БНМАУ-ын Гарамгай баатар Л. Дандарын тухай “ Бууны сумыг буцааж болдоггүй” кино нээлтээ хийсний дараа Дандар баатрын үр удамтай холбоотой үл ойлголцол үүсээд байгаа билээ. Дандар баатрын хүү болох Ганбаатар гуайтай уулзаж, ярилцлаа.
Бид мэдээллийн тэнцвэртэй хүргэхээр Дандар баатарын зээ охин Б.Сүндэрьяатай утсаар холбогдсон юм. Тэрбээр уулзах боломжгүй ч “Монгол Улсын Засгийн газраас нэг жилийн хугацаанд судалгаа хийж үзсэний үндсэн дээр надад батламж гардуулж өгсөн. Бүх зүйл хуулийн дагуу болсон” гэдгийг хэлсэн юм.
-Сайхан өвөлжиж байна уу. Домогт Дандар баатарын үр хүүхдүүд гомдолтой байна гэдэг мэдээллийн дагуу тантай холбогдсон юм. Дандар баатрын үр удамтай холбоотой үл ойлголцол яагаад үүсэх болов?
-Гомдол гэхээсээ илүү арай өөр утгаар хэлэх гээд байна, би. Миний аав дороо долоон дүүтэй, айлын том хүүхэд. Аавын маань бага таван дүү эцэг ондоотой, найман ах дүүс нэг эхтэй юм. Тухайн цаг үед Монголчуудын ахуй амьдралд хүүхдээ өргүүлэх, овгийг нь солих асуудал түгээмэл байсан. Харин одоо яригдаад байгаа асуудал бол аавын эцэг ондоотой дүүгийнх нь хүүхдүүдийнх нь хүүхдүүдийн гаргаж ирсэн зохиомол түүх. Энэ нь улс орны хэмжээнд үнэн мэтээр яригдаж эхэлсэнд л ах нь эмзэглээд байна. Аав минь тухайн цаг үед ямар нэгэн шалтгаанаар эцэг ондоотой хоёр дүүгээ өөрийн нэрээр овоглосон байдаг юм. Гэтэл тэрийг нь үр хүүхдүүд нь мэдсээр байж, худлаа ярьж төөрөгдөл үүсгэж, улмаар түүхийг гуйвуулж байна.
-Дандар баатарын төрсөн дүү гэхээр хэнийг хэлж байна вэ?
-Миний аав Дандарын эмэгтэй дүү болох Д.Цэрэнпагмыг хэлж байгаа юм. Улсын төв архивын 1944 оны хүн амын тооллогоор Цэрэнпагма эгч Түвдэн гэх өөрийн төрсөн эцгээр овогтой гардаг юм. Тэгээд сүүлд өөрийн ах болох миний ааваар овоглосон байдаг. Цэрэнпагма эгч Азар гэж хүнтэй суугаад найман хүүхэдтэй болсон байдаг юм. Тэр найман хүүхдийн хоёр дахь хүүхэд Асгалт болон Асгалтын зээ охин /охиных нь охин/ Б.Сүндэрьяа нар юм. Угтаа бол Асгалт нь аавын нагац дүү, Сүндэрьяа нь нагац талын зээлдэм гэгч болох юм билээ л дээ, садан төрлийн холбоотой хүмүүс юм.
-“Бууны сумыг буцааж боддоггүй” уран сайхны киног бүтээх үеэр түүхэн баримтуудыг таны зөвшөөрөлтэйгөөр шүүж үзсэн гэсэн үү?
-Хоёр жилийн өмнө намайг “Та, Монгол кино үйлдвэр дээр хүрээд ирэхгүй юу” гэж Ж.Солонго дарга утасдсан юм. Би хоёр хүүхэдтэйгээ яваад очтол Ж.Солонго дарга болон зохиолч Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид нар “Дандар баатрынхаа тухай уран сайхны киноны төлөвлөгөөгөө гаргачихлаа, төр засаг дэмжихээ илэрхийлээд байна. Тиймээс түүхэн баримтуудыг шүүж үзэх хэрэгтэй байна. Тэр дундаа ЗХУ-ын баатрыг буудсан эсэх гэх мэт асуудлуудыг архивын баримтаас үзэх гэтэл бидэнд бол өгөхгүй юм байна. Хувь хүний нууцтай хамааралтай учраас зөвхөн эхнэр болон төрсөн хүүхдэд нь тэр архивын баримтуудыг өгдөг юм байна. Ганбаатар гуай, Та л архиваас баримт авч өгөх ганц хүн нь юм байна” гээд надаас төв архиваас материал авч өгөхийг хүссэн.
Өмнө нь уран бүтээлчдийн баг Улсын төв архив руу очсон юм билээ л дээ. Тэгээд би Монгол кино үйлдвэрийн инженер гэх настай өвгөнтэй хамт Улсын төв архивт очиж, тэр материалыг нь киноны уран бүтээлчдэд авч өгсөн. Ямар ч байсан энэ улсад би л аавынхаа түүхэн баримтыг үзэх эрхтэй юм байна гэдгийг ойлгосон.
-Тэр киноны нээлтэд таныг урьчихаад яагаад өөр хүнийг төрсөн хүү нь гэж зарласан юм бол. Та үүнийг мэдэж байсан уу?
-Кино бүтэхээс өмнө улсын архиваас надаар материалаа авахуулж байсан мөртлөө киноныхоо нээлтэнд өөр хүнийг гаргасанд би гайхсан. Гэхдээ миний хувьд шинэ бүтээл, олон хүний хөдөлмөрийг хүндэтгэж, тэр арга хэмжээг үймүүлэхийг хүсээгүй ээ. Ганц би ч биш олон хүн киноны нээлтийг гайхсан юм билээ. Дараа нь хүмүүс “Ганбаа ах, Та гараад учир явдлыг хэлэхгүй яагаа вэ” гэж хэлсэн. Ах нь хувийн ашиг сонирхлыг илүүд тавихыг хүсээгүй, харин зохион байгуулагчдад нь ойлгуулж хэлсэн.
-Тэгвэл Төмөрийн Дашдэндэв гэж хүн Дандар баатартай ураг төрлийн ямар холбоотой хүн бэ?
-Тэр хүн манай аавын хүү нь гээд явдаг хүн л дээ. Би танина. Надаас насаар дүү учир намайг “Ахаа ” гэдэг байсан юм. Анх аавын бие муу байхад энэ хүн аавтай минь уулзах гээд ирж байсан. Миний аав тэр үед “Энэ миний хүү шүү, чиний дүү” гэж огт хэлээгүй ээ. Тэгээд аавыг маань нас барснаас хойш л өөрийгөө төрсөн хүү нь гээд яваад байгаа юм. Аав минь лав л миний дэргэд юм хэлээгүй. Тэрийг Т.Дашдэндэв ч өөрөө сайн мэдэж байгаа.
Миний аав “За дүү чинь шүү” гээд хэлэхэд халшраад байхаар хүн ч биш л дээ. Амьд сэрүүн байхдаа аав маань өөрийн амаар хэлээгүй болохоор надад мөн, биш гэх эрх байхгүй ээ. Миний аав амьдрал хэмээх цусгүй тулаанд орж байсан хүний хувьд хүүхдээ нуугаад юмуу, өөрийн хүүхдийг хэлж чадахааргүй хэмжээний хүн биш л дээ. Өөрөө хэлээгүй болохоор эргэлзээтэй байж л дээ гэж би боддог.
-Ер нь Дандар баатар хэдэн хүүхэдтэй байсан бэ?
-Аав маань гурван хүүхэдтэй хүн. Миний эгч болох Марина ОХУ-ын иргэн, дараагийнх нь би, дүү охиныг маань Цэдэвсүрэн гэдэг байсан. Аав ээж хоёр маань дүүгийнхээ охин хүүхдийг өргөж авч өсгөсөн нь Цэдэвсүрэн дүү маань юм.
-Та өөрийгөө өргөж авсан хүүхэд нь биш гэж байна. Тэгвэл таныг яагаад таныг өргөж авсан хүүхэд нь гээд байгаа юм бэ?
-Энэ түүхийг хүмүүс тэр бүр мэдэхгүй учир л элдэв яриа гарах эхлэл болсон байх. Миний төрсөн ээж Дорноговь аймгийн уугуул Намид гэдэг хүн байсан. Намайг 1964 онд аравдугаар ангиа төгсдөг жил нэг өдөр аав “За миний хүү, Цайгаа уучих. Бушуухан хувцсаа өмс. Хоёулаа ажилд явнаа” гэсэн. Аав ажилд явна гэхээрээ л хөдөө явдаг байсан юм. Би ч баярлаад л аавыг дагаад явсан, нэг цэргийн ангид давхиад очлоо. Тэгсэн аав нэг өндөр эмэгтэй, залуу хоёрыг дагуулаад гараад ирсэн. Тэгээд машины хажууд ирээд “За миний хүү, энэ хүн чиний төрсөн ээж. Харин энэ хүн ах чинь” гэж хэлсэн. Би ч тэр үед хүүхэд ч байсан , итгэж өгөхгүй, аав та юу яриад байгаа юм бэ гээд их гайхсан л даа. Би тухайн үед уцаарлах хандлага ч гаргасан. Тэгээд бүгдээрээ машинд сууж, манай гэрт очиход өсгөсөн ээж минь сүйд болоод л хоол, цай хийгээд л… /уйлав/ Ээж, аав хоёр маань хоорондоо ярилцаад төрсөн ээжтэй минь танилцуулсан юм билээ. Ингэж л би анх төрсөн ээжтэйгээ танилцсан хүн дээ.
Тэгээд хожим нь төрүүлсэн ээж минь “Чи ижийдээ гомдож явдаг уу, намайг үрээ хаяж явсан гэж боддог уу. Тухайн үед нэгхэн сартай хүүхдээ орхиод явах ижийд нь амар байгаагүй ээ. Харин аав чинь “ Энэ хэлмэгдлийн хэцүү цаг үе чамд ч муугаар нөлөөлөх байх, Хүүгээ үлдээгээд яв. Би ямар насаараа тэр газар суух биш дээ. Гараад ирэх хугацаа байх байлгүй. Чи амьдралаа бод. Би ямар ч байсан хүүгээ чамтай уулзуулна. Би эр хүний ёсоор хүүгээ хүн болгоно” гэж хэлсэн байдаг юм билээ. Тэр үе хэлмэгдүүлэлтийн он жилүүд байсан учраас жирэмсэн эмэгтэй хүнийг хүртэл буудаж байсан үе шүү дээ. Аав минь ч хэлмэгдэж, баатар цолоо хураалгаад хэцүү нэртэй газар /шоронд/ орж байсан үе л дээ. Ээж минь тухайн үедээ аавыг минь, хүлээж байгаа хүүгээ бодож тэсч үлдэг гээд намайг үлдээгээд явсан юм билээ. Ингээд төрөөд нэг сар болж байсан намайг хоёр авга ах дээр үлдээгээд аав хэцүү нэртэд орсон гэдэг. Хожим хоёр авга ах маань “Намайг юу л бол юу иддэг чонын ходоодтой хүүхэд байсан. Хааяа аав дээр минь авч очиж, уулзуулдаг байсан” тухай ярьдаг юм. Шоронгийн гал тогооноос гарсан хоолны үлдэгдлийг нохойд хаяж өгдөг хашааны буланд ухсан нүхээр намайг өлгийтэй нь шургуулж өгөхөд аав үнсчихээд, буцаагаад тэр нүхээр өгдөг байсан тухай намайг хардаг байсан хоёр авга ах маань ярьдагсан.
Дорнод аймгийн театрт ажиллаж байсан Д.Юндэн буюу миний өсгөсөн ижийд аав маань хэл хүргэж, ижий маань ч их хурдан хотод ирсэн юм билээ. Ингэж би хоёр сартайдаа ээжийнхээ гар дээр очиж, өдий зэрэгтэй хүн болсон доо.
-Аавын тань нэр дээр гурван сан байдаг гэсэн үү?
-Ямар ч байсан “Дандар баатар” сан гэж байдаг гэж дуулсан. Манай отгон охин Г.Гангамөрөний нэр дээр нэг төрийн бус байгууллага бий. Харин гурав дахь санг нь мэдэхгүй.
-Таны хувьд хэдэн хүүхэдтэй вэ?
-Би чинь аравдугаар ангид байхдаа л гэртээ авгайгаа аваад ирсэн хүн. Аав уурлаад л. Харин ээж минь “Дээшээ суу” гээд л хүний ээж чинь сайхан шүү дээ. Одоо хүртэл ханьтайгаа ханилж, найман хүүхэдтэй болсон. Гурван хүү, таван охинтой.
Ер нь миний ээж аавын амьдарч асан цаг үе болон тэр хүмүүсийн сэтгэлийн нандин учгийг тэр бүр хүн ойлгохооргүй л дээ. Хичнээн хүнд бэрхийг туулж байсан ч хүнээрээ үлдсэн тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, өдий хүртэл хэл ам хийж, худал түүх зохиож байгаа улсын өөдөөс сөргөлгүй явж ирлээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ