Оюуны өмчийн бүтээл алдагддаг гурван том суваг бий. Үүнд youtube суваг, фэйсбүүк хуудас, албан ёсны зөвшөөрөлгүй CD, DVD худалдаа ордог. Энэ гурван сувгийг Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо болон Оюуны өмчийн газар хамтран хаах арга хэмжээг авах болсон талаар өнөөдөр /2019.11.19/ мэдээлэл хийлээ.
Зохиогчийн эрхийн салбарын 30 орчим хувийг кино урлагийн салбар эзэлдэг. Тиймээс яах аргагүй кино урлагийн оюуны өмчийн хулгайн асуудлыг анхаарах цаг болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.
“ХУЛГАЙД АЛДСАН КИНОГ УСТГАХ АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙ БОЛСОН”
Хурлын эхэнд Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Батзориг мэдээлэл өгөхдөө “Миний хувьд уран бүтээлч хүн. Өөрөө дөрвөн ч уран сайхны киноны зохиолыг бичиж, найруулж үзэгчдэдээ хүргэсэн. Миний хувьд өнгөрөгч намар “Шөнө дундын яриа 2” уран сайхны киног хийсний дараагаар сошиал орчинд алдсан юм. Энэ оюуны өмчийн хулгайг Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбооны мэргэжилтнүүд хамтран ажилласны үр дүнд хулгайд алдсан киногоо youtube болон фэйсбүүк хуудсаас албан ёсоор устгах эрхтэй болсон. Энэ бол маш чухал алхам. Мөн хууль бусаар CD, DVD олшруулж, худалдан борлуулдаг хүмүүстэй ярилцаж, цаашид ийм үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг хэлсэн байгаа. Монгол кино оюуны өмчийн хулгайд алдагддаг гурван том сувгийг өнөөдөр бид хааж чадсан гэсэн үг. Тиймээс кино уран бүтээлчид маань “Оюуны өмчийг дээдлэн кино урлагаа хамгаалъя” аянд нэгдэж, бүтээлээ хамгаалахыг уриалж байна” гэв.
“БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД “ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД” КИНО ХУЛГАЙД АЛДАГДСАН”
Мөн энэ үеэр Монгол фильмийн захирал, кино найруулагч Д.Золбаяр “Дэлхийн кино урлагийг Холливуд болон бусад гэж ярьдаг. Холливудын зах зээлийн хувьд маш олон кино театруудаар зэрэг нээлтээ хийж, ашгаа олчихдог учраас арай өөр зарчим баримталдаг. Тийм учраас шууд интернетэд татаж үзэж болдог. Гэтэл Европын кино урлагт шинээр нээлтээ хийсэн кинонууд 10 жил дотор интернетээс үзнэ гэж байхгүй. Тэгж кино бүтээлээ хамгаалж чадаж байна. Манай улсын кино урлагийн хувьд цөөн хүн амтай учраас Европын зах зээлийг дагах ёстой.
Жишээлбэл, БНХАУ оюуныхаа өмчийг хамгаалж эхэлсэн байна. Миний хамгийн сүүлд хийсэн “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног зарим нь үзэж амжаагүй байх. Учир нь бид оюуны өмчийн хулгайгаас болгоомжилж, Монголын кино театруудаар тийм ч сайн гаргаагүй. Уран бүтээлчдийн зүгээс удаан хөөцөлдсөний эцэст БНХАУ-ын зах зээлд гаргах эрхийг авч, есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр Хятадын төлбөртэй 40 сувгаар нэг хүн үзэхдээ 10 юань төлж үздэг болсон. Гэтэл “Чингисийн хүүхдүүд” кино тавигдаад, долоо хоногийн дотор хулгайд алдагдаж, нийтийн сүлжээнд тавигдсан байна. Тэгээд бид холбогдох байгууллагаар шалгуултал Wechat дээр долоо хоногийн дотор 260 мянган хүн үзсэн байсан. Тэр хүмүүс 10 юань төлж үзсэн бол зохих хэмжээний мөнгө Монголын талд орох ёстой байсан. Хятадын худалдаж авсан компанидаа хандахад тэр дор нь хааж, арга хэмжээг авсан” тухай ярьсан юм.
“КИНО УРАН БҮТЭЭЛ ХИЙХЭД БАГАДАА 100 САЯАС БАГАГҮЙ МӨНГӨӨР БҮТДЭГ”
“Нэг кино уран бүтээл хийхэд багадаа 100 саяас багагүй мөнгөөр бүтдэг. Үүнээс гадна ивээн тэтгэгч байгууллагуудын хөрөнгө мөнгөөр бүтдэг юм. Мэдээж уран бүтээлчдийн хувьд хүнээс зээлж авсан мөнгөө буцааж төлөх ёстой. Мөн орлого олж, уран бүтээлчдэд цалин хөлсийг нь өгч, дараагийн уран бүтээлийнхээ зардлыг босгох ёстой болдог. Зарим хүмүүс Монголын кино чанаргүй гэж шүүмжилдэг. Та бүхнээс хүсэхэд үнэхээр Монголын киног дэлхийн зах зээлд хүргэхийг хүсч байгаа бол биднийг эдийн засгийн хувьд дэмжих хэрэгтэй байна. Мэдээж та бүхэн албан ёсоор мөнгө төгрөг төлсөн зөвшөөрөлтэй сайтуудаас гадна кино театруудаар үйлчлүүлдэг байгаасай гэж хүсч байна. Лангуун дээрээс нэг талх авчихвал хулгай болдог. Гэтэл маш олон хүн хамтран бүтээсэн киног зөвшөөрөлгүй сошиалд тавьж байгааг хулгай гэж тооцдоггүй явсаар ирсэн нь буруу” гэдгийг хэлж байв.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ