардлагатай орхигдсон газрын байршлын тоо 1491, талбайн хэмжээ 9.3 мянган га болсон байна. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 2000 онд 21.7 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 13.8 хувийг, 2014 онд 27.2 сая га буюу 17.4 хувь, 2018 онд 27.9 сая га буюу 17.85 хувь болж тус тус өссөн байна. 2019 онд 3.4 сая га талбайг хамгаалалтанд нэмж авснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нийт дэсгэрийн 19.8 хувь болж өссөн.

Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхлагдал, уул уурхайн зохисгүй үйл ажиллагаанаас үүдэн булаг шанд, гол горхи, нуур,  тойром хатаж ширгэх үйл явц нэмэгдэн 2018 оны усны тоо бүртгэлийн мэдээгээр 527 гадаргын усны эх үүсвэр хатаж. ширгэж, 519 нь сэргэсэн байна.

2017-2018 оны ойн сангийн үзүүлэлтийг 2015-2016 оны төлөв байдалтай харьцуулахад нийт талбай 133.6 мянган га-аар, нөөц 7.1 сая шоо метрээр нэмэгдсэн болохыг тайланд дурдсан байна. 2017-2018 онд гарсан ой хээрийн түймрийг 2015-2016 онтой харьцуулахад гарсан түймрийн тоо 190-ээр,  түймэрт шатсан талбай 9.4 сая га-аар багассан байна. 

 Монгол оронд өөр хоорондоо ялгаатай олон янзын экосистемд дасан зохицсон 141 зүйл хөхтөн амьтан, 513 зүйл шувуу, 21 зүйл мөлхөгч, 6 зүйл хоёр нутагтан, 74 зүйл загас, 13 мянга гаруй зүйлийн сээр нуруугүйтэн бүртгэгдээд байна. 

Байгаль орчны бохирдлын төлөв байдал, түүний өөрчлөлтийн талаарх тайланд, 2017 оны 10-12 дугаар сар, 2018 оны 1-4 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар дахь бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад РМ10 тоосонцрын агууламж 4 хувиар, азотын давхар ислийн агууламж 6 хувиар, РМ2.5 тоосонцрын агууламж 10 хувиар, хүхэрлэг хийн агууламж 25 хувиар тус тус бага байсан байна. Орон нутгийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 2017, 2018 онд Баянхонгор, Даланзадгад сумдад хамгийн их буюу агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас 1.1-1.8 дахин их гарчээ. 

Улсын хэмжээнд 2018 онд зөвшөөрөгдсөн 390 хог хаягдлын төвлөрсөн цэгт нийт 3.4 сая тонн хог хаягдал тээвэрлэн зайлуулж, 2017-2018 онд Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэх чадвар дунджаар 70 хувьтай байсан байна.

Тайлан дахь “Байгаль орчны засаглал” бүлэгт, байгаль орчны салбарт 2018 оны байдлаар 22 Олон Улсын гэрээ конвенц, 36 хууль, 20 гаруй бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажилласан байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу сүүлийн 3 жилийн дунджаар 77.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрснөөс байгаль хамгаалах арга хэмжээнд 10.2 тэрбум төгрөгийг зарцуулж,  хуулийн хэрэгжилт 36.9 хувь байгаа нь нэн чамлалттай болохыг салбарын сайд тайландаа дурдсан. 

Байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, А.Сүхбат нар асуулт асууж, салбарын сайд болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт, тайлбар мэдээлэл авсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж