Эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс цөөн байдаг улс орон олон бий. Гэвч ОХУ-ын хувьд энэ тоо сая, саяар яригдана.
ОХУ-ын статистикийн газраас гаргасан 2018 оны мэдээгээр ОХУ-д 78.8 сая эмэгтэйчүүд байгаа бол эрчүүд нь 68.1 сая юм.
Эрчүүд эмэгтэйчүүдээсээ цөөн байгаа нь шинэ асуудал биш гэнэ. 1897 оны тоо баримтаас үзвэл ОХУ-д 33.8 сая эмэгтэй, 32.1 сая эрчүүд байжээ.
Азийн орнуудаас ялгаатай нь ОХУ-д дээрх хүйсийн тэнцвэргүй байдал нь дайнд эрчүүд татагдаж, мөн халдварт өвчинд олноороо нэрвэгддэгтэй холбоотой хэмээн таамаглаж болох аж. Жишээ татвал, дэлхийн нэгдүгээр дайны эхэн үед ОХУ-д 100 эмэгтэй тутамд 91.9 эрэгтэй ногдохоор байжээ. Мөн энэ үеэс эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс давамгайлж эхэлсэн байна. Түүнчлэн иргэний дайн, өлсгөлөн зэрэг томоохон эмгэнэлт үйл явдлууд үргэлжлэхийн хэрээр эрчүүд хорогдсоор байжээ. Зөвхөн дэлхийн хоёрдугаар дайны үеэр ОХУ-ын 25 сая цэрэг эрс амь үрэгдсэн гэдэг.
Дэлхийн хоёрдугаар дайн ОХУ-ын хүйсийн тэнцвэргүй байдлыг улам дэвэргэж, 100 эмэгтэй тутамд 81.9 эрэгтэй ногдохоор болгожээ. Түүнээс гадна шинээр төрж байгаа нярай хүүхдүүд дундаас эрэгтэй хүүхдүүд элдэв өвчин тусах, эрүүл мэнд муу байх нь түгээмэл байдаг гэнэ.
"Эмэгтэйчүүдийн тоо их байх нь ихэвчлэн эмгэтэйчүүд урт насалдаг, шилжилт хөдөлгөөн зэрэгтэй холбоотой" хэмээн НҮБ-ын зүүн Европ ба төв Азийг хариуцсан хүн амын сангийн зөвлөх Женс Хаген хэлжээ.
Хуучин ЗХУ-ын харьяан дахь улс орнуудад эрчүүдийн тоо мөн цөөхөн байдгийн гол шалтгаан нь архи, согтууруулах ундааны өндөр хэрэглээ, тамхи, амиа хорлолт, зүрх судас, цусны эргэлтийн элдэв өвчнүүд, осол аваараас шалтгаалж 40 болон түүнээс дээш насны эрчүүдийн нас баралт их байсан хэмээн үздэг аж.
Өдгөө ОХУ-д ажиллах хүчний ихэнх хувь нь эмэгтэйчүүд байгаа ба тэдний 72 хувь нь төрийн алба хашдаг. Үндсэндээ ОХУ-ыг эмэгтэйчүүд удирдаж байна гэхэд хилсдэхгүй бололтой.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: en.goodtimes.my
Холбоотой мэдээ