Ногоон ёс зүй эрдэм шинжилгээний хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.19-нд нийтлэгдсэн

Ногоон ёс зүй эрдэм шинжилгээний хурал боллоо

Ногоон ёс зүй эрдэм шинжилгээний хурал боллоо

Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахад ёс зүйн боловсрол чухал билээ. 2002 онд ЮНЕСКО жил бүрийн 11 сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагт Дэлхийн философийн өдөр болгон тэмдэглэхээр баталсан. Энэ өдөр дэлхийн олон улс оронд философи, ёс зүйн мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, эрдэмтэд судлаачид судалгааны ажлынхаа үр дүнг хэлэлцэх, хуваалцах чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулдаг.  Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Сургуулийн Философи, шашин судлалын тэнхимээс санаачлан бусад их дээд сургууль, мэргэжлийн хүрээлэн, холбоо, сангуудтай хамтран иргэдийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн жил бүр ёс зүйн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг уламжлалтай.

Дэлхийн улс орнууд аж үйлдвэржин эдийн засаг нь хурдацтайгаар өсч, технологийн хөгжил хүчээ авч, байгалийн баялгийг хайр гамгүй хэрэглэх болж, өдгөө байгаль орчин, нийгэм эдийн засгийн тэнцвэр алдагдаж байна. Үүнийг ч хүн төрөлхтөн ухамсарлан ойлгож, дэлхий нийтээрээ тогтвортой хөгжилд хүрэх асуудлыг дэвшүүлэн 20 гаруй жил болж байна.

Манай монголчуудын нүүдлийн соёл иргэншил нь тогтвортой хөгжлийн сонгодог жишээ билээ. Гэвч манай улсад дэлхий нийтийн жишгээр үйлдвэр хот суурин байгуулан, суурьшмал амьдралаар амьдрах болсноор ус, хөрс, агаарын бохирдол, уул уурхайн ашиглалтаас нөхөн сэргээгдээгүй орхигдсон газрууд, бэлчээрийн талхагдал, цөлжилт,  усны хомсдол, гол, нуур ширгэх, ойн доройтол, зэрлэг амьтдын тоо цөөрөх зэрэг олон хүндрэлтэй асуудлууд бий болоод байгаа. Тиймээс Монгол Улсад тогтвортой хөгжлийг дэмжин нутагшуулах зорилгоор бодлогын олон баримт бичгийг баталж хэрэгжүүлж байгаа. Тийм баримт бичгийн нэг бол 2014 оны 06 сард баталж, 2016 оны 01 сараас түүний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байгаа Ногоон хөгжлийн бодлого юм.

Ийм учраас бид манай улсад ногоон хөгжлийг хэрэгжүүлэх үйлсэд бага ч болов хувь нэмэр оруулах зорилгоор энэ жилийн хурлаа “Тогтвортой хөгжил: Ногоон ёс зүй” сэдвийн дор Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ШУА-ийн Философийн Хүрээлэн, Монголын Философийн Холбоо, МУИС-ийн Философийн салбар төгсөгчдийн холбоо, Номын Гурван Хүрдэн сан зэрэг байгууллага хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Тогтвортой хөгжил бол бидний өмнө тулгараад байгаа ёс суртахууны үүрэг, хариуцлага билээ. Олон хүчин зүйлийн зохицол нийлж бүрдсэнээр хөгжил тогтвортой болдог. Тогтвортой хөгжлийн нэг тулгуур багана болох байгаль орчныг хайрлан хамгаалах хадгалах үйлсэд ногоон ёс зүй чухал үүрэгтэй.

Тиймээс тус хурал нь тогтвортой хөгжлийн нэг үндсэн асуудал болох ногоон ёс зүйн тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрдэмтэн судлаачид, багш нарын судалгаа шинжилгээний ажлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүрээлэн буй орчны болон экологийн ёс зүйн сургалт, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилготойгоор:

  • Уламжлалт ёс зүйн сэтгэлгээн дэх байгаль хамгааллын ёс зүйн асуудал,
  • Экологийн ёс зүйн орчин үеийн онол-практикийн асуудлууд,
  • Хүрээлэн буй орчны хамгаалал ба нийгмийн сүлжээ,
  • Экологийн ёс зүйн боловсролын агуулга, чанар, үр дүнг сайжруулах асуудал гэсэн бүлэг сэдвийн хүрээнд асуудлыг хэлэлцэх юм.

Нийгмийн хөгжил нь байгалийн тодорхой орчинд явагддаг бөгөөд нийгмийн амьдралын сайн сайхан нь байгалиас ихээхэн хамааралтай тухай, байгаль бол хүний оршихуйн суурь үндэс, нийгмийн амьдралын оршин тогтнох, хөгжихийн үндэс нь байгальтай хэрхэн харилцах ёс суртахууны ухамсар, үнэлэмж, хандлага, харилцаанаас ихээхэн шалтгаалах болсныг, түүнчлэн бид өөрсдийн болон үр хойчийнхоо амьдралд нөлөөлөх сонголтыг хийж буйд асуудлын мөн чанар оршиж буй учир бидний өмнө хийсэн үйлийнхээ үр дагаврыг хариуцахгүй өнгөрч болохгүй тийм цаг хугацаа тулж ирснийг ойлгох, хүлээн зөвшөөрөх болсныг, цаашид ямар арга хэмжээ авбал зохилтойг эрдэмтэн судлаач, багш нар орчин үеийн зарим чухал үзэл баримтлал хийгээд уламжлалт үзэл санаанаас эрж хайсан илтгэлүүд хэлэлцүүлж байна. Энэ удаагийн хуралд МУИС, ШУТИС, СУИС, АШУҮИС, ХААИС, ШУА-ийн Философийн хүрээлэн, Боловсролын хүрээлэн, Отгонтэнгэр Их Сургууль, Мандах Их Сургууль, Их Засаг Их Сургууль, Ховд Их Сургууль, Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит ЕБС, Эрин Эверест Интернэйшнл сургуулийн эрдэмтэн багш нар, судлаачид илтгэлээ ирүүлсэн болно.

   Монгол Улсын Их Сургууль

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж